Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2019/00363

 

 

 

 

 

      2019 оны 07 сарын 02 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00363

            Хэнтий аймаг

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00305/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Х............... оршин суух, Ш.С /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... хаягт оршин суух, Т. Н /РД:................../,

Хариуцагч: ................тоот хаягт оршин суух, Л.М /РД:.........../ нарт  холбогдох,

хариуцагч Т.Нээс 100 000 төгрөг, хариуцагч Л.Мгаас 2 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч Ш.С, өмгөөлөгч Л.Наранчимэг,

            хариуцагч Т.Н,

            хариуцагч Л.М, өмгөөлөгч Х.Биязхан,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т.Нт Л.Мгаас 2 000 000 төгрөгийг 20 хувийн хүүтэй авч өөрийн данснаас Т.Нт шилжүүлсэн. Т.Н 2015 оны 2 дугаар сард 500 000 төгрөг, 3 сард 250 000 төгрөг тус тус надад  бэлнээр өгснийг би Л.Мд өгсөн. Тэгээд 2 сарын хүү өгсөний дараа М надад нөгөө хүн чинь мөнгө төгрөгөө өгөхгүй байна та гуйж авсанаараа та хүүтэй нь төл гэж хэлсэн. Би тэгэхэд нь 3 400 000 төгрөгийн цалингийн зээл хийж, 2 800 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 27-нд Л.Мд өгсөн. Т.Н бэлнээр 750 000 төгрөг, дансаар 900 000 төгрөгийг Л.Мд төлсөн. Надад бол 250 000 төгрөгийг төлсөн. 

Иймд Т.Нээс 100 000 төгрөг, Л.Мгаас 2 550 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Н шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ш.С эгчээс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүнээс 2 000 000 төгрөг зээлдүүлж авсан. Би 2015 оны 2 сарын цалингаас 500 000 төгрөг, 3 дугаар сарын цалингаас 250 000 төгрөг, нийт 750 000 төгрөгийг М эгчид өгөхөд цааш нь өгсөн. Ш.С эгч надад үүнээс хойш Л.Мгийн данс руу шууд хийчих гэж хэлсэн. Би түүнээс хойш 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг, нийт дансаар 900 000 төгрөг, бэлнээр 750 000 төгрөгийг Л.Мд өгсөн.

Мөн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны  08 дугаар сард 50 000 төгрөг Ш.С эгчийн данс руу шилжүүлсэн. Нийт авсан зээлдээ 1 900 000 төгрөгийг төлсөн. Одоо 100 000 төгрөг нэхэмжилж байгааг төлнө гэв.

 

Хариуцагч Л.М шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.С эгчид нөхрийнхөө дансаар 2 000 000 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөгийг, нийт 3 500 000 төгрөг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлүүлэхээр өгсөн. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд Т.Н гэдэг хүний нэрээр 400 000 төгрөг орсон. Мөн түүний дараа 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр над руу Э гэх хүний данснаас 300 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2015 оны 6 сарын 27-ны өдөр Т.Нийн данснаас 200 000 төгрөг шагнал болгож шилжүүлсэн. Нийт 900 000 төгрөг дансаар орж ирсэн. Үүн дээр Ш.С эгч над руу 2 800 000 төгрөг шилжүүлсэн. Нийт 3 700 000 төгрөг авснаас 200 000 төгрөгийг нь надад шагнал гэж өглөө гэж байсан, үлдэх 3 500 000 төгрөг нь миний анх зээлсэн мөнгө юм. Одоо мөнгө төлөхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Т.Нээс 100 000 төгрөг, хариуцагч Л.Мгаас 2 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Н нь 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хариуцагч Л.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Хариуцагч Л.Мгаас 2 550 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Мгаас дансаар 2 000 000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр зээлж авсан, үүнээс хариуцагч Т.Нийн зүгээс дансаар 900 000 төгрөг, бэлнээр 750 000 төгрөг төлөгдсөн байхад надаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 800 000 төгрөгийг авсан, Т.Н надад 250 000 төгрөг өгсөн, иймд төлбөр төлөгдсөн байхад надаас        2 800 000 төгрөг авсан учир Т.Нийн надад төлсөн 250 000 төгрөгийг хасаад 2 550 000 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

            Хариуцагч Л.М нь тухайн үед нөхрийнхөө дансаар 2 000 000 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөгийг Ш.Сд хүүгүй зээлдүүлсэн, төлөгдсөн мөнгө нь энэ зээлэндээ төлөгдсөн гэж маргасан.

          Талуудын тайлбарын давхцаж байгаа хэсэг, хэрэгт авагдсан дансны хуулгаар Л.М нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Сд 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна. Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

          Л.М нь нэмж 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, Ш.С нь хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч мөн нотлогдохгүй, хуульд заасан хүү тооцсон гэрээг бичгээр хийх шаардлага хангагдахгүй байна.

          Зээлийн гэрээний хүрээнд Ш.С нь 2 000 000 төгрөгийг Л.Мд төлөх үүрэгтэй байсан боловч 2 800 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон.

          Иймд хариуцагч Л.М нь гэрээний үүрэгт хамаарахгүй 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс илүү авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул дээрх 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Харин 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хүрээнд Ш.С нь төлөх ёстой байсан тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх            1 750 000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

          Зээлийн гэрээний харилцаа зөвхөн Л.М-Ш.С нарын хооронд үүссэн тул хариуцагч Т.Нээс төлсөн гэх мөнгөн төлбөрийг энэ харилцаанд хамааруулан авч үзэхгүй болно.

 

            Хариуцагч Т.Нээс 100 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

            2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ш.С нь Т.Нт 2 000 000 төгрөг зээлдүүлсэн, Т.Нээс Ш.Сд 250 000 төгрөг төлсөн үйл баримт дээр талууд маргаагүй бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

            Уг зээлийн гэрээний хүрээнд одоо нэхэмжлэгч нь 100 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

            Өмнө дурдсанчлан хариуцагч Т.Нээс хариуцагч Л.Мд төлөгдсөн гэж буй мөнгөн төлбөрийг Ш.С-Т.Н нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд холбож авч үзэхгүй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад Т.Нээс Л.Мд тодорхой мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн асуудал яригдсан боловч Л.М-Ш.С, Ш.С-Т.Н нарын хооронд үүссэн үүргийн харилцаатай холбоотой асуудлыг энэ шийдвэрээр шийдвэрлэж байгаа тул дээрх  Т.Нээс Л.Мд тодорхой мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх үйл баримтад дүгнэлт өгөхгүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                                                                             

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Мгаас 800 000 төгрөгийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Нээс 100 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Сд олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Мгаас 1 750 000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 700 төгрөгийг  орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,

орон нутгийн төсвөөс тэмдэгтийн хураамжинд илүү төлөгдсөн 13 350 төгрөгийг, хариуцагч Т.Нээс 4 550 төгрөг, хариуцагч Л.Мгаас 23 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ