Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч Г.У-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн 201722000267 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.У-,

Шүүгдэгч Г.У- нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны 06 цагийн үед Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн 3 дугаар багийн төвд У.Б-ийг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж биед нь цээжний 11, 12-р нугалмайн их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.У- нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны 06 цагийн үед Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн 3 дугаар багийн төвд У.Б-ийг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж биед нь цээжний 11, 12-р нугалмайн их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч У.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх сумын Тоом 3-р багийн шинэ жил тус багийн Логшийн аманд байдаг бригадын төвд болсон юм. Шинэ жилийн үйл ажиллагаа явагдаад 12 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед тарсан. Би тухайн үед сумын төвөөс соёлын төвийн хөгжим техник хэрэгслийг ачиж очсон байсан юм. Тэгээд үйл ажиллагаа тарах үед би Улаанбулангийн хашаанд байсан өөрийн ... улсын дугаартай цагаан өнгийн пургон машинаа Улаан булангаас гаргуулах гээд манай найз болох Т.Г-ийг гуйгаад Улаанбулангаас холдуулаад нилээн зайтай Улаан булангийн баруун талд зогсоолгосон юм. Шинэ жилийн үйл ажиллагаа тарахаас өмнө манай нутгийн дүү болох Нямаа гэдэг залуу ах таньтай нэг барилдъя гэхээр нь Улаан булангийн хашаанаас гараад нэг удаа барилдсан юм. Тэгээд барилдаж байгаад би унахдаа гараараа эвгүй дараад уначихсан болохоор найз болох Т.Г-ийг гуйж машинаа хашаанаас гаргуулж авсан юм. Т.Г- машин хашаанаас гаргаж өгөөд зогсож байхад нь би эхнэр болох Намжилмаатай хамт машин дээрээ очсон, би жолооч талын хаалгаар манай эхнэр нөгөө талаар нь машиндаа суух гээд очсон. Би Т.Г-оос машинаа авах гээд очоод машины хаалга онгойлгоод зогсож байтал хойноос тас хийгээд явсан, тэгсэн хойноос Г.У- гэдэг манай нутгийн залуу машинаараа ухарч яваад мөргөсөн байсан. Тухайн үед би хоёр машинд хавчигдсан миний хөл газраас хөндийрч байсан, тэгээд ганц хоёр алхаж байгаад ухаан алдаж унасан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

            Гэрч Т.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай багийн шинэ жил Логшийн аманд байх бригадын төвд болсон тэр шинэ жилийн баярт сумын төвөөс замын унаанд сууж очсон. Шинэ жилийн үйл ажиллагаа явагдаад 28-ны үүрээр шинэ жил тарах болсон. Тухайн үед У.П- хашаанаас машин гаргаад өгөөч би хүнтэй барилдаж байгаад гараа гэмтээчихлээ гэж хэлсэн. Тухайн үед нь хальт уулзаад бүжигрүү буцаад орсон, хэсэг бүжиглэж байгаад буцаад гараад ирэхэд У.П- машинаа Улаанбулангийн хашаанаас гаргах гэж байгаад машины үрүүлээ хүчрэхгүй хашааны хаалганы баруун талруу машинаа наалдуулчихсан байсан. Би тэгэхээр нь очиж хашаанаас гаргаж өгсөн юм. Хашаанаас ухарсан чигээр нь гаргаад баруун урд талд урагшаа хараад зогсож байхад У.П- эхнэр Намжилмаатай надруу ирж харагдсан. Тэгээд над дээр ирээд машины ус даралт нь яаж байна гээд ярьж байгаад би машинаас буух гээд араагаа мултлах гэж байтал тас гээд машин мөргөх шиг болсон. Машины нөгөө талаас Намжилмаа машинд суух гэж байгаад тэр мөргөх үед хойшоо унасан, тухайн үед хүмүүс хүн мөргөчихлөө гээд хашгирахаар нь би Намжилмааг мөргүүлээд уначихлаа гэж бодтол жолооч талын хаалга руу мөргөхөд У.П- хамт мөргүүлсэн байсан. Тэр үед У.П- пизда пизда гээд мөргөсөн машины урд очоод унаад өгсөн. Би хойноос нь гүйгээд очтол ухаан алдаад унасан байсан. У.П-ийг Мөнхбат ах машиндаа суулгаад шууд эмнэлэг явсан. /хх-ийн 19-р хуудас/,

            Гэрч Д.Д-йн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Шинэ жилийн үйл ажиллагаа явагдаад 28-ны үүрээр 7 цагийн үед тарах болсон. Шинэ жилийн үйл ажиллагаа тарахаар хүмүү машин, мотоциклио асаагаад утаа уур, гэрэл их байсан. Манай нөхөр Мөнхбат Соёлын төвийн эд зүйлийг манай машинд ачих гээд орсон байсан, би машинаа халаагаад цагаан өнгийн пургон машин руу харуулсан байдалтай зогсож байсан. Миний хажууд урд талын суудал дээр манай нутгийн эгч Ариунаа эгч хамт сууж байтал бор өнгийн пургон машин ухарч хөдлөөд цагаан өнгийн пургон машиныг мөргөчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 324 дугаартай

  • У.П-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  • У.П-ийн биед цээжний 11, 12-р нугаламайн их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Үүсгэгдсэн хугацааг тогтоох боломжгүй байна.
  • Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-ь зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/,

Шүүгдэгч Г.У-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би хөгжим ачих хооронд нь Оросоо гэдэг айлын аккумлятор аваачиж өгчихөөд ирье гээд ухраад хөдөлж байхад ард У.П-ийн машин барьж явсан Т.Г- гэдэг залуу хойно машинтайгаа ирээд зогссон байсан. Тэрийг мэдэхгүй ухарч байгаад тас хийгээд нэг юм дуугарахаар нь хойд хаалга онгойчлоо гэж бодоод байж байтал У.П-ийн эхнэр нь машины баруун урд талаар гүйж яваа харагдсан. Тэгэхээр нь машинаас бууж явтал нэг залуу ирээд намайг толгой тархигүй нүдсэн. Нүдэж байхдаа чи санаатай ингэлээ гэж У.П-ийн эхнэр нь цаана орилоод байсан. У.П-рүү харахад чи дуугай байлдаа би зүгээр байна гэсэн тохойгоо бариад сууж байсан. Тэр үед Мөнхбат ах, Дунгармаа эгч 2 ирээд яаралтай сум аваад явъя гээд машиндаа суулгаад аваад явсан. Би машин мөргөсөн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Харин У.П-ийг мөргөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.У- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000267 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.У-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.У-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ