| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00408/И |
| Дугаар | 156/ШШ2020/00430 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2020/00430
| 2020 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2020/00430 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дүгээр баг, ........ тоот хаягт оршин суух, ..... овогт Т А /РД:.../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ...... тоотод оршин суух, Б овогт Т Ц /РД:......../-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Ц 2013 оны 5 дугаар сард танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Т төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2017 оны 1 дүгээр сараас тус тусдаа амьдарч байна. Түүнээс хойш хүү Ц.Т миний асрамжид өсөж байна. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т.Ц холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Т.Ц, Д.А нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Т.Ц нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Ц.Т эцэг Т.Ц хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хүү Ц.Т эх Д.А асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Т.Ц нь хүү Ц.Т хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Иймд хариуцагч Т.Ц хүү Ц.Т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч Т.Ц гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Ц шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд шүүхээс мэдэгдсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ц.Т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Ц тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А даалгасугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч Т.Ц гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА