Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Ч.Бямбажаргал

Иргэдийн төлөөлөгч Л.Оюунчулуун

Хохирогч Б.Д-

Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, А.Ууганбаяр

Насанд хүрээгүй гэрч Г.Л-,

Түүний хууль ёсны төлөөлөгч Б.О-

Шүүгдэгч Ч.Г- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-т холбогдох Эрүүгийн  201722000042  тоот хэргийг 2017 оны 4 дүгээрр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ч.Г-,

Шүүгдэгч Ч.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г гэрээсээ гарч архи уулаа гэж бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж Д.Д-гийн хэвлийн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвсэж биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал бүхий гэмтэл учруулж гэмтлийн улмаас бусдын амь насыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г гэрээсээ гарч архи уулаа гэж бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж Д.Д-гийн хэвлийн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвсэж түүний улмаас бусдын амь насыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр манай хамаатан У-, Д.А- нар над руу утсаар яриад Д.Д- биеийн байдал нь муу байна, орж ир гэсэн. Яагаад, юу болов гэхээр хүн зодсон гэж хэлсэн. Манай хүргэн Ч.Г- манай охиныг юунаас болоод яагаад зодсоныг мэдэхгүй байна. Миний гомдол тасрахгүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р тал/,

Гэрч Ж.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 01 дүгээр 20-ны өдөр 12 цагийн үед гэртээ Улаанбаатар хотод байж байтал манай эгчийн хүүхэд У- над руу утсаар залгаад Д.Д- эгч нөхөртөө зодуулчихлаа. Эмнэлэг дээр хагалгаанд орж байна, элэг нь бяцарсан, гол судас нь тасарсан, хэвлийгээр нь дүүрэн цус хурсан байна гэнэ. Эмч нар найдваргүй гэсэн...” /хх-ийн 33-34-р тал/,

Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 45 минутанд дуудлага ирээд 17 цаг 52 минутанд хөдлөөд 18 цаг 12 минутанд Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаанд очоод гэрт нь ороход нэг эмэгтэй гэрийн галын урд суучихсан байсан. Хажууд нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй том хүн байсан. Тэр өвчтөний даралтыг үзэж байтал ухаан алдчихсан, даралт нь 70/40-тэй уначихсан байсан. Намайг гэрт очих үед ухаантай, аягүй зовиуртай, авраач гээд орилоод байсан. Хажуу талд нь байсан хүмүүс нөхөр нь ирээд зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Түргэн дуудаач гэсэн чинь юундаа маяглаад, баашлаад байгаа юм бэ гэж хэлсэн гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Г- надад хэлэхдээ Д.Д- архи ууж ирсэн, тэгээд чи яагаад архи уусан юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Д-ын Д.Д-г 2010 оноос хойш танина. Г-гаасаа айгаад байдаг хүн дээ, манай гэрт тухтай ч цай уудаггүй юм. Утас нь дуугарлаа бол шууд яараад л яваад өгдөг хүн. Гэрээс гардаггүй, байнга л гэртээ байж байдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Л-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд ээж Д.Д- орны урд уначихсан байхад манай аав Ч.Г- ээжийн элэг юм уу, бөөр хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Манай аав, ээжийг гадуур явлаа гээд хардаад өшиглөсөн. Ээж ёо ёо гээд газарт хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгснээ Г- ах чи хэнтэйгээ, хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд байсан. Тэгэхэд нь Д.Д- эгч дуугарахгүй байсан чинь Д.Д- эгчийн шанаа руу нь Г- ах гараараа цохисон. Тэгснээ Д.Д- эгчийг Г- ах орноос татаж унагааснаа гэдэс рүү нь 2 удаа дэвсчихсэн. Тэгээд би болиоч гээд орилсон чинь болихгүй байсан. Тэгээд Д.Д- эгч дэвсүүлээд хажуу тийшээ тонгойсон байхад нь ар нуруу руу нь өшиглөсөн. Нүүр лүү нь бас өшиглөсөн. Тэр үед Д.Д- эгч эмнэлэг дуудаач гэж Г- ахад хэлсэн чинь битгий худлаа баашлаад бай гээд дуудахгүй байсан. Д.Д- эгчийг Г- ах орноос татаж унагаад гэдэс хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэр үед Д.Д- эгч юу ч хэлж чадахгүй, дуугарч чадахгүй байсан. Д.Д- эгч хүрэн өнгийн зүйлээр бөөлжөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А- эгч надад хэлэхдээ...тэгтэл Ч.Г- ах орж ирээд ямар оройтож ирдэг юм хэлэхэд нь ээж дуугараагүй гэсэн. Тэгээд сууж байхад нь ээжийн шанаа руу Ч.Г- ах цохисон гэсэн. Тэгээд орон дээр сууж байхад нь манай ээж Д.Д-г газарт унагаагаад элгэн дээр нь 2 удаа дэвссэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р тал/,

Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн. “...Тэгэхээр нь би чи хэнтэй архи уусан юм бэ гэсэн чинь хэнтэй ч уугаагүй гэсэн. Тэгээд би амыг нь үнэртээд үзсэн чинь архи үнэртэж байсан. Тэгээд над руу уурлаад байхаар нь баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн цаашаа болоод орон дээр суучихсан. Тэгээд янз бүрээр хэлээд байхаар нь хүйс хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөчихсөн чинь манай эхнэр Д.Д- эвхрээд уначихсан. Тэгээд би тухайн үед согтуурхаад байгаа юмуу гэсэн чинь манай эхнэр Д.Д- ханиа би үхэх гээд байна ш дээ гэсэн. Манай эхнэр гаднаас ирэхдээ зүгээр ирсэн. Намайг гэрт Д.Д-г өшиглөж байхад манай гэрт Д.А-, Г.Л- 2 байсан. Д.А- үүдний хавьд зогсоод Г- ахаа болиоч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-88-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай:

- Д.Д-гийн биед гэмтэл тогтоогдлл.

- Д.Д-гийн биед элэгний 3,4-р сегментийн няцрал, венийн задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

- Д.Д-гийн цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай:

- Д.Д-гийн биед гэмтэл тогтоогдлоо.

- Д.Д-гийн элэгний үүдэн хэсгийн урагдал, элэгний үүдэн венийн урагдал, элэгний 4,5,6 дугаар сегментийн няцрал, хэвлийд шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Д.Д-гийн цогцост задлан шинжилгээгээр уушигны наалдац болон тархмал үүсгэвэрт эмгэгтэй нь тогтоодлоо.

- Д.Д- нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, элэгний үүдэн хэсэг, элэгний үүдэн венийн урагдал гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан байна.

- Д.Д- нь уг шалтгаанаар нас барсан гэх нь хэвлий дэх шарх, зулгаралт, элэгний үүдэн хэсэгт оёдол тавигдсан байдал, элэгний үүдэн венийн урагдал, элэгний няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дотор эрхтнүүдийн цус багадалт зэрэг шинжүүдээр батлагдна.

- Эмч, эмнэлгийн ажилчид зохих журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

- Эмч, эмнэлгийн ажилчид нь өвчтөнийг хүлээн авч, оношлож, яаралтай хагалгаанд орсон байна гэх дүгнэлт /хх-ийн 68-69-р тал/,

 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11, 27-р тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19-р тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэгийн схем зураг /хх-ийн 20-р тал/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 24-26-р тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-66-р тал/,

Шүүгдэгч Ч.Г-ийн сэтгэцийн байдлыг тогтоосон Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай:

- Ч.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн өвчингүй, эрүүл байсан, өөрийнхөө үйлдлийг ойлгож, мэдэж байсан.

- Ч.Г- нь гэмт хэргийн үед өвчний улмаас өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй, удирдаж чадахгүй болохгүй.

- Ч.Г- нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй эрүүл байна. Хэрэг хариуцах чадвартай.

- Ч.Г- нь сэтгэцийн хувьд эрүүл тул албадан эмчлэх шаардлагагүй болно.

- Ч.Г- нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон хэргийн талаар зөв ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

- Ч.Г- нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 129-р тал/

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23-р тал/

Хохирогч Б.Д-ын нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Би охиноо алдсанд туйлын их гомдолтой хөхний сүү нь гоожоод байхад эмнэлэгт үзүүлэхгүй оройтуулж амь насыг хохироосонд гомдолтой байна. Тэр ажил явдал болон бусад зардал дээр нэмж ярих зүйлгүй хохиролгүй болгосон. Энэ хүн шүүхийн шатанд худал мэдүүлэг өгч өөрийгөө өмгөөлж хөнгөн ял шийтгүүлэх гэж байгаад гомдолтой байна.” Насанд хүрээгүй гэрч Г.Л-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “аав ээжийг загнасан ээж сандал бариад цохих гэхэд аав сандалыг өшиглөхдөө ээжийг оносон. Би сайн хараагүй гэрийн хойд орон дээр байсан. Тэгээд ээж хэвтээд байсан. Ээж аавыг загнаад цохиод дараа нь сандалаар цохих гээд байсан. Өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г-ийг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан ба түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 112-р тал/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн 201722000042 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржхандын гаргасан танхайн сэдэлтээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан гэж үзэх үндэслэл нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.Л-, Д.А- нарын мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн холимог хэлбэр болон болгоомжгүйгээр бусдыг алсан гэж үзсэн нь хэрэгт авагдсан гэрч Ж.Т-, М.Б-, Н.Э-, Г.Б-, насанд хүрээгүй гэрч Д.А- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар  нотлогдохгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.096.000 төгрөгөөр тогтоогдсон ба шүүгдэгч нь оршуулгын зардлыг бүрэн төлсөн гэх үндэслэлтэй байна. Харин хохирогч нь өмгөөллийн хөлс 1.250.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.  

Шүүгдэгчийн хувийн байдал, Мөрөн сумын Жилчиг багийн засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 163 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож эд мөрийн баримтаар ирсэн цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн урт цамц, Адидас брэндийн хар өнгийн бэлтгэлийн цамц, Адидас брэндийн нөгөөн шаргал өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цэцгэн судалтай бор ноосон өмд, ягаан өнгийн хөхөвч, бор өнгийн оймс, ягаан өнгийн дотуур өмд, цагаан өнгийн даавуу хураагдан ирсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч.Г-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г-т оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 163 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-р зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн урт цамц, Адидас брэндийн хар өнгийн бэлтгэлийн цамц, Адидас брэндийн нөгөөн шаргал өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цэцгэн судалтай бор ноосон өмд, ягаан өнгийн хөхөвч, бор өнгийн оймс, ягаан өнгийн дотуур өмд, цагаан өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д- нь өмгөөллийн хөлс 1.250.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР

ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР

Н.АРИУНЖАРГАЛ