Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2018/00198

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                 129/ШШ2018/00198

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж,  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 23а дугаар байрны 26 тоот хаягт байрлах, Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТГ т  холбогдох

97 500 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

гэрч Ж.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэ нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ТГтай гүний цооног өрөмдөх СУД-01/15 тоот гэрээг байгуулсан. Орос улсын Сибирийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаагаар Эрдэнэбулган сумын ойролцоо гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах магадлалтай гэсэн. Үүний дагуу гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах юм бол аймгийн төвийг халуун усаар хангана гэж үзээд 2014 онд зарласан тендерт Н тендерт оролцсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга байсан Д.Б-ий А/468 тоот захирамжаар Н-тай 131 000 000 төгрөгийн гэрээг байгуулж, энэ ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг Хөгжлийн бодлогын хэлтсийн Д.О, санхүү бодлогын хэлтсийн М.П, Байгаль орчин, аялал зуучлалын газрын дарга С.С нарт тус тус үүрэг болгосон. Энэ гэрээний дагуу Нэмнэ-Овоо ХХК-тай гэрээ байгуулсан. Н нь анх тендерт оролцохдоо 140 000 000 төгрөгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэхэд аймгийн Засаг даргаас “131 000 000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэ” гэсэн.

Н компани 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх  хугацаанд 180 метр гүн цооног өрөмдсөн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллахаа больсон. Тэгэхээр нь гэрээнд хяналт тавьж ажиллаж байгаа усны мэргэжилтэн  Н.Ч-т “байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллах боломжгүй байна,  гэрээгээ сунгах шаардлагатай байна” гэж хэлсэн. Усны мэргэжилтэн Н.Ч газар дээр нь ирж үзээд ерөнхий инженер Ж.Бд  гэрээгээ сунгахын зөвшөөрөөд  2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээг зогсоосон. Тэгээд Нэмнэ-Овоо ХХК нь  2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаа гүйцэтгэхдээ “2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ажлын хөлс болох 54 000 000 төгрөгийг авъя” гэхэд нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс  “мөнгө өгөх боломжгүй байна”  гэсэн хариу өгсөн байсан. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс мөнгөө өгөөгүй учраас Н нь бараа материалаа татах мөнгөгүй болон ажлаа зогсоосон. Харин 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Н-ийн дансанд 54 430 294 төгрөгийг гүнийн дулааны эх үүсвэрт төрийн сангаас шилжүүлсэн. Нэмнэ-Овоо ХХК нь энэ мөнгөөрөө бэлтгэл ажлаа хангаж,  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дахиж ажилдаа орсон. Дахин цооног ухаж,  ажил үргэлжилжлүүлэн гэрээнд заасан үндсэн үүрэг 450 метр гүнтэй цооногийг ухахад 15 градусын халуун ус гарсан. Тэгээд 15 градусын халуун ус гарсан гэдгийг Архангай аймгийн Засаг дарга болон тэнд ажиллаж байсан бүх бүрэлдэхүүн мэдсэн. Түүнээс хойш захиалагчийн зүгээс  хийлгэсэн ажлын хөлсөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Нэмнэ-Овоо ХХК нь  гэрээнд заасан гэрээний хугацааны календарийн хоногоор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 130 хоногоос 123 хоногт нь  ажлаа багтааж гүйцэтгэсэн. Иймд гэрээний төсвийн нийт 131 000 000 төгрөгийн дүнгээс урьдчилгаа 70 000 000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй  үлдэгдэл 61 000 000 төгрөг, алданги 30 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, бүгд 97 500 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Гэрээг анх байгуулахад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зураагүй, Засаг дарга нь Тамгын газрын төсвийг зарцуулдагтай маргахгүй. Аймгийн Засаг дарга гэрээ байгуул гэсэн байдаг гэв.

 

          Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н нь Архангай аймгийн Засаг дарга Д.Б-тэй 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр СУД-01/15 дугаар “Сангийн толгойн  газрын гүний  дулааны эх үүсвэрийг  судлах цооногийн  өрөмдлөгийн ажил”-ын гэрээг  байгуулсан байдаг. Гэрээ ёсоор  Н нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч  ажлын гүйцэтгэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын  гүйцэтгэлийг хийж, захиалагч талд шилжүүлсэн бол санхүүжилтийг тухайн үед  нь  гаргуулан авах боломжтой байсан. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд үүргийн гүйцэтгэлийг  хангуулаагүйн улмаас Архангай аймгийн  Засаг даргын Тамгын  газраас  гэрээгээр тохирсон  санхүүжилтийг  олгоогүй байна. Монгол Улсын хэмжээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбоотой  нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийн зардал  нь 2018 оны төсөвт тусгагдаагүй байх  тул нэхэмжлэлийн шаардлага  болох 97 500 000 төгрөг нэхэмжилсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Газрын дулааны гүнийг судлахад үе шаттайгаар актаар санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа. Гэрээний 6 дугаар зүйлийн санхүүжүүлэх журамд “70 хувийг гүйцэтгэлээр, 30 хувийг актаар хүлээлцсэнээр санхүүжүүлнэ” гэж заасан. 2017 оны орон нутгийн санд 61 000 000 төгрөгийн санхүүжилт суугдаж, 16 500 000 төгрөг хасагдсан. Энэ мөнгийг авахын тулд улсын комиссын актыг өгөх ёстой байсан. Гэтэл энэ актаа өгөөгүй учраас манайх санхүүжүүлэх боломжгүй байсан.

          Аймгийн Засаг даргын шийдвэрээр Тамгын газрын төсөв зарцуулагддаг гэв.

         

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Н нь хариуцагч ТГт холбогдуулан 97 500 000 төгрөг  гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

            Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 тоот “Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажил”-ын гэрээнд үндэслэсэн байх ба уг гэрээг захиалагч талаас Архангай аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч талаас Н-ийн захирал тус тус баталсан  байна.

            Дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн гэрээнд заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл 61 000 000 төгрөг, гэрээгээр тооцсон алданги 30 500 000 төгрөг, мөн гэрээний харилцаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэхэд гарсан өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, бүгд 97 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаатай холбогдуулан зохигчийн хооронд үүргийн харилцаа үүссэн эсэх асуудлыг анхаарах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1, 187.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа үүсэх үндэслэлийг заасан бөгөөд энд зааснаар үүссэн харилцааны хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь шаардах эрхээ хэрэгжүүлж, бусдын өмнө үүрэг хүлээдэг.

            Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа дурдсан гэрээний оролцогч нь ТГ биш болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрээг батласан эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг, тамга, түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийн эрх мэдлийг Засаг дарга хэрэгжүүлдэг гэх талуудын үл маргасан нөхцөл байдал, хариуцагчийн байгууллагын дарга гэрээнд оролцоогүй байгаа зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хууль буюу гэрээний дагуу ТГ нь Н-ийн өмнө ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг хүлээгээгүй, Н нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 тоот “Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажил”-ын гэрээний дагуу үүссэн мөнгөн төлбөрийн үүрэг, гэрээний зөрчлөөс үүдэн гарсан нэмэлт зардлыг шаардах эрхгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг сонгож нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх болно.

 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үлдэгдэл  61 000 000 төгрөг, алданги 30 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, бүгд 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж байна.

 

Шүүхийн зүгээс уг хэргийг шийдвэрлэхдээ Архангай аймгийн Засаг дарга болон Н-ийн хооронд байгуулсан  2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 тоот “Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажил” гэрээний хэрэгжилт, үүссэн өр төлбөрийн талаар дүгнэлт өгөөгүй, харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарсан нэмэлт зардлыг шаардах эрхгүй гэх үйл баримтыг тогтоосон болно.

Нэхэмжлэгч нь зохих этгээдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                   ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ТГ-аас 97 500 000 төгрөг гаргуулах тухай Н-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                                     

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Т.БАДРАХ