Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 0011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.Л

Нарийн бичгийн дарга                 Б.Батгэрэл нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Гт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт С-н Г.

 

С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14-19 цагийн орчимд   аймгийн  сумын  багийн  тоотод байрлах иргэн Р.Э-н монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, “Сони” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн С-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдолдоо:

“ ... Би хадмуудтайгаа харилцаа муудаж эхнэр хүүхдээсээ тусдаа төрсөн эгч Б, хүргэн ах Эн гэрт амьдарч байсан юм. Надад түлхүүр байдаггүй, өөрсдийнх нь зааж өгснөөр татаж онгойлгон түлхэж цоожилдог түгжээг нь гараар онгойлгож ордог байсан.

Хадмуудтайгаа учир зүйгээ олж, ажил төрөл хийж амьдралаа авч явъя гэх үед энэ явдал болсон.     аймгийн  суманд барилгын ажил байсантай холбогдтол маргааш  шууд явна гэсэн. Би явах бэлтгэл хангаж, зардлын мөнгөгүй байсан. Ах эгч хоёр хөдөө ажилд явж утас нь холбогдохгүй, тэгээд зурагтыг нь барьцаалж мөнгө олж зардал хийгээд, цалин буухаар аваад өгчихнө гэж бодсон юм. 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед уг зурагтыг гэрээсээ авч гаран 3 дугаар микрт ломбардад тавьсан. Эхнэр сунгуулах мөнгөгүй байгаад зарчихсан байсан. Ингээд “Т” ХХК-ийн үнэлснээр 250.000 төгрөгийг дээр ажлынхаа цалингийн урьдчилгаагаар төлсөн.

Анхан шатны шүүхээс намайг бусдын гэрийн тооноор орсон гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял оноосон. Би хагас жил гаруй амьдарч байгаа гэрээсээ уг зурагтыг түр хэрэглэх зорилгоор авч гарсан. Тооноор орсон гарсан явдал огт байхгүй минь чин үнэн. Тэгээд ах эгч, эхнэртээ холбогдож хэлж чадаагүй зурагт нь зарагдсан. Ийм байдалд хүрсэндээ маш их гэмшиж байна. Би хэзээ ч хулгай хийхгүй байж чадна. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хоригдож байгаа. Эхнэр ажилд орсон, 2 ба 4 настай хоёр хүүхэд харах хүнгүй ар гэр гачигдалтай байгаа. Гэр бүлийн маргаан эв зүйгээ олсон. Миний үйлдэлд хулгай хийж, мөнгийг нь буруу зүйлд зарцуулъя гэсэн бодол огт байхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийгөө огт буруугүй гэж бодоогүй, энэ явдалд маш их гэмшиж байгаагаа дахин илэрхийлье” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14-19 цагийн хооронд  аймгийн сумын  багийн  тоотод байрлах иргэн Р.Э-н монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч “Сони” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Г нь “... Миний үйлдэлд хулгай хийж, мөнгийг нь буруу зүйлд зарцуулъя гэсэн бодол огт байхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу тухайн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Мөн тэрээр өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Гийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх С.Гт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ