Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

         

 

 

        

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн

Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ж.Шд холбогдох 2524000000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ө овогт Ж.Ш, регистрийн дугаар

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ш нь 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Эын эзэмшлийн шар халзан зүсмийн хязаалан /дөрвөн настай/ 1 тооны хонийг хулгайлж, улмаар хохирогч Ц.Эт 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.Шгийн холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ш нь 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Эын эзэмшлийн шар халзан зүсмийн хязаалан /дөрвөн настай/ 1 тооны хонийг хулгайлж, улмаар хохирогч Ц.Эт 300,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хохирогч Ц.Эын “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал манай им, тамгатай хонийг Г нядлах гэж байна гэдгийг сонсоод Цогоо буюу Пын хашаанд байгаа гэхээр нь очоод үзтэл үнэхээр манай им, тэмдэгтэй шар халзан хонь байж байсан юм. Тэгээд би “Хаанаас, хэнээс авсан юм” гэж Галсанжаваас тодруулж асуухад “Ж ахаас ганц хонь зарчих. Мал дээрээ очихоороо буцаагаад хонийг чинь өгье” гэж хэлсэн чинь “Манай хүү болох Ж.Шд хэлээд зүслүүлээд ав. Нэг нутгийн хүмүүс байна дараа нь болох байлгүй” гэж хэлсэн. Тэгээд Ж.Шгаар зүслүүлж өөрөөр нь хотон дотроос нь бариулж аваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд Ж.Шг дуудаж “Яагаад миний хонийг зарж байгаа билээ” гэж асуухад ээрч мууран олигтой хариулт хэлэхгүй байсан. Би тэгээд “Хаашдаа хүнд зарцан юмыг буцааж авна гээд яах вэ. амьтны амь тамлаж байхаар шууд гаргачих. Дараа нь надад орны хонийг нь өгөөрэй” гэж хэлсэн боловч өгөөгүй. Тийм учраас би манай малаас 10 гаруй хонь дутаад байгаа учир энэ Ж.Ш авсан байж магадгүй гэж хардаж шалгуулахаар танай байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,

            Гэрч Ж.Г “...Тухайн үед би Их-Уул суманд С галынхаа хэдтэй наадмын дараа хурдан морьдоо тавьж тухайн наадамд манай галын хурдан морьдууд сайн амжилт үзүүлсэн болохоор жижиг нийллэг маягийн зүйл хийсэн юм. Тэгээд би Ж.Шгийн аав болох Ж гэдэг хүнээс нэг тооны хонь гуйсан бөгөөд “Тэг, тэг худ ураг улсууд болно биз. Дараа нь орны хонь өгнө үү мөнгө өгнө үү. Чи өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгээд тэр хонийг нь авч яваад сумын төв орж ирээд найз болох Ц хашаанд гаргах гэж байхад Ц.Э ирээд миний им тэмдэгтэй хонь байна хэнээс авсан талаар асуусан бөгөөд би Ж ахад хэлээд түүний хүү болох Ж.Ш надад зүсэлж барьж өгсөн гэж хэлсэн. Тэгээд Ж.Шгийн хонь биш өөр хүний хонь болж таарсан болохоор нь нядлахаа больж Ц.Эаас гаргах талаар асууж тохиролцоод тухайн хонийг нь нядалсан. Тэгээд би хоёр хоногийн дараа нь орны хонийг нь Ц.Э ахад аваачиж өгсөн боловч “Би авахгүй Н буюу Ж.Шд аваачиж өг. Би Н цагдаа, сэргийлэхээр учраа олно” гэж хэлсэн. Би тэгээд орны хонийг нь Ж.Шд аваачиж өгсөн. Дараа нь Ц.Э буюу Баяа ах надад хандан “Чи тэр дунд юу болоогүй юм чинь ахын дүү ажлаа бод” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Гэрч П.П “...Тухайн үед Ж.Г бид хоёр Ж ахын эзэмшлийн хониноос өөрийнх нь зөвшөөрлөөр очиж хонь авсан юм. Тухайн үед Ж ах манай хүүхэд буюу хүргэн Ж.Шд хэлээд, зүслүүлээд ав гэсэн. Тэгээд Ж.Г бид хоёр тэдний зуслан дээр очиж Ж.Ш өөрийнхөө хониноос шар халзан хонь барьж өгсөн ба тухайн хонийг аваад сумын төв дээр байрлах өөрийн эзэмшлийн хашаанд очсон. Тэгээд маргааш өглөө нь хонио гаргах гэж байсан чинь Ц.Э ах хүрээд ирсэн ба “Наад хонь чинь манай хонь байна” гэж таньсан бөгөөд Ж.Шг тэр дор нь дуудаж ирүүлсэн ба “Чи өмнө нь миний адуу малыг хулгай хийж баригдаад одоо хонь хулгай хийгээд баригдлаа. Өмнө нь миний хониноос зөндөө хонь дутсан. Гэтэл чи ингээд явж байдаг” гэх мэтийн зүйл ярьж маргалдаж Ж.Ш нь “Энэ одоо манай хонинд ахын хэдэн хонь байсан юм. Тэр нь юм байх гэж бодоод барьж өгсөн юм” гэж хэлж байсан. Ж.Ш өөрийнх нь эзэмшлийн хонь биш гэдгийг бараг мэдэж байх шиг байсан. Тэр үед хонио дутуу нугасалсан байсан ба Ц.Э ах “Амьтны амь зовоож байхаар одоо нядалчих дараа нь надад орны хонийг нь авчирч өгөөрэй. Би цагдаа сэргийлэхээр учраа олно” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

Гэрч Б.Б “..Г, Пнар ирж хонь авах үед би хамт байсан. Тэр өдөр манай хадам аав Ж утсаар яриад “Г очиж нэг хонь авна, өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Яг ямар хонь өгч явуулах талаар болон үнэ өртөг яах талаар хэлээгүй байхаа. Хонь малаа манай нөхөр мэдээд шийдчихдэг. Манайд хадам аавын болон хадам ахын мал байдаг. Манай хадам ахынх өөр имтэй, хадам аавынх болон манайх адилхан имтэй, үүнээс гадна хүүхдийн үсний найраар ирсэн, бэлгэнд ирсэн гээд янз бүрийн им тамгатай хонь мал байдаг. Г, П нар ирж хонь авах үед манай нөхөр өөрийнхөө хониноос барьж өглөө гэсэн чинь хүний хонь барьж өгөөд явуулсан байна лээ. Энэ явдлаас хэд хоногийн өмнө манай хонь Ц.Э ахын хоньтой нийлээд хүүхэд нь ирж ялгаж аваад явсан.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-39-р хуудас/,

Гэрч Ч.Жгийн “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байсан байхаа яг хэзээ байсан талаар сайн мэдэхгүй байна Г над руу утсаар яриад “та надад нэг хонь өгөөч, би танд дараа буцаагаад өгий, эсвэл мөнгийг нь өгий” гэж ярьсан. Тэгэхээр нь би “тэгээ тэг, манай хүү Ш гэрээс очоод авчих” гэж хэлсэн. Тэгээд оройхон намайг үхэр хураах гээд явж байхад Г, П 2 хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “манай хүү Ш гэрээс очоод нэг хонь авчих, би хүүдээ хэлчье” гэж хэлээд тэр 2 манай хүү Ш луу явсан. Би хүү рүүгээ залгаад “Г очих байх нэг хонь бариад өгчихөөрөө” гэж хэлсэн. Тэгээд Г, П нар манай хүүгийн гэрээс очиж нэг хонь авсан байна лээ. Хэний ямар хонь өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хонь өгөх авах үед нь би хажууд нь байгаагүй. Маргааш нь П над руу залгаад “танай хүүгийн гэрээс нэг хонь аваад ирсэн чинь Энхбаатарын хонь гээд байна” гэж ярьсан. Ш руу залгаад “яагаад хүний хонь барьж өгч байгаа юм, манай хониноос бариад өгөхгүй яасан юм” гэсэн чинь Ш “манайд ийм имтэй хонь байгаа би наймаа хийгээд авсан хонь” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, оролцох эсэх талаараа бичгээр хүсэлт ирүүлээгүй байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.

Шүүгдэгч Ж.Ш нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ц.Эын нэг тооны бог малыг хулгайлж түүнд 300,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Ж.Ш нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

-           Хохирлын талаар:

            Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эт 300,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаартай “Буфа үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн дүгнэлт /хавтас хэргийн 49-51-р хуудас/-ээр тогтоогдож байна.

 

            Хохирогч Ц.Эт учруулсан 300,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.Ш төлсөн болох нь хохирогч Ц.Э, шүүгдэгч Ж.Ш нарын тайлбар, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Ц.Эт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаарх тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Ш нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч Ж.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Ж.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч  шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.        

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ш энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Жгийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Шд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарлсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.Шд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын  хугацаанд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ