Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00330

 

 

 

 

 

      2019 оны 06 сарын 21 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00330

               Хэнтий аймаг

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00285/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Бадрах даргалж, шүүгч Л.Цэрэндулам, шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............оршин суух, П. М /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................. оршин суух, Д. О /РД:................/,

 Хариуцагч: ...................... оршин суух, Ж. Н  /................./ нарт холбогдох

гэм хорын хохирол 470 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч П.М, өмгөөлөгч Д.Ганхуяг,

хариуцагч Д.О, Ж.Н, 

иргэдийн төлөөлөгч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н, Д.О нарын 2 нохой нь манай хониноос 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 ямаа, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 хонь, 12 дугаар сарын 26-ны өдөр мөн 3 хонийг тус тус барьсан. Иймд 4 хонь, 1 ямааны үнэ болох /ямааг 80 000 төгрөг, 4 хонь 390 000 төгрөгөөр үнэлүүлсэн/ нийт 470 000 төгрөгийг Ж.Н, Д.О нараас нэхэмжилж байна.  Би н.М гэдэг айлын мал хардаг, 4 хонь нь тэр хүнийх, 1 ямаа нь бол минийх. Н.Мын хүү нь гэрч М.А юм. Хариуцагч нар нь манайхтай хамгийн ойрхон айл гэв.

 

            Хариуцагч Д.О болон Д.Н нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэгдмэл байдлаар гаргасан тайлбартаа: Манайд нохойгүй. Бригадын төвд ойр байдаг болохоор тэр хавийн золбин ноходыг нутгийнхан манай нохой мэтээр ярьж, Ж.Нгийн нохой гээд нэр өгчихсөн байдаг. Түүнээс бид тэжээгээд айлын мал бариулсан зүйл байхгүй. Тэр нохойнууд манай хавиар өөрсдөө хоолоо олдог, бид хоол өгдөггүй. 2019 оны 01 сараас эхлээд малын эмч О нь Идэрмэгийн 5 дугаар багийн бүх айлын нохойнуудыг пайзжуулахад манайд нохой байхгүй гэж гарсан. Манай хувьд албан ёсны тэжээвэр нохой байхгүй учраас бригадын төв дээр байгаа нохойны хэргийг хүлээхгүй гэв.

 

           Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Д.О, Ж.Н нарт холбогдуулан гэм хорын хохирол 470 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нар нь нохой тэжээдэггүй, П.Мийн малыг нохой барьсан асуудал байхгүй гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нар 2 тэжээвэр нохойтой, эдгээр нохой нь хариулж байсан 4 хонь, 1 ямааг нь 2018 оны 12 дугаар сарын 22-23, 26-ны өдрүүдэд барьж үрэгдүүлсэн гэж тус тус маргасан.

 

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна:

- Гэрч Э.Дийн ... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Үсрүүгийн баруун урд машинтай явж байхад замын урд талд хар хүзүүтэй шархтай, цустай хонь хэвтэж байсан. Үүнээс өмнөх өдөр нь П.М, н.М нартай шүүнд Найнг гэх газар руу хамт явсан тэгэхэд хонио нохойд бариулсан гэж ярьж байсан. Нгийн нохой хонь барьсан гэж П.М, М хоёр ярьж байсан. Тэдний ойролцоо нэг худаг байдаг.  Нгийнх 1 халтар нохойтой, Боочкоо гэж дууддаг. Цэнгээ ах Н ахын нохойд хонио бариулсан гэж бас ярьж байсан ... гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Сын ... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цагийн үед машинтай явж байхад Идэрмэг багийн Үсрүү гэх газарт замын хажууд 1 хар хүзүүтэй хонь хэвтэж байсан ба хамгийн ойрхон айл нь П.Мийнх байсан болохоор  П.Мийн хонь хэвтэж байна гэж бодсон. Мийнд очоход Нгийн нохой хонь барьсан гэж байсан. Нгийнх 1 халтар нохойтой ... гэх мэдүүлэг,

- Гэрч М.Аын ... П.М гэдэг айлд малаа маллуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр очиход манай имтэй 2 хонь, 1 хурга, өөрийнх нь 1 ямаа үхчихсэн байсан, яагаад үхсэнийг асуухад нохойд бариулсан гэж хэлсэн. Н ахын нохой барьсан гэж надад хэлсэн. Нгийн нохой өмнө нь хонь барьж байхыг нь хараагүй, хүмүүс хонь, ямаа барьдаг гэж ярьдаг ... гэх мэдүүлэг,

- Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн ажлын албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2/320 тоот ... Батноров сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор жишиг үнийг шинэчлэн тогтоосон бөгөөд эм хонь 100 000 төгрөг, эр хонь 150 000 төгрөг, хурга 40 000 төгрөг, эм ямаа 80 000 төгрөгийн үнэлгээтэй ... гэх албан бичиг,

- Үхсэн 2 хонь, 1 ямааны байдлыг харуулсан 3 ширхэг гэрэл зураг,

- Батноров сумын Идэрмэг багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 61 тоот ... Ж.Н нь албан ёсны гэрчилгээ пайзтай нохой байхгүй ... гэх албан бичиг зэрэг болно.

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сараас тус суманд гэрийн нохой пайзжуулсан гэх тайлбар өгөөд Батноров сумын Идэрмэг багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 61 тоот ... Ж.Н нь албан ёсны гэрчилгээ пайзтай нохой байхгүй ... гэх албан бичгийг өөрсдийн нохой тэжээдэггүй гэсэн байр суурийг дэмжиж нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс гадна гэрч Э.Д, Г.С нар нь хариуцагч нарыг нохой тэжээдэг болохыг шууд нэрлэж заасан мэдүүлэг өгсөн байна.

Өөрөөр хэлбэл гэрчүүд нь хариуцагч нарыг нохойтой гэдгийг 2018 оны 12 дугаар сард маргаж буй үйл явдал болох үед мэдэж байсан талаараа мэдүүлсэн байх ба тухайн цаг хугацаанаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн орон нутагт нохойг пайзжуулсан болохыг хариуцагчид өөрсдөө тайлбарласан.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбартай зөрүүгүй байдлаар өгсөн гэрч Э.Д, Г.С нарын мэдүүлэг, тухайн орон нутагт нохой пайзжуулсан цаг хугацаа зэргээр хариуцагч нар нь пайзжуулахаас өмнө нохой тэжээдэг байсан, тухайн тэжээж үйлдэл нь бусад этгээдийн хувьд хариуцагч нарыг нохойн хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болжээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг хэлнэ гэж заасан бөгөөд хариуцагч нар өөрсдийн эзэмшилд хамаарах орон зайд нохой тэжээж байсан нь нотлогдсон тул маргааны зүйл болж буй 2 нохой нь хариуцагч нарын тэжээвэр амьтан болж байна.

 

Хариуцагч нарын 2 тэжээвэр нохой 2018 оны 12 дугаар сарын 22-23, 26-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн 4 хонь, 1 ямааг барьж үрэгдүүлсэн гэж маргааны гол үйл баримт, хэрэг шийдвэрлэх хүрээг нэхэмжлэгч тодорхойлсон. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй маргааны гол үйл баримтыг гэрч Э.Дийн ... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Үсрүүгийн баруун урд машинтай явж байхад замын урд талд хар хүзүүтэй шархтай, цустай хонь хэвтэж байсан. Үүнээс өмнөх өдөр нь П.М, н.М нартай шүүнд Найнг гэх газар руу хамт явсан тэгэхэд хонио нохойд бариулсан гэж ярьж байсан. Нгийн нохой хонь барьсан гэж П.М, М хоёр ярьж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Г.Сын ... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цагийн үед машинтай явж байхад Идэрмэг багийн Үсрүү гэх газарт замын хажууд 1 хар хүзүүтэй хонь хэвтэж байсан ба хамгийн ойрхон айл нь П.Мийнх байсан болохоор  П.Мийн хонь хэвтэж байна гэж бодсон. Мийнд очоход Нгийн нохой хонь барьсан гэж байсан ... гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт тус тус нотлосон агуулгатай байна. Харин үүнийг хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийн хүрээнд няцаагаагүй.

Хариуцагч Д.О, Ж.Н нарын тэжээвэр 2 нохой 2018 оны 12 дугаар сард нэхэмжлэгчийн хариуцан маллаж байсан хонь, ямааг барьсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хариуцагч нар хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан байна.

Хуульд зааснаар оролцсон иргэдийн төлөөлөгч нь П.Мийн нэхэмжлэлийг үнэн, бодитой гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргажээ.

Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг  хариуцан арилгах үүргийг хүлээж байна.

Харин шүүх хуралдааны явцад өгсөн нэхэмжлэгчийн өгсөн ... нохойд бариулсан 4 хонь нь н.М гэдэг хүнийх, би энэ хүний малыг маллаж байсан ... гэх тайлбараар 4 хонинд учирсан гэм хорын хохирлыг шаардах өмчлөгчийн эрх нэхэмжлэгчид байхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн ямааг 80 000 төгрөг, 4 хонийг 390 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг үндэслэж хариуцагч нараас 80 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 390 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэгт нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул гэрч Э.Д, Г.С нарын мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлсэн бөгөөд бичгийн нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй Я.Оийн гэх тодорхойлолтыг үнэлээгүй болно.

Түүнчлэн маргааны зүйлд ашиг сонирхлын зөрчил гарч буй тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан 4 хонины эзэн гэх н.Мын хүүхэд болох М.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрчээр Ш.Б, Д.Б нараас мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдвал зохино.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О, Ж.Н нараас 80 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 390 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 14 750 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ

                       

                       ШҮҮГЧИД                                  Л.ЦЭРЭНДУЛАМ

                                                                        

                                                               П.ТУЯА