Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 04

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Бд холбогдох

“32 250 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б нь 2016-2017 онуудад шатахуун зээлээр аваад түүний үлдэгдэл 21.500.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр cap хүртэл 5 хувийн хүү бодож өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Б-аас шатахууны үнэ 21.500.000 төгрөг, хүү 10.750.000 төгрөг, нийт 32.250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан татгалзал болон тайлбартаа: Б.Б бид хоёр 2013 оноос эхлэн түлшний наймаа хийж байсан. Тухайн үед бид харилцан амаар тохиролцож өгч, авдаг байсан. Тухайлбал ажлын байдлаас шалтгаалж бэлнээр төлөх, дараа нь төлөх тохиолдол байсан. Жишээ нь 2014-2016 оны хооронд Б.Б-с 98.450 литр түлш худалдан авч, 170.467.000 төгрөг төлсөн. Мөн хүү гэж 13.842.000 төгрөг нэмж төлсөн. Үүнээс харахад би хууль бус нэхэмжлэлээр илүү мөнгө төлсөн байна. Хэрэв төлөх байсан бол гэрээ бичгээр байгуулж, холбогдох газраар батлуулж ажиллах байсан. Иймд шүүх энэ асуудлыг аль болох хялбар аргаар шийдвэрлэж өгнө үү. Би бол тохиролцож болох зүйл гэж бодож байна. Харин ковш автомашиныг зарсан явдлыг би зөвшөөрөхгүй. Тэр автомашин миний өмч, би буцааж авна. Би Б.Б-с 21.000 литр түлш авсан ба энэ нь чанарын шаардлага хангахгүй байснаас техникийн хувьд хохирол үүсч, маргаан гарсан. Гэхдээ огт тохиролцож болохгүй байдалд хүрсэн гэж үзэхгүй байгаа тул үнэ өртөг дээр тохиролцох боломжтой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь алтны уурхайд хувиараа шатахуун нийлүүлдэг. Харин Т.Б нь алтны уурхай ажиллуулдаг. Энэ хоёр хүн 2013 оноос шатахуун нийлүүлж, худалдан авах харилцаатай байсан. Ингээд шатахуун худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 21.500.000 төгрөг, хүү 10.750.000 төгрөг, нийт 32.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хүмүүс хэдэн жил харилцсан учир найз нөхдийн харилцаатай байсан. Тиймээс үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийн тулд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байдаг. Гэтэл Т.Б-ыг дуудахад огт ирээгүй тул материалыг буцаасан. Үүний дараа Б.Б нь Т.Б-тай уулзан, шүүхэд хандахгүйгээр асуудлаа тохиролцоод шийдвэрлэх санал гаргахад Т.Б зөвшөөрч, талууд шатахуун зээлээр худалдах гэрээ бичгээр хийж, гарын үсэг зурсан. Энэ гэрээний агуулга нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд түлш зээлээр нийлүүлсний үлдэгдэл 41.500.000 төгрөгийн 20.000.000 төгрөгт нь ковш автомашин авч, үлдэгдэл 21.500.000 төгрөгийг 4 дүгээр сард 5 хувийн хүүтэй бодож өгнө гэсэн байна. Тооцооны хувьд 2013-2015 онд үлдэгдэл байхгүй. Харин 2016 онд 6.331.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүн дээр 2017 онд гурван удаа буулгасан түлшний төлбөрийг нэмэхэд цэвэр үлдэгдэл нь 41.156.500 төгрөг болж байна. Гэтэл Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 41.500.000 төгрөгөөс тооцож, үлдэгдлийг 21.500.000 төгрөг гэж буруу тооцсон байсан тул нэхэмжлэлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 21.156.500 төгрөг болгон багасгаж байна. Түлшний чанарын хувьд Б.Б-ийн автомашин нь нэг удаа 21.000.000 литр түлш ачдаг. Тиймээс 2017 онд Т.Б-д гурван удаа нийлүүлсэн түлшний үлдэгдлийг түүний хажуу талд алт олборлож байсан уурхайд нийлүүлсэн. Жишээ нь Г гэж хүнд 4.140 литр түлш, Б гэж хүнд 8.610 литр түлш буулгаж байсан. Энэ хүмүүс түлшний чанартай холбоотой нэг ч гомдол гаргаагүй. Мөн дараагийн асуудал нь түлш үнэхээр чанаргүй байсан юм бол Б.Б 2017 оны 3, 5, 6 сард яагаад гурван удаа түлш авсан юм. Иймд Т.Б-аас түлшний үлдэгдэл төлбөр 21.156.500 төгрөг, хүү 10.750.000 төгрөг, нийт 31.906.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 2014-2016 оны хооронд Б.Б-ээс 98.450 литр түлш худалдан авч, 170.467.000 төгрөг төлсөн. Үүний 13.842.000 төгрөгийг нь хүү гэж төлсөн байдаг. Хүүг бичгээр байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр төлөх ёстой. Гэтэл Б.Б нь Б.Б-тэй өмнө нь бичгээр байгуулсан гэрээ байхгүй байж хүү төлсөн тул 13.842.000 төгрөгийг одоо нэхэмжлээд байгаа төлбөрөөс нь хасаж тооцох ёстой. Мөн Т.Б, Б.Б хоёрын хооронд гэрээ биш хэлцэл хийгдсэн. Хэрэв гэрээ хийсэн бол нотариатаар батлуулах ёстой байсан тул хүү 10.750.000 төгрөгийн төлөхгүй. Түлшний чанарын хувьд нэгэнт хэрэглэсэн тул маргах зүйл байхгүй. Харин ковш автомашин нь Т.Б өмч тул үүнийг буцааж авна. Иймд 21.500.000 төгрөгөөс өмнө нь хүү гэж илүү төлсөн 13.842.000 төгрөгийн хасаад үлдэх 7.658.000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б-аас 21.156.500 төгрөг гаргуулан Б.Б-т олгож, Б.Б-ийн нэхэмжлэлээс 10.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.Б-с улсын тэмдэгтийн хураамж 263.733 төгрөг гаргуулж Б.Б-т олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 18 өдрийн 145/ШШ2018/00903 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Анх шүүхээс намайг дуудаж нэхэмжлэлийн нэг хувийг гардуулахдаа тайлбар бичээд ир гэж хэлсэнээс өөр ямар нэгэн эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Надад нотлох баримт гаргаж өгөх гэрч оролцуулах зэрэг боломж олгоогүй. Миний бие болон миний эхнэрийн бие өвдөж яаралтай Улаанбаатар хотод шинжилгээ өгөхөөр явах болж болсон хэрэг явдлыг нэг бүрчлэн сайн мэдэхгүй С.Д гэх хүнд итгэмжлэл олгож шүүх дээр дуудвал төлөөлөөд уулзаад өгөөч гэж гуйгаад болсон явдлыг товч тайлбарлаад явсан юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 18-нд шүүх хурал болсныг мэдээгүй дараа нь мэдсэн. Хэрэв шүүх хурлын товыг надад урьдчилан мэдэгдсэн бол би өөрийн биеэр оролцох байсан юм. Б.Б нь надаас түлшний үнэ, хүүгийн хамт нэхээд байхаар нь мөнгийг нь төлөөд буцааж авахаар тохиролцож өөрийн бүрэн засвар хийгдсэн ажиллахад бэлэн болсон ачигч квошийг түр хугацаагаар барьцаалуулсан юм. Гэтэл Б.Б нь дур мэдэн миний ачигч ковшийг зарж мөнгийг нь авсан байсан. Тус ачигч ковшны 2010-2014 оны хооронд үйлдвэрлэгдсэн нь одоогийн зах зээлийн үнэ нь 50.000.000-90.000.000 төгрөг байдаг. Анхан шатны шүүх миний ачигч ковшийн зах зээлийн үнэ хэд болох ковшийг Б.Б хэдэн төгрөгөөр зарсан зэргийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Б бид хоёр зээлээр худаддах худалдан авах гэрээ бичгээр байгуулсан зүйл огт байхгүй бөгөөд бид нотариат дээр очиж гэрээ байгуулаагүй болно. Б.Б нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж хуурамч гэрээ үйлдэн нотариатаар батлуулсан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг нягталж үзэлгүйгээр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй нотлох баримт хангалттай бүрдээгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145\ШШ2018\00903 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145\ШШ2018\00903 тоот шүүхийн шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1-т. “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б-аас 21.156.500 төгрөг гаргуулан Б.Б-т олгож, Б.Б-ийн нэхэмжлэлээс 10.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж хүү 10.750.000 төгрөгийг хассан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулж нэхэмжлэгч Б.Б-ийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчжээ. Тайлбар: Шүүхийн   шийдвэрийн   үндэслэх   нь   хэсгийн   2-т “Б.Б нь Т.Б-аас түлшний үлдэгдэл төлбөрийн хүү 10.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар зээлээр худалдах ба худалдан авах гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхой тусгасан байхыг шаарддаг. Гэтэл зохигчийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлээр худалдах ба худалдан авах гэрээнд “4 сард 5 хувийн хүүтэй өгнө, cap тутам” гэж тохиролцсон. Гэрээний энэ нөхцлөөс харахад хүү төлөх хугацааг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 cap гэж тооцох юм уу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Т-ын  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын дагуу 2018 оны 4 cap хүртэл гэж тооцох юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Зээлээр худалдах ба худалдан авах гэрээнд зохигчийн хүү тохиролцсон нөхцөл нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаагаас шүүх төлбөл зохих хүүгийн хэмжээг тооцох боломжгүй байна.” гэсэн үндэслэлээр зээлээр худалдсан шатахууны төлбөрийн хүү 10.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Гэтэл Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т “гэрээнд дараахь нөхцлийг заавал тусгана, 263.2.1-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.” гэж заасан зохицуулалт нь буюу Иргэний хуулийн 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэсэн зохицуулалт нь зээлээр худалдах ба худалдан авах гэрээ нь хүүтэй байж болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг тул төлөх хүүгийн хэмжээг заавал тусгана гэсэн зохицуулалт гэж ойлгож байна. Шүүх талуудын хооронд байгуулсан шатахуун зээлээр худалдах ба худалдан авах гэрээнд хүү төлөх хугацааг “4 сард 5 хувийн хүүтэй өгнө, cap тутам” гэж тохиролцсон байхад хүү төлөх хугацааг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 cap гэж тооцох юм уу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын дагуу 2018 оны 4 cap хүртэл гэж тооцох юм уу гэдэг нь ойлгомжгүй байна” гэж гэрээнд тодорхой тусгагдсан нөхцлүүдийг ташаа дүгнэжээ.

Энэхүү гэрээний нөхцөл маш тодорхой байгаа. Үүнд: 1.Гэрээ байгуулсан өдөр тодорхой юу тодорхой - Гэрээг талууд 2017 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан.

2.Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2018 оны 9 дүгээр сарын 8-нд

3.Зээлээр худалдсан шатахууны үлдэгдэл төлбөрийн хэмжээ тодорхой юу тодорхой 21.156.500 төгрөг

4.Хүүгийн хэмжээ тодорхой юу тодорхой - 5% гэж тохиролцсон байдаг.

5.Хүү төлөх хугацаа тодорхой юу тодорхой - Cap тутам

6.Гэрээ дуусгавар болох хугацаа тодорхой юу тодорхой-4 сард төлөхөөр тохиролцсон байна. Энэ гэрээг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан, Т.Б-ыг гэрээгээр тохирсон төлбөрөө төлөхгүй болохоор нь Б.Б нь дараа оны буюу 2018 оны 9 дүгээр сарын 8-нд шүүхэд хандсанаас үзэхэд, хүү төлөх хугацаа нь 2018 оны 4 дүгээр cap байсан нь хэнд ч ойлгогдохоор шүү дээ. Дээрх цаг хугацааны товчооноос харахад талуудын хооронд байгуулсан шатахуун зээлээр худалдах ба худалдан авах гэрээний нөхцөл тодорхой харагддаг. Нэхэмжлэгч Б.Б нь өөрөө хуримтлуулсан мөнгөө хүүлээд байгаа юм биш. Т.Б-д зээлээр худалдсан шатахууныг Б.Б нь ХААН, Голомт банкнаас зээл авч нийлүүлдэг байсан ба Т.Б нь гэрээгээр тохирсон шатахууны үнэ ба хүүг cap тутам төлөөгүйгээс Б.Б нь банкинд их хэмжэний хүү төлж хохирсон байдаг. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаартай шийдвэрийн 10.750.000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.      

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б давж заалдах гомдолдоо “Анх шүүхээс намайг дуудаж нэхэмжлэлийн нэг хувийг гардуулахдаа тайлбар бичээд ир гэж хэлсэнээс өөр ямар нэгэн эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Надад нотлох баримт гаргаж өгөх гэрч оролцуулах зэрэг боломж олгоогүй...” гэжээ.

Анхан шатны шүүхээс хариуцагчийг хуульд заасан журмын дагуу шүүхэд дуудан ирүүлж 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн баримт хэрэгт авагдсан байх тул зохигчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч Т.Б 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 12-нд өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг С.Д-д итгэмжлэлээр олгосон байна /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан байдаг. Итгэмжлэлээс үзвэл итгэмжлэгч Т.Б итгэмжлэгдэгч С.Д-д хуульд заасан бүх эрхээ шилжүүлсэний үндсэн дээр С.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Хариуцагч Т.Б нь 2018 оны 11-р сарын 21-нд эрх үүрэгтэйгээ танилцсан бөгөөд үүнээс хойш С.Д-д итгэмжлэл олгох хүртэлх хугацаанд өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, хуульд зааснаар шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах, түүнчлэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх ажиллагаануудыг хийх боломжтой байсан боловч энэ талаар, тухайлбал ковшийн үнийн талаар болон зарагдсан байдал, гэрээнд зурагдсан гарын үсэг жинхэнэ эсэхийг тогтоолгох зэрэг ямар нэгэн хүсэлт болон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, эдгээр нөхцлүүд тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т “... гэрээнд заасан нөхцлийн дагуу алданги төлөх ёстой...” гэсэн гомдол гаргажээ. Шүүх “...талуудын хооронд байгуулсан шатахуун зээлээр худалдах ба худалдан авах гэрээнд хүү төлөх хугацааг “4 сард 5 хувийн хүүтэй өгнө, cap тутам” гэж тохиролцсон байхад хүү төлөх хугацааг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 cap гэж тооцох юм уу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын дагуу 2018 оны 4 cap хүртэл гэж тооцох юм уу гэдэг нь ойлгомжгүй байна” гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхисон тул хариуцагч Т.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 319200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 319200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.