| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2008028101483 |
| Дугаар | 2021/ДШМ/261 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/261
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Ц.Бд холбогдох эрүүгийн 2008028101483 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
..................., 19..... оны ...... дугаар сарын ............-ний өдөр ............. аймгийн ................ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................н дүүргийн ..... дугаар хороо, Толгойтын 6 дугаар гудамжны 83 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;
Ц.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Од” авто засварын газарт иргэн С.Гэрэлт-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үүрч газар шидэж, эрүүл мэндэд нь баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Бд сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хоёрт эрүүгийн хариуцлагын талаар “Иймд шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.”, “Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээхээр тогтоов.” гэж, харин тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хоёр сар эсхүл дөрвөн сарын хугацаагаар оногдуулсан нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “шүүгдэгч Ц.Б нь зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтэй зорчих бол эрх бүхий байгууллагын хяналт тавьж байгаа албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай. Хэрэв ажил хөдөлмөр эрхлэх бол ажил, гэр хоёрын хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүрэгтэй” гэж тодорхойлсон нь уг ялыг хэрхэн эдэлж, ялтанд хэрхэн хяналт тавихыг тодорхой заагаагүй буюу шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “Ялтан шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд шүүхээс ялтаны зорчихыг хязгаарласан чиглэл, зорчихыг зөвшөөрсөн газрын байрлалыг тогтоож өгөөгүй нь уг ялын хэрэгжилтэнд хяналт тавих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих боломж нөхцлийг бүрдүүлээгүй, эрхэлсэн ажил, гэрийн байршил, ямар чиглэлээр хэрхэн зорчихыг зөвшөөрсөн, эсхүл хориглосон болох нь тодорхойгүй, ямар чиглэлд зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй, тодорхой бүс тогтоож зааж өгөх нь зүйтэй байна. Мөн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ...үүргүүдээс 1 буюу эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.” гэж дүгнэсэн нь хуулийн агуулгаас зөрүүтэй болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд оршин суугаа газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг буюу 1 үүргийг сонгож хүлээлгэх, харин тус хуулийн 5.5 дугаар зүйлд заасан тохиолдолд тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг нэмж хориглож болохоор заасан гэж ойлгогдохоор байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Ц.Бд оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын...” гэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Ц.Бд дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж ойлгомжгүй, зөрүүтэй байдлаар шийдвэр гаргасан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд бэрхшээлтэй гэж үзэж байна. Иймд Д.Отгонбаяр прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Бд сануулж шийдвэрлэжээ.
Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоов.” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.” гэж, мөн зүйлийн 3-д “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...Ц.Бд оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын...” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Ц.Бд дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэж зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Ц.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж тогтоосугай.” гэсэн хэдий ч шүүгдэгчийн зорчихыг хязгаарласан нутаг дэвсгэр, чиглэл, зорчихыг зөвшөөрсөн газрын байрлалыг тогтоож өгөөгүй нь дээрх ял хэрэгжих нөхцөл байдал бүрдээгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ