| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00268/И |
| Дугаар | 156/ШШ2019/00366 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2019/00366
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 156/ШШ2019/00366 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00268/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............... байрлах, ...........ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар /РД:............../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Ж. О /РД:............../,
Хариуцагч: ................. оршин суух, Б.Ж /РД:............/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14 213 136.87 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О, Б.Ж нар нь тус банктай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 14 102 741 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах саналтай байгаа.
Зээлийн үлдэгдэл 11 351 719.55 төгрөг, хүү 2 661 647.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199 769.65 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд дээрх 14 213 136.87 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох байшин, хөргөгчөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж буй мөнгийг төлөхийг зөвшөөрч байна, гэрээний барьцаанд байгаа эд хөрөнгө нь өөр хүний хөрөнгө тухайн үед итгэмжлэл хийгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Мөн хамтран зээлдэгчийн төлбөрийг би хариуцна гэжээ.
Хариуцагч Б.Ж шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
...... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь Ж.О, Б.Ж нарт холбогдуулан үндсэн зээл 11 351 719.55 төгрөг, хүү 2 661 647.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199 769.65 төгрөг, нийт 14 213 136.87 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох байшин, хөргөгч зэргээр хангуулах болохоо тодруулсан.
Үнийн тооцоолол, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан эсэх дээр маргаан гараагүй бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх дээр хариуцагч тал эсрэг байр суурийг илэрхийлсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Ж.О, Б.Ж нар нь нэхэмжлэгч байгууллагатай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулан 14 102 741.55 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай хүлээн авсан байх ба байшин-1, хөргөгч-1 гэсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.
Хариуцагч нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийдэггүй байсан, мөн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан гэж үзэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж байна.
Иймд үндсэн зээл 11 351 719.55 төгрөг, хүү 2 661 647.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199 769.65 төгрөг, нийт 14 213 136.87 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй. Мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд дээр хариуцагч талаас маргаагүй болно.
Хариуцагч Б.Ж нь Ж.Оын хамт ...... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбартай зээлийн гэрээ байгуулж мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд гэрээтэй холбогдон үүссэн үүргийн харилцаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл Б.Ж нь гэрээний үүргийг хариуцах үндэслэл хууль болон гэрээнд зааснаар үүссэн, энэ талаар харилцан тохиролцож тусгасан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Барьцааны зүйлийн хувьд ямар шинж чанар, хэмжээтэй хөргөгч, байшин барьцаалсан нь тодорхойгүй, тухайлбал газраас үл салгагдах шинж бүхий байшинг үл хөдлөх хөрөнгийн барьцаа буюу ипотекийн гэрээ хийж барьцаалаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Ж.О, Б.Ж нарт шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад хангахаас татгалзсан бөгөөд үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргахгүй гэсэн болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.О, Б.Ж нараас 14 213 136.87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 229 016 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 229 016 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ