Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2020/00439

 

 

 

156/ШШ2020/00439

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00404/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, ...... багт оршин суух, Б овогт Д А /РД:......../-ийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.А, прокурор Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хэлмэгдэгч Д Д хүү нь юм. Миний эцэг Д.Д нь Мөрөн сумын харъяат ард, гавж лам хүн байсан. Онцгой бүрэн эрхт 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар цагаатгагдсан байдаг. Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох нэрсийн жагсаалтад багтаж зарлагдсан. Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдон цагаатгагдсан Д.Д төрсөн хүү Д.А надад нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй тул нэхэмжлэгч Д.А Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Д.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.А нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.

Д Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Улсын дээд шүүхийн 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.А нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Д.А нь Д.Д хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Үндэсний төв архивын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03-7/3149 дугаартай лавлагаа,

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 05/014544 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Д.А эцэг нь Д.Д, эх нь Б.Ж гэх ХААТР-1 маягт,

- Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 45/025182, 45/02183 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанууд,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 05/5189 тоот лавлагаа,

- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн магадлалын хуулбар,

- 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Д.А, Д., Д.Г нарын хооронд байгуулсан хэлцэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 228 дугаартай шийдвэрийн хуулбар,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг авагджээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.223 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Д.А 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан .......... регистрийн дугаартай, Б овогт Д А олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА