Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

       2025         03         20                                          2025/ШЦТ/21

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгч З.Хнарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт З-н Х-т холбогдох эрүүгийн 254........ дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын ..ы өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдол эсгүүрчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт З-н Х. /РД:СГ.................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Хнь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Х хорооллын баруун талын хашаанд “Приус-20 загварын 000 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас машины ард зогсож байсан О.О-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х“Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 254....... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-16 дугаар хуудас/

2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-24 дүгээр хуудас/

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын “...Тухайн өглөө бид  хоёр гэртээ амарч байгаад өдөр 15 цагийн үед нөхрийн эгчийнх нь хүүхэд болох С-ын гэрлүү очсон. Бид 2 С-с ДДИШ-ны төхөөрөмж авахаар очсон юм. Бид хоёрыг очиход С-ын гэрт Э, Х, нөхрийн эгч Дын хүү Б, дахиад хамаатных нь нэг залуу ингээд энэ тав архи уугаад сууж байсан. Бид 2 тэгээд гэрээс нь төхөөрөмжөө аваад гартал нөхөр үлдэх гээд байх шиг байхаар нь чи үлдэх гээд байгаа юм уу гэхэд би үлдье гэсэн. Би бас найз нөхөдтэйгээ бас дүүгийндээ үлдэж байгаа юм чинь гээд үлдээгээд гэртээ харьсан. Би гэрт ирээд байж байхад 16 цаг өнгөрөөгөөд хашааны үүдэнд машин ирээд зогссон. Хүн буулгаад хөдлөх шиг болохоор нь би гараад хартал талийгаач хашааны том хаалгаа онгойлгосон байхаар нь би яагаад хашааны том хаалга онгойлгосон юм бэ гэхэд саяны хэд эргээд ирэх гэж байгаа юм аа гэж надад хэлэхэд гаднаас Х жолоо бариад саарал өнгийн приус-20 маркийн машин орж ирээд жолоочийн суудлын эсрэг талаас Э буугаад гэрлүү орсон. Энэ хооронд нөхөр нохойгоо дуудаад манай нохой яваад ирэхэд нөхөр бид 2 нохойны хүзүүнд хүзүүвчийг нь хийгээд нөхөр нохойгоо урагш нь чирээд гэрийн урд талд байх төмөр шонгоос уях гэж байхад Х машинаа эргүүлээд урагш харуулж зогсох гээд байгаа юм шиг машинаа хашаан дотор маниаварлаад байсан. Тэгээд хашааны баруун захад байх жоохон цасны үзүүр хэсэгт урд дугуй нь ороод гарахгүй байх шиг байсан. Тэгээд машинаа 2-3 удаа угзчуулаад хүчлээд байх шиг байсан. Тэгж байгаад гэрийн баруун талд байх хонины нэхийг аваад нохойндоо дэвсэж өгөх санаатай аваад эргэтэл машин гарахгүй байсан цастай доголоос гараад шууд зүүн зүгт чигээрээ буюу машин бөгсөөрөө хүчтэй ухарсан. Ухрахад нь би ард чинь хүн байгаа ш дээ гэж орилоход цонх нь хаалттай сонсоогүй юм уу бүү мэд шууд очоод нөхрийг мөргөсөн. Энэ хооронд нөхөр доошоо тонгойгоод нохойгоо төмөр шонгийн доод бүдүүн төмөр утаснаас уях гээд байж байхад шууд араас нь буюу баруун талаас машиныхаа бөгсөөр ирж мөргөсөн. Би шууд гэрийн хаалгыг онгойлгоод Эд танай эхнэр Х манай нөхөр Отгоог мөргөчихлөө гэж орилоод шууд нөхөрлүү гүйгээд очтол 2 чихнээс нь цус аягүй хол олгойдоод тэгэхээр нь би 2 чихийг нь хуруугаар бөглөсөн чинь ам болон хамраас нь цус их хэмжээгээр нөжтэй нөжрөөд гоожсон. Тэгтэл машины арын суудлаас О бууж ирээд юу болов гэхэд нь би зөрөөд шууд эмнэлэг дуудъя гэж бодоод гарах гэхэд жолооч Х машины жолооч талын хаалганаас буугаад нөхөр лүү очиж байсан. Би гараад явах замдаа цагдаадаа дуудлага өгөөд эмнэлгийн дугаарыг мэдэхгүй болохоор замаас унаа гуйж суугаад эмнэлэгт очиж дуудлага өгөөд буцаад нөгөө жолоочоороо хүргүүлээд гэртээ ирэхэд Х нөхрийг тэврээд газар суусан, Э, О 2 урд талд нь хараад зогсож байсан. Араас эмнэлэг ирээд үзээд нас барсан байна гэж хэлээд хөдлөж байхад араас нь цагдаа ирсэн. Талийгаач согтолт бол гайгүй л байх шиг байсан. Бид хоёрыг очиход ширээн дээр нь Ерөөл нэртэй архийг задлаад талдаа орж байсан. Агар нэртэй архи нь бол бүтнээрээ ширээн дээр байсан. Х нь С-ын гэрт бол архинаас ууж байсан. Машинаа Х л хөдөлгөөд  байсан.  Ер нь  машинаа байнга Х барьж явдаг. Нөхөр Эыг машин барьж байхыг харж байгаагүй. Аягүй бол үнэмлэхгүй болохоороо унадаггүй байх. Ер нь ачааны машинаа хүртэл Х л барьдаг...Манай нөхөр 1967 онд Х аймгийн Б суманд төрсөн. Айлаас зургуулаа. Айлын 4 дэх хүүхэд нь байгаа юм. Нөхөр бид 2 1991 онд гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй. Гурван охин нэг хүүтэй. Хүүхдүүд маань тусдаа гарцгаасан. Харин хүү маань бид 2-той хамт байдаг юм. Нөхөр маань бага боловсролтой. Шууд мал маллаад малчин болсон. Нөхөр маань 2009 онд мориноос унаад тархиндаа гэмтэл аваад 2014 онд группд орж байсан. Нөхөр бид 2 мал муутай болоод сумын төв рүү энэ оны 8 дугаар сард орж ирсэн юм. Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...

...Талийгаач бид хоёр 4 хүүхэдтэй, хүүхдүүд маань дандаа айл болж тусдаа гарсан хүмүүс байдаг. Талийгаач бид хоёртой 30 гарсан нэг хүү амьдардаг байсан. З.Хманай нөхөр талийгаач О.О бид нар гэр бүлийн найз нөхөд байгаа юмаа. Тухайн үед анхаарал болгоомжгүйн улмаас л осол болж ийм зүйл тохиолдлоо гэж бодож байна. Миний хувьд 3.Х-т гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй. Талийгаач нөхрийн маань ажил явдалд З.Хболон түүний ар гэрээс 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг бид ажил явдалдаа зарцуулсан, одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргуулж нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 33 дугаар хуудас/

4.Гэрч Б.Оийн “...Би тухайн өдөр хөдөө гэрээсээ өглөө 10 цагийн үед 5 дугаар ангид сурдаг хүүгээ хүргэж өгөхөөр суманд ирсэн. Ирээд хүүгээ үсийг нь засуулаад дотуур байр луу нь оруулж өгөөд, өдөр 15 цагийн үед С гэх дүүгийн гэрт очсон. Намайг гэрт нь очиход С, Э, Х, талийгаач Отгон, Отгоны эхнэр Мөнхжаргал нар байсан. Намайг ороход тэр хэд Ерөөл нэртэй архи уугаад бараг архи нь дуусаж байсан. Намайг ороод сууж байхад талийгаач эхнэртэйгээ гараад өөрөө буцаад ороод ирсэн. Орж ирээд хамт сууж байгаад дахиад Агар нэртэй 0.5 литрийн архийг бид хэд хувааж уусан. Архи дуусахаар нь би хүний юм уусан болохоор санаа зовоод дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи аваачиж өгөөд хамт уусан. Ууж дуусаад талийгаачО-ыг гэрлүү нь хүргэж өгөх гэж байсан юм уу мэдэхгүй ямар ч байсан Х машинаа унаад нөхөр Э нь урд талд суугаад талийгаач бид 2 хойд талын суудалд суугаад хөдөлсөн. Хөдлөөд яваад нэг газар зогсоод тэгтэл талийгаач машинаас буух шиг болсон. Тэгтэл хашааны хаалга онгойлгочихлоо гэх яриа гараад хашаа руу орох шиг болсон. Би ар талд сууж явсан бас нилээн согтсон байсан болохоор ухаан санаа орж гараад л байсан. Хашаан дотор орсоныг ч сайн санахгүй байгаа юм. Нэг сэргээд тэгтэл гэнэт хүн алчихлаа гэх яриа сонсогдохоор нь машины хойд талаас гялс буугаад хартал машины хойд талд талийгаач Отгон дээшээ харсан байдалтай ам болон чихнээс цус гараад байхаар нь би очоод гайхаад юу болов гээд шоконд ороод тэгтэл Х машинаас бууж ирээд би хүн алчихлаа гээд орилоод байсан. Талийгаачийн эхнэр нь цагдаа эмнэлэг дуудсан байх удалгүй цагдаа яваад ирсэн.

Талийгаачийг хүргэж өгөхөөр явахад машиныг Х бариад явсан. Талийгаач бид 2 ар талын суудал дээр суугаад явсан. Талийгаачийг хашааных нь гадаа буулгаж өгсөн. Яах гэж хашаа руу орсон, ороод ямар үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Хашааны хаалга онгойлоо гэж Э, Х 2 ярьж байх шиг байсан. Би ард нь суугаад явж байсан. Би өөрөө 60 дөхөж байгаа учраас архи уухаараа бас амархан согтдог юм. Би нилээн согтсон байсан болохоор хашаа руу орсныг бүдэг бадаг санаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

5.Гэрч Б.С-ын “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байхад 14 цагийн алдад гаднаас Э, Х нар хөдөө явах гэж байгаа гээд орж ирсэн. Орж ирэхдээ 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архитай орж ирээд тэрийг нь бид 3 уусан. Уугаад бараг талдаа орж байхад О гаднаас орж ирээд хамт сууж байхад 15 цагийн үед талийгаач Отгон эхнэр Мөнхжаргалын хамтаар орж ирсэн. Орж ирээд манайхаас ддишны станц аваад хамт гараад буцаад талийгаач ороод ирсэн. Тэрээр бие муутай, мориноос унаад группд орсон болохоор би архинаас их өгөөгүй, ганц хоёр хундага өгсөн. Тэгээд Ерөөл ууж дуусахын алдад би дахиад нэг шил 0.5 литрийн Агар нэртэй архи авсан байсан. Тэр архийг задлаад бид хэд уугаад дуустал О ах дахиад дэлгүүр явж Хараа нэртэй архи авч ирээд уусан. Тэгээд би гэрээсээ гараад хажуу хадмын гэрлүү ороод буцаад орж ирэхэд тэр хэд явлаа гээд явах гэж байсан. Би талийгаачийг хүргүүлэх үү гэхэд энэ хэд хөдлөх гэж байна. Би гэртээ буулгуулчихъя гээд машины арын суудалд суугаад хашаанаас хөдлөөд явсан. Цаашаа юу болсон талаар бол мэдэхгүй байна... Х бүгд архинаас нь уусан. Согтолт бол харахад гайгүй л юм шиг  байсан. Х эгч машиныг бариад явсан. Нөхөр нь болох Э ах машин барьдаггүй. Байнга эхнэр нь л унаад явж байдаг. ...Архи ууж байхад хоорондоо маргалдаж муудсан тийм зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

6.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.А-н 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шинчээчийн “1.Талийгаач О.Оы цогцост гавлын орой яс, зулай ясны салсан шугаман хугарал, баруун зүүн чамархай яс, дагз яснуудын цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн тархины суурийн дунд хэсэг, бага тархины суурийн хэсэг, уртавтар тархи, гүүрний суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн хэсэг, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, толгойн хуйхны баруун, зүүн чамархай, зулай, дагз хэсэг болон зүүн чихний дэлбэн хэсгүүдийн цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно. 3.Дээрх гавлын орой яс, зулай ясны салсан шугаман хугарал, баруун зүүн чамархай, дагз яснуудын цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн тархины суурийн дунд хэсэг, бага тархины суурийн хэсэг, уртавтар тархи, гүүрний суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн хэсэг, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд шууд нөлөөлсөн гэмтлүүд болно. 4алийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. 7.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-54 дүгээр хуудас/

7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 775 дугаартай шинжээчийн:..1.2.3. Шинжилгээнд "Х 3. гэж хаяглан ирүүлсэн С07889050 хуруу шилний дугаартай цуснаас 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/

8.Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгахад 1,95 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тэмдэглэл /хх-ийн 97 дугаар хуудас/

9.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай “...13-02 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Хнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг,  мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Амь хохирогч О.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан нь 13-02 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Хийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас болсон гэж үзэж байна...” гэх магадлагаа /хх-ийн 72-74 дүгээр хуудас/

10. Гэрч Э.О-ийн “...З.Хнь миний төрсөн ээж байгаа юм. ...Ээж маань зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хөдөлмөрч зантай. Ээж  маань 4 хүүхэд төрүүлсэн, бага дүү маань 2011 онд боомилж нас барсан. Түүнээс хойш ээж маань их сэтгэл санаагаар унаж, зарим үед архи уух болсон байсан. Гэхдээ байнга архи дарс уугаад байдаггүй, хааяа баяр ёслолын үеэр хамт олон, найз нөхөдтэйгөө бага зэрэг уугаад байх болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

11.Гэрч Э.О-ын “...Манай ээж З.Хнь 1972 онд Х аймгийн Б суманд төрж, бага насаа сумандаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, сумынхаа 8 жилийн сургуулийг төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2003 оноос сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш Б сумын 3 дугаар багт мал маллаж, ногоо тарьж амьдарсан. Манай ээж их хөдөлмөрч, дуулж бүжиглэдэг, дээл хувцас оёдог, байгууллага хамт олноо төлөөлж тэмцээн уралдаанд их ордог, сум орон нутагтаа  нэр хүнд сайтай хүн юм. ...Манай ээж тамхи татдаг, архи хааяа л хэрэглэдэг байсан. ...Тухайн 13-02 ХЭА улсын дугаартай “Приус-20” маркийн машин нь миний нэр дээр байдаг боловч ээж З.Хийн өөрийнх нь автомашин юм. Би аль хэдэн жилийн өмнө зарсан. Ажил байдлаасаа шалтгаалаад нэрээ шилжүүлж амжаагүй юм. Ээж бид 2-ын хооронд автомашинтай холбоотой ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

12.Шүүгдэгч З.Хийн яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өмнө цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй... ...Тухайн үед би архи бага зэрэг уусан байсан, мөн осол болохын урьд орой нь С-ын гэрт хонохдоо архи уусан байсан. ...Уг машин нь манай бага охин Э.О-ын нэр дээр байдаг машин байгаа юм. Бага охин маань намайг хөдөө унаж байгаарай гээд надад өгсөн. Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч амжаагүй байсан, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Машин техникийн хувьд бүрэн, ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй, гадна талаасаа бага зэрэг хонхорхой, үзэмж тааруу машин байсан. ...Би өөрийн анхаарал болгоомжгүйн улмаас ийм зүйл болсонд маш их гэмшиж, харамсаж байна. Талийгаачийн ар гэрт 10,000,000 төгрөг өгсөн. Цаашид өөрийн боломж бололцоогоор тусламж үзүүлнэ гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 91, 93 дугаар хуудас/

13.Б овогт З-н Х нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 98 дугаар тал/

14.Х аймгийн Б сумын Д багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/

15.Д багийн иргэн Г овогтой Эын 2024 оны жилийн эцсийн малын тоо, бүгд 116 гэх баримт /хх-ийн 112 дугаар хуудас/

16. ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 115, 145, 146 дугаар хуудас/

17. З.Хийн авсан шагналууд /хх-ийн 116-143 дугаар хуудас/

18.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мл хэргийн материалтай танилцаад “Би гомдол саналгүй гэдэг мэдүүлгээ өгсөн” гэх хүсэлт /хх-ийн 147 дугаар хуудас/

19. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргасан ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /2025.02.12-нд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ы М-ын 59.. тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн тухай/

20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мл, охин О.С, охин О.Ө, хүү О.У, охин О.Ш нарын Х аймгийн      Б сумын Цагдаагийн хэлтэст гэж хаяглан 2025 оны 02 дугаар сарын       07-ны өдөр бичсэн “...4 хүүхэдтэйгээ ярилцаад гомдолгүй гэж мэдээлж байна.” гэх хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн тул шүүгдэгч З.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын мэдүүлэг, гэрч Б.О, Б.С нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурлыг тусгай багажаар шалгасан тэмдэглэл,

Х аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 775 дугаартай дүгнэлт,

шүүгдэгч З.Хийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч З.Хнь 2024 оны 12 дугаар сарын       23-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Х хорооллын баруун талын хашаанд “Приус-20 загварын 000 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас машины ард зогсож байсан О.О-ыг дайрч, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Хнь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт нь:

-2024 оны 12 дугаар сарын 23-ны 21:00 цагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг “Драгер” багажаар шалгахад 1,95%-ийн согтолттой /хх-ийн 97 дугаар хуудас/ гэх тэмдэглэл,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 775 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...цуснаас 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. ...согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 67-68 дугаар хуудас/ гэх дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас ...” гэж тодорхойлж, ...3, 4 дэх хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Хнь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Х хорооллын баруун талын хашаанд “Приус-20 загварын 13-02 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт З-н Хийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан  буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан  бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээ нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Оы амь нас хохирсон ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 04, 12-ны өдрүүдэд 3,500,000 төгрөг, нийт 13,500,000 (арван гурван сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 115, 145, 146 дугаар хуудас болон шинээр гаргаж өгсөн баримт/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З.Хболон түүний  ар гэрээс 10,000,000 төгрөг өгсөн, тухайн мөнгийг бид ажил явдалдаа зарцуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй, энэ талаар ямар нэг дүгнэлт гаргуулж, нэхэмжлэх зүйл байхгүй, би цаашид энэ хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй байх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “...би гомдол саналгүй гэдэг мэдүүлгээ өгсөн...” /хх-ийн 147 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Х-т эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус танилцуулав.  

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 53 настай, ам бүл 3, нөхөр, хүүгийн хамт амьдардаг, “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнагдсан, улсад 21 жил 2 сар ажилласан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч З.Хнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан, хохиролд 13,500,000 төгрөг төлсөн, хор уршиг арилаагүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснээр мөн зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-12 жил хүртэл хугацаагаар хасаж, “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хорих ялын доод хэмжээг “хоёр жил” гэж заасан байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх.”-өөр заасан бөгөөд 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, 1.3 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”-аар хуульчилсан.

 

           Шүүгдэгч З.Хийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, хүсэлт, чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

           Иймд шүүгдэгч З.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...хугацааг тоолно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч З.Хнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Х-т холбогдох эрүүгийн 254..... дугаартай хэрэгт хавсаргагдан ирсэн З.Хийн 886717 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харьяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт З-н Хийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан  буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б овогт З-н Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж түүнд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт З-н Х-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шүүгдэгч З.Х-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          7.Эрүүгийн 254... дугаартай хэрэгт хавсаргагдан ирсэн шүүгдэгч З.Хийн 886717 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харьяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.О-т даалгасугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ