Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2022/0051

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Т.Цэнд-Аюуш)-ын ирүүлсэн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Г.Ууганбаярт торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай дүгнэлт (гомдол)-ээр, Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр Г.Ууганбаяр нь Өргөн сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ жин тонн хэтрүүлсэн гэх зөрчлийн Авто-29 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Г.Ууганбаярт Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр Г.Ууганбаяр нь Өргөн сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ 63,15 тонн илүү тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046608 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Г.Ууганбаярт Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно гэж заасан байхад нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь буруу байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6-д 1,500,000 төгрөг гэж бичсэнийг 150,000 гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Г.Ууганбаярт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр миний бие нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Ууганбаярт 0046608 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсанд 150,000 төгрөг бичихийг 1,500,000 гэж буруу бичсэн байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан, прокурорын дүгнэлттэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байх ба түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ... гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн буюу зөрчлийн холбогдогч Г.Ууганбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0046608 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Ууганбаярт 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Т.Цэнд-Аюуш)-ын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0046608 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ууганбаярт нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 115/2022/0050/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА