Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2022/0048

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0002532 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.Анхбаяр/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаяр Д.Отгонбаатар нь 1 тооны цагаан зээр зөвшөөрөлгүй агнасан гэх зөрчлийн МХГ-25 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Д.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох, 1000000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, мах хураан авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Дорноговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, Сайншанд сумын орон тооны бус зөвлөлийн тогтоол зэргээр Д.Отгонбаатар нь Сайншанд сумын нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 тооны цагаан зээр агнасан болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаяр нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002532 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Д.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар торгох, нөхөн төлбөр нэг сая төгрөг гаргуулахаар шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэлийн хуудсанд хураан авсан зээрийн махны шийдвэрлэлтийг бичээгүй, шийтгэл оногдуулсан хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэж бичих атал Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэж буруу бичсэн байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д 1 дэх хэсгийн гэж, 5 дахь хэсэгт 11 кг зээрийн махыг устгаж шийдвэрлэсүгэй гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 1000000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн холбогдогч иргэн Д.Отгонбаатарт шийтгэл оногдуулсан 0002532 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн Шийдвэрлэх нь хэсгийн 1 дүгээр заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу гэж буруу бичсэнийг 1 дэх хэсгийн гэж нэмж, 5 дугаар заалтад 11 кг зээрийн махыг устгаж шийдвэрлэсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дээрх гомдол /дүгнэлт/-оор хариуцагч тухайн эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.Анхбаяр/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаяр би Зөрчил хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002532 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар 150000 төгрөгөөр торгож, 1000000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шийтгэл оногдуулсан. Д.Отгонбаатарт шийтгэл оногдуулсан 0002532 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт гэж бичихийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 гэж бичилтийн алдаа гаргасан, мөн шийдвэрлэлтийн хэсгийг бичилгүй орхигдуулсан байна. Иймд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Цэнд-Аюушийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтийг зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн Д.Отгонбаатарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь хариуцагч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаярын зөрчлийн холбогдогч иргэн Д.Отгонбаатарт шийтгэл оногдуулсан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0002532 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн Д.Отгонбаатарт шийтгэл оногдуулсан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0002532 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.Анхбаяр/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД