Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00084/И |
Дугаар | 156/ШШ2021/00382 |
Огноо | 2021-08-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2021/00382
2021 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 156/ШШ2021/00382 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ..... тоотод оршин суух, Боржигон овогт Г. Ц /РД:....../,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 2б-18 тоотод оршин суух, Боржигон овогт Т.Г /РД:.../-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г. У , нэхэмжлэгч Г.Ц , хариуцагч Т.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т.Г тай 2005 онд танилцаж, 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр том охин Г. Б , 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Э , 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр бага охин Г.Э нарыг төрүүлсэн. Т.Г нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа үүсгэснээр би 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргасан бөгөөд эвлэрэх хугацаанд Т.Г нь гэртээ 2020 оны 12 дугаар сард ирж эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаад 2021 оны 1 дүгээр сард дахин нөгөө эмэгтэй рүү явсан. Одоо гэр бүлээсээ өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул бид цаашид хамт амьдрах боломжгүй байна. Мөн шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, Т.Г аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Т.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Г.Ц ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань эх Г.Ц ийн асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Т.Г ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Ц , хариуцагч Т.Г нар нь 2005 онд танилцаж, 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Г. Б , 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Э , 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр охин Г.Э нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь тус тусдаа амьдардаг, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Т.Г нь охин Г. Б , хүү Г.Э , охин Г.Э нарыг эх Г.Ц ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчинг харгалзан үзэж охин Г. Б , хүү Г.Э , охин Г.Э нарыг эх Г.Ц ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.Г аас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэрлэгчид болох Т.Г , Г.Ц нарын гэрлэлтээр холбогдох нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэг нь хэвээр үлдэнэ. Мөн хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй ба энэхүү эрхийг эцэг Т.Г , эх Г.Ц нарын хэн нь ч хязгаарлах эрхгүйг анхаарах нь зүйтэй.
Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц д олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих гурван хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг хариуцагч Т.Г аас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Туяагийн Галбадрах, Боржигон овогт Г. Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Г. Б , 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Э , 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Э нарыг эх Г.Ц ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Э , 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Э нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Г. Б ыг /суралцаж байгаа бол хүүхдүүдийг 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Г аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Ц д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтглэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц д олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих гурван хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг хариуцагч Т.Г аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА