| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ******* өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, ******* настай, *******, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, ял оногдуулахыг 6 сарны сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт 62 64 ХӨА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 62 64 ХӨА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
1. Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... Миний буруу...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...утсаар гаргасан ******* сумын ******* багт ******* эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлага мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 цаг 19 минутад гаргасан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
3. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ******* овогтой *******-г драйгер багаж ашиглан шалгахад 2,13% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 5 дугаар хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/
5. Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Агь дэлгүүрийн доод талын зам дээр машин гэрлийн шон мөргөсөн байна гэсэн дуудлагаар очиход цагаан өнгийн 62 64 ХӨА улсын дугаартай Истана загварын тээврийн хэрэгсэл нь гэрлийн шон мөргөсөн байдалтай байсан ба жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд тээврийн хэрэгслийн жолооч *******г авч ирэн согтолтын зэргийг шалгахад 2,13 хувийн согтолттой байсан ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
6. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ГХ/82 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар гэсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдлоо.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх болон түүний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч *******гийн “2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/, шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Миний буруу...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай “... *******-ийн ******* нь тус багийн 11-16 тоотод ам бүр дөрвүүлээ, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэх агуулга бүхий албан бичиг./хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.
Шүүгдэгч ******* өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн байна.
Гэтэл шүүгдэгч ******* шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******д сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар бүсийг тогтоох, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсаны дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тул тус шийтгэх тогтоолын 2 дахь заалтын тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2 дахь удаагаа үйлдсэнийг 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь мал аж ахуй эрхэлж, түүнийхээ ашиг шимээр амьдралаа авч явдаг болох нь түүний тайлбар мэдүүлгээр тогтоогдох бөгөөд улсын яллагчийн зүгээс уг байдлыг няцаагаагүй тул түүний хөдөлмөрлөх эрх, ар гэрээ авч явах боломж нөхцөлийг хангах үүднээс шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9(ес) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 3(гурав) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар, торгох ялыг 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэх зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэсэн тул шүүгдэгч *******д оногдуулсан 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин улсын яллагчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авхуулах тухай дүгнэлтийг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэг, түүнээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд холбогддог гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд заавал албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9(ес) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 3(гурав) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар, торгох ялыг 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялыг 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2(хоёр) жил 3(гурав) сар 21(хорин нэг) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР