Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгч                                                       Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Н

Иргэний нэхэмжлэгч                                  О.Э

Нарийн бичгийн дарга                             Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Л.С-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Б-ны Б.

 

Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт  баг гэсэн самбарын урд талын авто зам дээр Тоёота Раш загварын  дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж  дугаартай иргэн Л.С-н жолоодож явсан бага оврын ачааны машинтай мөргөлдөж Л.С-н биед хүндэвтэр гэмт учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Г овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаах шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 3.948.558.14 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаар захирамжаар:

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Бг “Б.Б” гэж үг, үсгийн алдаатай бичсэнийг шүүгдэгч Б.Б гэж залруулжээ.

 

Хохирогч Л.С давж заалдах гомдолдоо:

            ... Анхан шатны шүүх хуралдаан болтол Б.Б нь хохиролд нэг ч төгрөг төлөөгүй харин ч хүүхдүүд нь залгаж өндөр настай хүнд хууль үйлчилдэггүй хохиролд бага хэмжээний мөнгө өгөөд өнгөрнө, ял эдлэхгүй гэх мэтээр эхнэр бид хоёрын утас руу залгаж удаа дараа сэтгэлийн дарамт үзүүлж байсан гэсэн ч шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө гэж итгэж найдаж хүлээсэн боловч шүүх хэт нэг талыг барьж хохирогч намайг хохироосон дээр нь нэмж хохироож байгаад маш их гомдолтой байна.

Миний бие 2019 оны 10 дугаар сард Митсубуши мини каф маркийн улсын дуггаартай бага оварын ачааны машиныг 5.500.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд хавтаст хэргийн 061 дугаар хуудсанд, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 089 дүгээр хуудсанд, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтэд Митсубуши мини каф маркийн авто машиныг дахин ашиглах боломжгүй ба зах зээлийн үнэ 4.000.000 төгрөг гэж тогтоосон, хэрэг гарах үед миний машины хянах самбарын дээд талд тавьсан байсан iрhоnе X загварын гар утас ослын үед цонхоор гарч, газар унаж няцарсан бөгөөд хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  тоот дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд 875.000 төгрөгөөр тус тус үнэлж, мэргэжлийн байгууллагууд гэмтэл учирсан эд хөрөнгүүдэд хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан байхад,

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь авто машиныг засварлах боломжтой гээд 2 395 000 төгрөгөөр хохирол тогтоож, гар утсанд нэг ч төгрөгийн хохирол тогтоогоогүй би гэрээсээ ганцаараа ажил хийдэг бөгөөд эмнэлэгт хэвтэж, эм тариа гээд мөнгө төгрөгийн гачигдалтай байдлаас болж өмгөөлөгч авч чадаагүй тул хэвтэрч байсан хэдий ч мөрдөн байцаагчийн дуудах бүрд цаг алдалгүй хүрэлцэн очиж байсан бөгөөд мөрдөгчийн асуултад тухай бүрд нь хариулж мөн хүсэлт тавьж байсан ба миний гар утас ослын үед машины цонхоор үсрэн унаж гэмтсэн тухай хэлж, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокурорт энэ хүсэлтээ гарга гээд хүлээн аваагүй гэтэл прокурорт шилжсэний дараа прокуророос мөрдөх ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг шалтгаанаар буцаагдсан ба дахин мөрдөх ажиллагааг хийхдээ миний гар утсыг ослын үед байсан болохыг тогтоож, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн байхад анхан шатны шүүх гар утас хохирогчийн биед байсан эсэх нь тогтоогдоогүй байна гэх шалтгаанаар гар утасны хохирол гаргаж өгсөнгүй.

Эм тариа эмчилгээний зардлын баримтыг бүгдийг нь гаргаж өгөхөд зарим баримтыг үндэслэлгүй хасч тооцсон, мөрдөх ажиллагаанд оролцох, эмчид үзүүлэх, үнэлгээний байгууллагад хэд хэдэн удаа очих, Авто тээврийн үндэсний төвд мөн хэд хэдэн удаа очих, эмийн сангаар үйлчлүүлэхээр гэр хорооллоос төв рүү орох, биеийн дархлаа сайжруулах хүнсний бүтээгдэхүүн авахаар зах, хүнсний дэлгүүрүүдээр явах гэх мэт ажлын шаардлагаар өөрийн нэр дээрх  улсын дугаартай суудлын авто машинаар явдаг байсан.

Хэрэв осолд өртөөгүй байсан бол энэ бүх зардал, чирэгдэл, нэмэлт зардлууд огт гарахгүй, манай гэр бүлд санхүүгийн хямрал үүсэхгүй байсан ба ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж, ажлын гадуурх орлогоо олж, цалин мөнгөө бүрэн авах байсан, миний бие бүрэн эдгээгүй, өвчин намдаах эм, толгойны эм, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, яс бэхжүүлэх бэлдмэл одоог хүртэл хэрэглэх шаардлагатай гэсэн нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарсны дагуу хэрэглэсээр байна.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолд Б.Б хохирогчид 771.000 төгрөг төлсөн гэжээ. Б.Б нь ийм мөнгө огт өгөөгүй бөгөөд шүүхэд мөнгө өгсөн тухайгаа нотлоогүй болно. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Б.Б тайлбартаа:

... Өргөдөлдөө маш их худлаа зүйл бичжээ. Хүний хэлсэн үгийг ч ойлгох чадваргүй боловсрол ухамсаргүй хүмүүс юм байна. Давж заалдах шатны хуралд өмгөөлөгч Н-н хамт орох хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хурал хэргийг маш үнэн зөв шүүж шийдсэн гэж үзсэн ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Л.С-н давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  аймгийн  сумын  багт  "         баг” гэсэн самбарын урд талын авто зам дээр “Тоёота раш” загварын  дугаартай суудлын машин жолоодож яваад Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.9.д заасан ... Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ... гэсэн заалтыг зөрчиж, гол замаар  замын хөдөлгөөнд оролцож явсан  улсын дугаартай “Митсубуши миникаб” машинтай мөргөлдөж жолооч Л.С-н эрүүл мэндэд баруун гарын сарвууны 4 дүгээр шивнүүрийн суурь хэсгийн зөрөө багатай ташуу хугарал, баруун тойгны ясны зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Бы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нэг бүрчлэн хянаж, бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг бодитой тогтоох нь шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг зөв сонгон хэрэглэх төдийгүй хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисон алин болох,  цаашид ямар ямар хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзсэн үндэслэлүүд тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Хохирогч Л.С-н гаргаж өгсөн хавтаст хэргийн 135-210 хуудсанд байгаа 2.110.947 төгрөгийн, 322-235 дугаар хуудсанд байгаа 1.806.564 төгрөгийн, 241-250 дугаар хуудсанд байгаа 863.300 төгрөгийн, бүгд 4.779.811 төгрөгийн нотлох баримтуудаас шүүх 3.948.558 төгрөгийг нь хэлэлцэхгүй орхисон байх ба ямар ямар баримтуудыг хэлэлцэхгүй орхисон талаараа тодорхой дурдаагүй, хохирогчийн гаргаж өгсөн баримт сэлт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар огт дүгнэлгүйгээр бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

            Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролтой холбоотой баримт, хохирогч Л.С-н хохирол нэхэмжилсэн баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнээгүй, дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх /эвдэрсэн гар утсыг тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох эсэх/, нотолгооны шаардлага хангасан эсэх, хохирлын баримтууд хоорондоо давхацсан эсэхийг нарийвчлан тооцолгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах тухай эсхүл хэрэгсэхгүй болгох, ямар үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон тухай үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх хохирлыг гаргуулахдаа хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс төлбөрийн хэмжээг ихэсгэх буюу багасгах эрхтэй боловч хохирогчийн хохирол гаргуулахаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хохирлын талаар шууд дүгнэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

           

            Мөн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасан шаардлага хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

 

Иймд хохирогч Л.С-н ... Ослын үед миний машины хянах самбарын дээд талд тавьсан байсан гар утас цонхоор газар унаж няцарсан бөгөөд утсыг мэргэжлийн байгууллагаас үнэлгээ тогтоож үнэлсэн байхад энэ талаар дүгнэлт хийж хохирол нөхөн төлүүлэх эсэхийг шийдээгүй, эм тарианы эмчилгээний зардлыг үндэслэлгүйгээр хасч тооцсон, мөрдөх ажиллагаанд оролцох, эмчид үзүүлэх, эмийн сангаар үйлчлүүлэхдээ гэр хорооллоос хотын төв рүү орох, биеийн дархлаа сайжруулахаар хүнсний бүтээгдэхүүн авахаар явсан бинзений зардлууд зэргийг огт гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг буюу ... шийтгэх тогтоолд хохирлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, хэргийг шүүхэд буцааж өгнө үү ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг нь хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хохирогч Л.С-н давж заалдах гомдлын ... шийтгэх тогтоолд хохирлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, хэргийг шүүхэд буцааж өгнө үү ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.ЦЭЦЭГМАА