| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00394/И |
| Дугаар | 156/ШШ2020/00440 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2020/00440
156/ШШ2020/00440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00394/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Батширээт сум, .. дүгээр баг, ......... тоотод оршин суух, Б овогт Ж Д /РД:......../-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Д, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Б.Ж нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хугацаатай шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр магадлалаар цагаатгасан. Иймээс Б.Ж төрсөн хүү Ж.Д миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч Ж.Д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Б Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Улсын дээд шүүхийн 1938 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Б.Ж нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Ж.Д нь Б.Ж хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Үндэсний төв архивын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03-4/2609 дугаартай лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 00/001998 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа эцэг нь Б.Ж, эх нь Д.Ц гэх ХААТР-1 маягт,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 05/4370 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 149 дугаартай магадлалын хуулбар,
- Дээд шүүхийн цэргийн коллегийн 1998 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн хуулбар,
- Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 754 дугаартай шийдвэрийн хуулбар,
- 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Ж.Х, Ж.Х, Ж.Д, Ж.Д нарын хооронд байгуулсан хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг зэрэг баримтууд авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ж.Д 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан .......... регистрийн дугаартай, Б овогт Ж Д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА