| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00193/И |
| Дугаар | 156/ШШ2019/00332 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2019/00332
| 2019 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 156/ШШ2019/00332
| Хэнтий аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00046/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, шүүгч Т.Бадрах, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
.................... оршин суух Д.Б (РД: ...............)-ийн нэхэмжлэлтэй,
.......................тоотод оршин суух, (............... гэх), Б.Н (РД: ...................)-д холбогдох,
гэм хорын хохирлын 924.118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг, иргэдийн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бэлчээрээс алга болсон 16 тооны адуугаа эрж УБН ..-.. улсын дугаартай LAND ROVER маркийн жийп машинаар 4 хоног хайгаад олоогүй.
Мын гэрээний түлшнээс 1 удаагийн явалтаар 74 литр түлш зарцуулан гурван удаа эрэл хийж нийт 222 литр түлш зарцуулсан. Тухайн үеийн ханшаар 1 литр нь 1969 төгрөг, нийт 437.118 төгрөг болсон.
2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын төлөөлөгчөөс манай алдсан гурван адууны сураг гарч, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-ны товчооны урд Бордоо гэдэг газраас гурван адуу авсан. Үүний зардал 98 литр түлш, 193.000 төгрөг, Төв аймгийн шүүх хуралд 2 удаа явсан зардал 120 литр түлш, 1 литр түлш, 2450 төгрөг, нийт 294.000 төгрөгийн түлш зарцуулсан.
Иймд Б.Нас 924.118 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1 тал)
Хариуцагч Б.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын ойролцоо бүрий болж байхад усанд адуунууд орж ирсэн. Би гурван адууг нь аваад явсан. Бусад адууг нь сарниулсан зүйл байхгүй. Тэр шөнөдөө яваад маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өглөө Улаанбаатар хотод орж ирээд 61-ийн гарам дээр баригдсан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үдээр нэг залуу цагдаатай ирээд 3 адуугаа аваад явсан. Төв аймагт М гэдэг залууд адуугаа хүлээлгэж өгсөн.
Нэхэмжлэл дээр 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл адуугаа хайсан гэж байна. Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр аваад, 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн. 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хайх боломжгүй юм.
Би ядарсан өнчин дүүтэй, ганцаараа амьдардаг. Нэхэмжлэгч нь хэзээ, хаана, ямар маршрутаар хаагуур эрэлд гарч явсан нь тодорхойгүй атлаа хохиролд 924.118 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогоор хоригдож байгаа учраас төлөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Нас гэм хорын хохирлын 924.118 төгрөгийг буюу хулгайд алдагдсан 16 тооны адуугаа эрж хайхад зарцуулагдсан шатахууны үнийг, шүүх хуралд 2 удаа очсон замын зардлыг тус тус гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Н нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Д.Бийн гурван тооны адууг бэлчээрт байхад нь авсан нь үнэн.
2018 оны 05 дугаар сарын 31-ний өглөө цагдаад баригдсан. Үдээс хойш Д.Бийн хүү М адуугаа хүлээж авсан. Тухайн үед нэхэмжлэгч нь адуугаа алдсанг мэдээгүй байсан. Хулгайд алдсан адуугаа хэзээ, ямар маршрутаар эрсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Бийн гурван тооны адууг хариуцагч Б.Н нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Ар-Асгат, 02 дугаар багийн нутаг, Долоон тэмээт гэдэг газраас 2018 оны 05 дугаар сарын 27-ны шөнө хулгайлсан бөгөөд гурван тооны адуугаа 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам гэдэг газар цагдаад баригдаж, нэхэмжлэгчийн хүү Б.Мт хүлээлгэж өгсөн болох нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 36 дугаартай шийтгэх тогтоол, (хх-ийн 5-8 тал) зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 19 тал)... зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хулгайд алдсан гурван тооны адуутай хамт 13 адуу байсан. Нийт 16 тооны адуугаа 3 хоног эрж, хайж нийт 222 литр түлш зарцуулсан. Тухайн үеийн ханш 1 литр нь 1969 төгрөг, нийт 437.118 төгрөг, хулгайд алдсан гурван тооны адуугаа Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарамаас очиж авсан. Зардал нь 98 литр түлш 193.000 төгрөг, шүүх хуралд 2 удаа явсан зардал 120 литр түлш, 1 литр нь 2450 төгрөг буюу 294.000 төгрөг, нийт 924.118 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хулгайд алдсан гурван тооны адуугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарамаас авсан шатахууны зардлын 98 литр түлшний 193.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуцлуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б нь 16 тооны адуутай байсан эсэх, хулгайд алдсан малаа эрж хайхад зарцуулсан түлшний Е-баримтаа шүүхэд ирүүлээгүй, УБН ..-.. улсын дугаартай LAND ROVER маркийн жийп машины итгэмжлэл байхгүй, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд биечлэн оролцоогүй, (хх-ийн 5 тал) өмнө нь шүүх хуралд оролцсон эсэх нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорын арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 193.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 734.118 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй гэж бичгээр хүсэлт гаргажээ. (хх-ийн 33 тал)
Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сард алга болсон гурван тооны адуугаа шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Орон нутгийнхаа хэсгийн төлөөлөгчид эсвэл Төв аймгийн цагдаагийн газарт хандах хэрэгтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 22.169 төгрөгийг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 6.440 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Нас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан 193.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 734.118 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагчаас 6.440 төгрөгийг, нэхэмжлэгчээс 22.169 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.БАДРАХ