| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарт холбогдох 2425000230029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, , А овгийн Н.Ж, регистрийн дугаар ИЗ61042916,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, , А овгийн Ж.Д, регистрийн дугаар ИЗ90122916,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нар нь бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Бургастын цагаан нүүр” гэх нэртэй газар нутгийн ойгоос 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хуурай 3.675 метр куб модыг бэлтгэж, Серес маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сум руу тээвэрлэж, ойн санд 403,368 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нар нь бүлэглэн Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Бургастын цагаан нүүр” гэх нэртэй газар нутгийн ойгоос 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хуурай 3.675 метр куб модыг бэлтгэж, “Серес” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сум руу тээвэрлэж, ойн санд 403,368 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
-2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 04-13-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Б. “...Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/16 дугаар захирамжаар сумын иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож эхэлсэн. Захирамж гарахаас өмнө суманд ямар нэгэн эрхийн бичиг олгогдоогүй. ...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
- Гэрч Б.Б. “...Сумын иргэдэд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа. Ирэх долоо хоногоос засаг даргын захирамж гараад эрхийн бичиг олгогдож эхэлнэ. ...Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. ...Н.Ж гуайн зүгээс 2025 оны 01 сарын 21, 22-ны үеэр байх Их-Уул суманд байгаль хамгаалагч нарын ажлын өрөөгөөр орж ирээд түлээний модны эрхийн бичиг олгож байгаа юу гэж асуухаар нь одоогоор олгохгүй байгаа гэдгийг би хэлээд гаргаж байсан. Сумын хэмжээнд одоогоор 2025 он гарсаар ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй байгаа учир тухайн иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/,
- Гэрч Б.Т. “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр томилгооны дагуу Их-Уул суманд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Их-Уул сумын төвийн доохон талд замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэхдээ 20:00 цагийн үед мод ачсан “Серес” маркийн .... улсын дугаартай автомашиныг зогсоож шалгасан. Тухайн үед автомашины жолоочоор Жын Д гэх хүн байсан. Би жолооч Ж.Доос тухайн моднуудыг хэзээ хаанаас бэлтгэсэн эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад Их-Уул сумын Хонгор багийн нутаг Бургастын тэндээс өөрийн аавтайгаа хамт өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бэлтгэсэн гэж хэлсэн. Тэр үед жолоочийн аав гээд хажууд нь хамт сууж явсан настай ах машинаас бууж ирээд эрхийн бичиг Их-Уул сумын төвд авчихсан байгаа гэж хэлэхээр нь би машиныг замын хяналтын постны гадна авчраад эрхийн бичиг байгаа бол авчраад шалгуулчих гэж жолооч Дын аав гэх Ж гэх хүнд хэлсэн. Тэгсэн жолооч Д, өөрийн аав Жын хамт сумын төв рүү яваад хэсэг хугацааны дараа ирээд Ж гэх хүн Их-Уул суманд 2025 он гарсаар эрхийн бичиг одоогоор олгогдоогүй байгаа юм байна эрхийн бичиг аваагүй байна гэж хэлсэн. Тухайн тээвэрлэж явсан моднууд нь 1,60 орчим метрийн урттай галын түлээнд ашиглах боломжтой моднууд байсан. Тэгээд миний зүгээс зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн асуудлыг шалгуулах гэж цагдаагийн хэлтсийн хоногийн мэдээнд оруулж шалгуулах болсон юм. Тухайн автомашин дотор тэр Д гэх залуу өөрийн эцгийн хамт хоёулхнаа явж байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-р хуудас/,
- Гэрч Б.Т “...Их-Уул сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/16 тоот захирамжаар иргэдэд түлээний модны эрхийн бичиг олгож эхэлсэн. Дээрх захирамж гарахаас өмнө Их-Уул сумын хэмжээнд иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. ...Тухайн иргэдийн зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Их-Уул суманд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож эхэлсэн. Харин 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө сумын хэмжээнд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй. ...Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,
- Гэрч Э.О “...Манай хадам аав Н.Ж 2025 оны 01 сарын 20-ны үеэр Тосонцэнгэл сумаас замын унаагаар Их-Уул суманд ирээд манайд ганц хоёр хоносон. Хадам аав Н.Ж, манай нөхөр Ж.Д нар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой ажил тарсны дараагаар намайг гэртээ байхад гаднаас орж ирээд Хонгорын бургастын цагаан нүүрээс өнөөдөр жаахан галын түлээний мод бэлтгээд сум руу орж ирж яваад цагдаатай таараад эрхийн бичиг гоожин байхгүй тэгээд модтой машинаа хураалгачихлаа гэж хэлсэн. Манай нөхөр Ж.Д 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны үед байх Хонгор багийн Бургастад Асгат гэх өвөлжөөндөө өвс аваачиж буулгана гээд яриад байсан. Харин сүүлд намайг ажилд явсан хойгуур манай нөхөр, хадам аав хоёр хөдөө Асгатын өвөлжөө рүү манай нөхрийн эзэмшлийн “Серес” маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ тээврийн хэрэгслээр явсан байна лээ. Намайг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой ажил тараад гэртээ ирчихсэн байхад гаднаас орж ирэхдээ эрхийн бичиг гоожингүй галын түлээний мод бэлтгээд замын цагдаатай таараад машинаа хураалгачихлаа гээд байсан. Манай нөхөр Ж.Д надад ярихдаа би аавтай хамт эрхийн бичиг гоожингүй галын түлээний мод бэлтгээд цагдаад баригдсан одоо шалгагдаж байгаа гэж л хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-р хуудас/,
- Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай “...Их-Уул сумын Хонгор багийн нутаг ...... гэх газар Улсын тусгай хамгаалттай газар нутагт хамаарахгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 134-р хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Ө.О 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-74-р хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Ө.О 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-82-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай магадалгаа /хх-ийн 86-90-р хуудас/ болон бусад шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Мөн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тугсай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нар нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ойн санд 403,368 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Ж, Ж.Д нар нь 403,368 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол, хор уршиг буюу 1,210,104 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ж, Ж.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн “Серес” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 3,675 метр куб мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн 50-59 ЗАА улсын дугаартай “Серес” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Г болох нь.... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/А дугаартай хууль бусаар бэлтгэсэн гэх 3,675 метр куб мод, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/Б дугаартай зөв гуя нь дээрээ “Н” үсгэн тамгатай 3 настай шар халтар адуу 1 ширхэг, зөв гуя нь дээрээ “Н” үсгэн тамгатай 3 настай хээр халтар адуу 1 ширхэг, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/Б дугаартай “Серес” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Н.Ж, А овогт Жын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн, ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарт 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.Ж, Ж.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн Серес маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 3,675 метр куб мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/А дугаартай хууль бусаар бэлтгэсэн гэх 3,675 метр куб мод, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/Б дугаартай зөв гуя нь дээрээ “Н” үсгэн тамгатай 3 настай шар халтар адуу 1 ширхэг, зөв гуя нь дээрээ “Н” үсгэн тамгатай 3 настай хээр халтар адуу 1 ширхэг, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/Б дугаартай “Серес” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн 4.60 сантиметр урттай ремин уяа 1 ширхэг /хуучин/, хөх өнгийн 4,30 сантиметр урттай ремин уяа 1 ширхэг /хуучин/ зэргийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ