Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 01

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 145/ШШ2018/00712 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Н-д холбогдох

“8391557 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хариуцагч А.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А овогтой Н нь “ДХ” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Д хотхон”-ны 25 айлын орон сууцны 48.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууцны төлбөр барагдуулах гэрээ” харилцан тохиролцож байгуулсан. Орон сууцны үнэ болох 56062500 төгрөгнөөс 42650000 төгрөгийг төлсөн байдаг. Тус гэрээнд үлдэгдэл 13412500 төгрөг дээр зээлсэн 2800000 төгрөг нийтдээ 16212500 төгрөгийг төлөх тухай тохиролцсон. Эхний удаа 6212500 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Тоёота “X” маркын суудлын авто машиныг зарж борлуулаад төлөхөөр тохирч, үлдэгдэл 10000000 төгрөгийг ээж О 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарч төрийн сангаас олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөнөөс төлөхөөр тохиролцсон. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А овогтой Н нь “ДХ” ХХК-д хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтээр 1. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 16250000 төгрөгийг төлөх графикийг шинээр дахин байгуулах, 2. “ДХ” ХХК-тай холбоотой төлбөр тооцоог 06 дугаар сарын 10-ны өдөр өглөг, авлагын тооцоог нийлж дуусгана хэмээн хүсэлт гаргасан байдаг. А.Н нь “ДХ” ХХК-д ажиллаж байхдаа 1593147 төгрөгийг компанийн борлуулалтын орлогоос дутаасан, мөн “T” буудлын орлогоос дутсан болон 585910 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан зэрэг нийтдээ 2179057 төгрөгийн тооцоог 2016 оны 06 дугаар сарын 10-ны дотор тооцоог барагдуулахаар 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А.Н өөрөө хүсэлт бичиж өгсөн байдаг. Дээрх тооцооноос 2016 оны 10 дугаар сард 10000000 төгрөг бэлнээр төлж 8391557 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Иймд А.Н нь үлдэгдэл 8391557 төгрөгийн тооцоог одоог хүртэл төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 11 дүгээр сард байрандаа орсон. Байрандаа бид нар одоо амьдардаггүй. Яагаад гэхээр тухайн байр нь хүйтэн, мөөгөнцөртсөн, цонхноосоо дулаан алддаг, унтлагын өрөөний булангаараа чийг цохидог, нялх хүүхэдтэй болохоор ханиад томуу тасардаггүй байсан тэгээд байрандаа байж чадахгүй гарсан. “ДХ” компанийн захирал Ж-тай удаа дараа байрандаа засвар хийлгэх талаар ярилцахад байраа суллаадах одоохон засвар хийгээд өгье гэсэн. Байраа сулласан одоогоороо засвар хийж өгөөгүй л байна. Гомдолтой байна. Өөрийнхөө авсан байрандаа амьдарч чадахгүй ийм л байдалтай байна. “ДХ” компанийн талаас бүх засвар үйлчилгээг дуусгангуут байрны үлдэгдэл мөнгийг өгнө. Харин бараа дутаасан гээд байгаа 2179057 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “ДХ” компанид ажиллаж байсан нь үнэн. Ажлаасаа гарахдаа тооцоо нийлээд гарсан. Тухайн үед ажлаас гарахад төлбөрийн талаар яригдаагүй байж одоо бараа дутаасан гээд мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Н-с 6212500 төгрөгийг гаргуулж “ДХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2179057 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Н-ээс 114350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 149215 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2015 оны 11 дүгээр сард “ДХ” ХХК-ний барьсан 25 айлын орон сууцанд 48.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж аваад байрандаа ороход энэхүү байр нь засвар үйлчилгээ маш муу доголдол ихтэй байр байсан. Энэ доголдолыг арилгуулахаар удаа дараа “ДХ” ХХК-д хэлэхэд одоог хүртэл засаж доголдолыг арилгаж өгөөгүй. Байрны үлдэгдэл төлбөр болох 6212500 төгрөгийг байрны доголдолыг бүрэн арилгуулж дууссаны дараа шийдэхээр тохиролцсон боловч уг мөнгийг надаас гаргуулахаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх миний худалдаж авсан байрыг баримт, зураг нотлох зүйлийг авч үзэлгүйгээр 6212500 төгрөгийг “ДХ” ХХК-д олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна

Д.Ж  нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.С-д шүүхэд өөрийгөө бүрэн төлөөлүүлэхээр итгэмжлэл олгож, шүүх Б.С-н нэхэмжлэлтэй А.Н-д холбогдох 8391557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “А овогтой Н нь “ДХ” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Дэлгэрэх хотхон”-ны 25 айлын орон сууцны 48.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууцны төлбөр барагдуулах гэрээ” харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээнд үлдэгдэл 13412500 төгрөг дээр зээлсэн 2800000 төгрөг нийтдээ 16212500 төгрөгийг төлөх тухай тохиролцсон... 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А овогтой Н нь “ДХ” ХХК-д хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтээр 1. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 16250000 төгрөгийг төлөх графикийг шинээр дахин байгуулах, 2. “Дэлгэрэх хүнс” ХХК-тай холбоотой төлбөр тооцоог 06 дугаар сарын 10-ны өдөр өглөг, авлагын тооцоог нийлж дуусгана хэмээн хүсэлт гаргасан байдаг... Дээрх тооцооноос 2016 оны 10 дугаар сард 10000000 төгрөг бэлнээр төлж 8391557 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Иймд А.Н нь үлдэгдэл 8391557 төгрөгийн тооцоог одоог хүртэл төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. Энэ шаардлагын агуулга нь  “ДХ” ХХК-д төлөх ёстой өр төлбөрийн талаар дурьдсан бөгөөд Б.С нь иргэн Д.Ж-г төлөөлж нэхэмжлэл гаргасан байхад шүүх иргэн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг тодруулалгүйгээр Б.С-н нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атал хариуцагчаас  6212500 төгрөг гаргуулан “ДХ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Мөн хариуцагч А.Н нь давж заалдах шатны шүүх хуралдааанд тухайн маргаантай байгаа орон сууц нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй гэж тайлбарладаг ба нэхэмжлэлд орон сууцны үлдэгдэл төлбөр болон “ДХ” ХХК-д ажиллаж байхдаа дутагдуулсан мөнгийг нэхэмжилсэн байхад орон сууцны үлдэгдэл төлбөрийг хариуцах этгээд нь А.Н мөн эсэх тухайлбал маргаантай эд хөрөнгийн өмчлөгч нь гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад А.Н-с 6212500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэл гаргасан этгээд иргэн эсвэл хуулийн этгээд гэдгийг зөв тодорхойлж иргэний хэрэг үүсгэх /уг шаардлагыг гаргах этгээд мөн эсэх/, хариуцагчаар татагдсан этгээд хариуцлага хүлээх эсэхийг зөв тогтоох нь  маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хэргийн оролцогч тодорхой бус байгаа тохиолдолд маргаантай харилцааг шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх нөхцөл бүрдэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч гэгдэж буй этгээд нь иргэн эсвэл хуулийн этгээдийн аль нь болох, тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулж гаргасан, хариуцагч мөн эсэх нь тодорхой бус байх нь шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болно. Нэхэмжлэгч нь хариуцагчаар хэнийг ч нэрлэх эрхтэй бөгөөд гагцхүү шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн жинхэнэ хариуцагчийг тогтоодог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн этгээдээс /”ДХ” ХХК/  иргэнд хандсан агуулгатай байхад иргэд хоорондын маргаан гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн, Б.С нь хуулийн этгээдийг эсвэл иргэнийг /Д.Ж-г/ төлөөлж байгаа эсэхийг тодруулаагүй, А.Н нь орон сууцны өмчлөгч болох нь баримтаар тогдоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэжээ. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх боловч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгчээс “хэнд холбогдуулан юу хүсэж байгааг нь” тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй. Харин ч хэнээс хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй болно. Хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэх хэдий ч түүний нэхэмжлэлд хамааралтай этгээд мөн эсэхийг шүүх тодруулж хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тогтоох нь нэг талаас хууль зөрчихгүйгээс гадна хэрэг маргааныг нэг ажиллагаагаар шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөх замаар зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гомдолд дурьдснаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 114350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 145/ШШ2018/00712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Хариуцагч А.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.