Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

"""" аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          """" аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 2527000000015 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, """ оны 06 дугаар сарын 01-ний өдөр """"""" аймгийн """""" суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт """""""" аймгийн """"""" сумын 3 дугаар баг 718 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """""" регистрийн дугаартай, Т  овгийн Б-н Д 

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр """" аймгийн """"" сумын 5 дугаар баг Өвтийн 718 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Ү.Ныг “жаахан хүүхдүүдээ дагуулж айлаар тэнэж архи уулаа” гэх шалтгаанаар хоорондоо муудалцсаны улмаас баруун, зүүн хөлд нь тус бүр 1, 1 удаа нийт 2 удаа хутгалж баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарт нь цус хуралт үүсгэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр """" аймгийн """"" сумын 5 дугаар баг """" 718 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Ү.Ныг “жаахан хүүхдүүдээ дагуулж айлаар тэнэж архи уулаа” гэх шалтгаанаар хоорондоо муудалцсаны улмаас баруун, зүүн хөлд нь тус бүр 1, 1 удаа нийт 2 удаа хутгалж баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарт нь цус хуралт үүсгэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Д би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ү.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Д айлаас юм горьдож байгаа юм шиг энд юу хийж байгаа юм гээд уурлаад байснаа тэр айлаас гараад гадаа миний гарыг мушгиад хөл рүү өшиглөөд байхаар нь би буцаад найз Шүрээгийн гэрт ороход араас орж ирээд дахиад өшиглөөд гэртээ харъя гээд байхаар нь би хамт тус сумын 5 дугаар багт байрлах Өвтийн 718 тоот болох гэртээ харьсан. Тэгээд манай нөхөр Д дахин уурлаад айлаар жаахан хүүхэдтэй байж тэнээд архи уулаа гээд орилоод байхаар нь би гал тогооны шүүгээнээс хутга аваад чамд би хэрэггүй бол өөрийгөө алчихъя гээд хэлсэн чинь манай нөхөр хутга булааж аваад миний хоёр хөлийг хутгалсан. Манай нөхөр Д нь хутга булааж авсныхаа дараа намайг ингэж үхүүлж байхаар хөлгүй болгосон нь дээр гээд орилоод миний зүүн баруун хоёр хөл рүү нэг, нэг удаа хутгалсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,

 

Гэрч    Х.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр """"" сумын эрүүл мэндийн төвд жижүүрийн ээлжтэй гарч байхад хоёр хөлдөө хутгалуулсан гэх иргэн орж ирсэн. Тухайн иргэнийг мэдээллийг авахад Ү-н Н /"""""""/ гэж байсан. Манай эмнэлэгт ирэхдээ хоёр хөлийн гуя хэсгээ даавуугаар бооцон ирэхээр нь боолтыг нь тайлаад хэсгийн мэдээ алдуулалт, /лидокаин/ гэх тариа хийгээд зүүн талын гуя хэсэгт 1*1 хэмжээтэй нэг оёдол, баруун талын гуя хэсэгт 2*2 хэмжээтэй 2 оёо тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

"""" аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 109 дугаартай “...1.Ү.Нын биед баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, цус хуралт зөөлөн эдийн няцрал нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр """" аймгийн """"" сумын 5 дугаар баг Өвтийн 718 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Ү.Ныг “жаахан хүүхдүүдээ дагуулж айлаар тэнэж архи уулаа” гэх шалтгаанаар хоорондоо муудалцсаны улмаас баруун, зүүн хөлд нь тус бүр 1, 1 удаа нийт 2 удаа хутгалж баруун, зүүн хөлд шарх, зүүн хөлд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун гарт нь цус хуралт үүсгэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

 Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Д нь хохирогч Ү.Нын баруун, зүүн хөлд нь тус бүр нэг нэг удаа нийт 2 удаа хутгалсан идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ү.Нын биед хүч хэрэглэн удаа дараа халдаж байгаагүй ч хохирогчийн “...цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй... манай нөхөр архи уухаараа ширүүн зантай болчихдог, тухайн хэрэг болоход Шүрээгийн 2 жаахан хүүхэд, манай 2 хүүхэд байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

 Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Ү.Н нь эрүүл мэндийн байгууллагаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй, мөн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

 

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Д хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Т  овогт Б-н Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

 

Гурав. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, өмд 1 ширхгийг устгахыг """" аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Б-н Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-н Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Дгийн торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг """" аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, өмд 1 ширхгийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА