2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1047

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч  Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Солонго, шүүгдэгч Г.*********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405049420085 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *********, 45 дугаар байрны *********тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ********* овогт *********ын ********* /РД: *********/.

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ********* хотхоны *********ны 223 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Г.*********г “...гэртээ харихгүй юм уу, цаашдаа яах гээд байгаа юм, өөр хүнтэй амьдрах гээд байгаа юм уу “ гэж хардан улмаар нүүр рүү нь гараараа алгадаж дух руу цохиж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Г.*********: “...Тухайн өдөр дүү *********ийн гэрт орсон, тэрэнтэй санал нийлж байна, гэрээс нь гараад явж байхад ********* над руу утсаар яриад ална, тална гэж заналхийлсэн учир би эргэж орж чадаагүй, гарч ирээд хадам ээж рүүгээ утсаар ярьсан, ээж ээ ийм зүйл болсон, уучлаарай гэж хэлсэн. Уур хүрсэн байсан, биеэ барьж чадалгүй, эхнэрийнхээ нүүрний зүүн талд гараараа нэг л удаа цохисон, хохиролд нийтдээ 1,050,000 төгрөг төлсөн...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхонд дүүгийндээ байж байхад нөхөр ********* орж ирээд гэртээ харихгүй юм уу, цаашдаа яах гээд байгаа юм, өөр хүнтэй амьдрах гээд байгаа юм уу гээд хардсан байдалтай над руу уурлаад байсан тул би, чи  яв, би унтаж амармаар байна гэхэд нөхөр ********* чи шөнөжингөө унтахгүй утсаа үзээд байж байдаг биз дээ, яасан эрт унтдаг болсон юм гээд байсан. Би одоогоор чамтай ярилцмааргүй байна, эндээс гар гэр рүүгээ харь гэхэд намайг алгадсан. Тэгэхэд манай бэр дүү ********* чи яаж байгаа юм хүн алгадаад гээд босоод ирэхэд урдаас нь түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд зайл гээд хаалга руу түлхэхэд миний дух руу гараараа цохисон, миний нүд харанхуйлаад их өвдсөн...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед манай гэрт эгчийн нөхөр ********* ах орж ирээд унтаж байсан ********* эгчийг сэрээгээд юу хийгээд байгаа юм гэртээ хариач гэхэд ********* эгч өмнөх асуудлаа шийдээгүй байж яаж хариулах гээд байгаа юм гэж хэлэхэд ********* ах би яаж амьдрах юм бэ гэж байсан. ...********* ах ********* эгчийн зүүн хацар нэг удаа алгадсан, тэгэхээр нь би та яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гээд намайг түлхэж унагаасан. ...********* эгч ********* ахтай зууралдаад маргалдсан, би та манай гэрээс яв гэхэд ********* ах ********* эгчийн нүүр рүү нэг удаа гараа атгаж байгаад цохиод гэрээс нь гараад явсан...” /хавтас хэргийн 13-14 дэх  тал/ гэсэн,

 

Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр гэрт ********* ах ирсэн байна гэж хэлж байсан, ярьж дуусаагүй байхад манай эхнэр та яагаад байгаа юм бэ гэж хэлээд тасарсан. ...*********аас болсон зүйлийн талаар асуухад ********* ах эгчийг нэг удаа алгадаад, нүд рүү нь цохичихлоо гэж хэлсэн...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг болох цаг хугацаанд уур ихээр хүрч биеэ барьж чадахгүй эхнэртээ гар хүрсэн. Би дараа нь буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож ухаарсан...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №14847 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.*********гийн биед дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээлр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 39 дэх тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 43 дахь тал/,

- Шүүгдэгч Г.*********гийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Мөнхбаатарын мэдүүлэг /хавтас хэргийн 21 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 46 дах тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 28 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ********* хотхоны *********ны 223 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Г.*********г “...гэртээ харихгүй юм уу, цаашдаа яах гээд байгаа юм, өөр хүнтэй амьдрах гээд байгаа юм уу “ гэж хардан улмаар нүүр рүү нь гараараа алгадаж дух руу цохиж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.*********гийн: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхонд дүүгийндээ байж байхад нөхөр ********* орж ирээд гэртээ харихгүй юм уу, цаашдаа яах гээд байгаа юм өөр хүнтэй амьдрах гээд байгаа юм уу гээд хардсан байдалтай над руу уурлаад байсан тул би, чи  яв би унтаж амармаар байна гэхэд нөхөр ********* чи шөнөжингөө унтахгүй утсаа үзээд байж байдаг биз дээ яасан эрт унтдаг болсон юм гээд байсан. Би одоогоор чамтай ярилцмааргүй байна эндээс гар гэр рүүгээ харь гэхэд намайг алгадсан. Тэгэхэд манай бэр дүү ********* чи яаж байгаа юм хүн алгадаад гээд босоод ирэхэд урдаас нь түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд зайл гээд хаалга руу түлхэхэд миний дух руу гараараа цохисон, миний нүд харанхуйлаад их өвдсөн...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.*********ын: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны 22 цагийн үед манай гэрч эгчийн нөхөр ********* ах орж ирээд унтаж байсан ********* эгчийг сэрээгээд юу хийгээд байгаа юм гэртээ хариач гэхэд ********* эгч өмнөх асуудлаа шийдээгүй байж яаж хариулах гээд байгаа юм гэж хэлэхэд ********* ах би яаж амьдрах юм бэ гэж байсан. ...********* ах ********* эгчийн зүүн хацар нэг алгадсан тэгэхээр нь би та яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гээд намайг түлхэж унагаасан. ...********* эгч ********* ахтай зууралдаад маргалдсан, би та манай гэрээс яв гэхэд ********* ах ********* эгчийн нүүр рүү нэг удаа гараа атгаж байгаад цохиод гэрээс нь гараад явсан...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

Гэрч Г.*********ийн: “...Манай эхнэр гэрт ********* ах ирсэн байна гэж хэлж байсан ярьж дуусаагүй байхад манай эхнэр та яагаад байгаа юм бэ гэж хэлээд тасарсан. ...*********аас болсон зүйлийн талаар асуухад ********* ах эгчийг нэг удаа алгадаад, нүд рүү нь цохичихлоо гэж хэлсэн...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.*********гийн: “...Хэрэг болох цаг хугацаанд уур ихээр хүрч биеэ барьж чадахгүй эхнэртээ гар хүрсэн. Би дараа нь буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож ухаарсан...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №14847 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.*********гийн биед дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.*********гийн эрүүл мэндэд учирсан дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.*********гийн түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.*********гийн хохирогч Г.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2011 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, дундаасаа гурван хүүхэдтэй эхнэр нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тэдний хэн аль нь энэ талаар маргаагүй, шүүгдэгч Г.*********гийн хохирогч Г.*********гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Г.*********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.********* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*********гийн эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэснийг шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас учирсан хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн …Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь шинжилгээний байгууллагын бүрэн эрхэд хамаарна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох, зайлшгүй шинжилгээ хийх үндэслэлийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хуульчилсан тул шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцийн хохирлыг гаргуулах хууль зүйн зохицуулалт байхгүй тул хохирогчийн нэхэмжилсэн сэтгэцийн хохирлыг гаргуулах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.********* Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой 124,762 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2405049420085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.*********д шийтгэсэн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5 Эрүүгийн 2405049420085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогч Г.********* гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*********д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР