Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2020/00650

 


129/ШШ2020/00650

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой харзан дэнж гэх газар оршин суух Х овгийн Б.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1982 онд төрсөн, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багт оршин суух М овгийн Н.Ж

Хариуцагч: 1987 онд төрсөн, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Хэрэв гэх газар оршин суух М овгийн Н.Б нарт холбогдох

Худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнийн зөрүү 4.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, гэрч Г.А, гэрч С.Б, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2019 оны 04 сард Жамба нь бяруу үзье гэж ярьсан. Гэвч Ж нь дүү Б-тэй цуг малчин Б-д очин бяруу биш 6 охин шүдлэн гунж, 1 дөнжин үнээ туугаад аваад явсан байсан. Надтай тооцоо хийхдээ шүдлэн гунж авсан гэж хэлэлгүй бярууны үнээр 1 бяруу 450.000 төгрөгөөр бодон 3.150.000 төгрөг өгсөн. Иймд би шүдлэн гунжаа 1.000.000 төгрөг, дөнжин үнээгээ 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Ийм учраас 7 гунжны өртөг 7.200.000 төгрөг болсноос надтай тооцоо хийсэ, 3.150.000 төгрөгийг нь хасаад үлдсэн зөрүү болох 4.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  би дүү Н.Б-н хамт Б.Г-тэй тохиролцсоны дагуу 7 шүдлэн үхрийг 1 бүрийг нь 450.000 төгрөгөөр бодож нийт 3.150.000 төгрөг төлсөн. Бид 7 шүдлэн үхэр авсан. Нэхэмжлэлд дурдсан 1 дөнжин үнээ аваагүй. Бид ярихдаа бяруу биш шүдлэн үхэр авахаар тохиролцсоны дагуу 3.150.000 төгрөг шилжүүлж шүдлэн үхэр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны 04 сарын эхээр нутгийн ах О миний 98181995 дугаарын утас руу залгаж манай найз Ганаа шүдлэн үхэр зарна гэсэн авах уу? гэхээр нь би эхнэр Б-тэй ярилцаад ноолуурынхаа мөнгөөр авъя гэж шийдсэн. Тэгээд О ах руу яриад шүдлэн үхэр зарах хүнийхээ дугаарыг аваад ярихад монголын шүдлэн гунж зарна үнэ нь 500.000 төгрөг гэхээр нь ярьж байгаад үнийг нь 450.000 төгрөг болгосон. Намайг ярьж байхад эхнэр Б хажууд байсан. Үхрээ авахдаа би ах Н.Ж-той хамт очсон. Г-н малыг харж байсан Б-д очоод үхрээ үзээд Ж ах 2 хар шүдлэн манайх буюу Н.Б би хүрэн халзан 1, тарлан 2, улаан 1, алаг 1 нийт 5 охин шүдлэн үхэр авсан. Авахдаа Г-тэй утсаар ярьж 7 тооны шүдлэн үхэр авлаа гэдгээ хэлсэн. Тохирсон 450.000 төгрөгийг 7 тооны үхрээр бодоод нийт 3.150.000 төгрөгийг шилжүүлсэн. Утсаар Г-тэй ярихад өгсөн авсандаа баярлалаа баяртай гээд өнгөрсөн. Гэтэл жилийн дараа ингэж мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна. 5 үхрээс 1 алаг, 1 тарлан нь үхсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сард намайг хотод байхад Н.Ж манай үхэр дээр ирчихээд над руу залгаж ярьсан. Ингэхдээ манай охин шүдлэн гунжийг авах гээд зүтгээд байхаар нь би өгөхгүй гэж хэлж байсан. Манай малчин надтай ярихдаа 7 бяруу тууж явсан гэж хэлсэн. 6 сард би хотоос ирээд шүдлэн тууж явсныг мэдсэн. Малчин руугаа уурлаж байсан. Симменталь үүлдрийн халзан, шар тарлан 2 шүдлэн, симменталь үүлдрийн улаан халзан, нуруугаар цагаан 2 шүдлэн гунж, алатау үүлдрийн сартай улаан 1 шүдлэн гунж, хар тарлан үүлдрийн гэдэс нь цагаан хар дөнжин үнээ 1, хар тарлан үүлдрийн тод хар шүдлэн 1, нийт 7 үхэр авч явсан байсан. Би бярууг 450.000 төгрөгөөр зарна гэж байсан. Эд нар над руу 7 бярууны үнэ 3.150.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 6 шүдлэн, 1 дөнжин үхэр тууж явсан байсан. Шүдлэнгээ нэгийг нь 1.000.000 төгрөгөөр, дөнжин үхрийг 1.200.000 төгрөгөөр тооцоход нийт 7.200.000 төгрөг болно. Үүнээс авсан 3.150.000 төгрөгийг хасаж одоо 4.050.000 төгрөг нэхэмжилж байна. Миний үхрүүд зүүн талаас авчирсан үржүүлгийн үнээ гэдгээрээ арай өндөр үнэтэй. Монголын шүдлэн үнээ өнгөрсөн жил 800.000 төгрөгийн үнэтэй байсан. Н.Болд-Эрдэнэ 5 үхэр авсан гэж байна. Ийм учраас би Н.Ж-с 1.300.000 төгрөг, Н.Болд-Эрдэнээс 2.750.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г-тэй анхнаасаа шүдлэн авъя гэж тохирсон. Анх О-с Г-г үхэр зарах гэж байгаа гэж сонсоод түүнээс утасны дугаарыг нь аваад Г-тэй ярихад нэг шүдлэн үхрийг 500.000 төгрөг гэхээр нь арай үнэтэй байна, олон үхэр авч байхад гээд ярьж тохиролцоод 450.000 төгрөгөөр авахаар болсон. Би малчных нь утсаар Б.Г-тэй ийм ийм шүдлэн үхэр авч явлаа гэж хэлээд 7 шүдлэн гунж авч явсан. Үүнээс би халзан, шар тарлан үхэр 2, нуруугаар цагаан улаан тарлан 1, сартай улаан 1, хүрэн халзан 1, нийт 5 цэвэр монголын шүдлэн үхэр авсан. Мөнгийг нь данс руу нь хийсэн. Одоо нэхэмжлэгч намар үхэр тарган байх үеийн үнэ хэлээд байна. Би хавар цагт үхэр турж эцсэн байдаг тэр үед нь худалдаж авч байсан. Анхнаасаа шүдлэн гэж наймаа хийсэн. Одоо мөнгө өгөх ёсгүй. Б.Г-тэй шүдлэн үхэр авахаар утсаар би ч ярьж байсан Ж ах ч ярьж байсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь үхрийн үнийн зөрүү 1.300.000 төгрөгийг хариуцагч Н.Ж-с, 2.750.000 төгрөгийг хариуцагч Н.Б-с, нийт 4.050.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Н.Б, Н.Ж нар нь 6 тооны үхэр худалдсан, худалдан авсан үйл баримттай маргаагүй бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч Б.Г би бяруу худалдахаар тохиролцсон боловч хариуцагч нар 6 тооны шүдлэн, 1 тооны дөнжин үнээ авч, надад бярууны үнэ 3.150.000 төгрөг төлсөн учир би одоо нэг шүдлэнг 1.000.000 төгрөгөөр, 1 дөнжин үнээг 1.200.000 төгрөгөөр тооцож, зөрүү үнэ 4.050.000 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжилж, хариуцагч Н.Б, Н.Ж нар Б.Г-тэй 7 шүдлэн үхрийг нэг бүрийг нь 450.000 төгрөгөөр бодож авахаар тохиролцож нийт 3.150.000 төгрөг өгсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч Б.Г-с 7 шүдлэн үхэр авсан гэж, харин нэхэмжлэгч мах сүүний чиглэлийн 6 шүдлэн үхэр, нэг дөнжин үнээ авч явсан гэж тайлбарладаг.

 

Гэрч С.Б-н О-с манай нөхөр утасны дугаарыг нь аваад Б.Г-тэй ярихад эхлээд 2 шүдлэн авбал 500.000 төгрөг гэж байсан. Тэгээд арай олныг 450.000 төгрөгөөр авъя гэж Б.Г-тэй ярьж тохирсон байсан. Манай нөхөр бид 2 ярилцаад 7 шүдлэн авъя гээд 5 шүдлэнг манайх, 2 шүдлэнг нь Ж-х авсан. Манай авсан 5 тооны үхэр цэвэр монголын шүдлэн үхэр байсан. Би 2.250.000 төгрөг шилжүүлчихээд Б.Г-тэй 5 шүдлэнгийн мөнгийг чинь шилжүүлсэн гэхэд Б.Г нэг хар үхэр нь сүү махны чиглэлийнх арай тэгж үнэлэхгүй шүү гэхэд нь би манайх хар монголын үхэр аваагүй, Ж-х авсан гэж хэлээд түүнд Ж-н утасны дугаарыг өгсөн гэх, гэрч Б.О-н Н.Б, Н.Ж нар нь монголын шүдлэн авмаар байна гэхээр нь манай найз зарах гэж байгаа гээд Б.Г-н утасны дугаарыг өгсөн гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч Н.Б, Н.Ж нарт шүдлэн насны үхэр худалдахаар тохиролцсон нь тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Н.Б, Н.Ж нарын авсан 7 тооны үхрээс хар зүсмийн нэг үхэр нь шүдлэн үхрээс нэг насаар ах дөнжин үхэр байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрч Ц.Б-н тэдгээр хүмүүсийн авч явсан үхэр нь сүүний чиглэлийн хоёр шар цоохор, нэг хүрэн, нэг улаан, нэг хар, хоёр халзан байсан. Насны хувьд тухайн үедээ шүдлэн үхэр байсан. Нэг хар нь нэг ах гунж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Г.Алтанчимэгийн 2019 оны 04 сар Ж, Б нар нэг дөнжин үнээ, 6 шүдлэн үхэр авсан байсан гэсэн мэдүүлгээр, уг дөнжин насны үхрийг хариуцагч Н.Ж авсан нь гэрч С.Б-н мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч Н.Ж энэ үйл баримтыг нотлох баримтаар няцаагаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч сүүний чиглэлийн охин шүдлэн, дөнжин үнээ, монголын охин шүдлэнгийн үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Худалдах худалдан авах гэрээнд талууд гэрээний зүйлийн үнийг хэлэлцэн тохирох, үнийг шууд заагаагүй бол үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцон тогтоож болохоор Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1-д заажээ.

 

Гэрч С.Б-н би 5 шүдлэнгийн мөнгө 2.250.000 төгрөг шилжүүлчихсэн гэж нэхэмжлэгч Б.Г-тэй ярьсан. Б.Г авлаа, баярлалаа гэж хэлсэн гэсэн мэдүүлгээс үзэхэд зохигч шүдлэн насны нэг үхрийг 450.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар хэлэлцэн тохиролцсон гэж үзнэ. Ийнхүү гэрээнд үнийг тохиролцсон нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах талуудын эрх учир зохигчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээн дэх сүүний чиглэлийн охин шүдлэн, монголын охин шүдлэнгийн үнэлгээгээр гэрээний зүйлийн үнийг тодорхойлохгүй.

 

Иймд худалдан авагч Н.Ж, Н.Б нар худалдагч Б.Г-тэй тохиролцсоны дагуу шүдлэн үхрийн нэг бүрийн үнийг 450.000 төгрөгөөр тооцон төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нар 7 тооны шүдлэн үхэр авах байснаас 6 шүдлэн үхэр, 1 тооны дөнжин үхэр авчээ. Хариуцагч Н.Ж нь 2 үхрийн үнэнд 900.000 төгрөг төлсөн боловч тэрээр гэрээгээр тохиролцсон шүдлэн үхрээс нэг насаар ах дөнжин үнээ авсан тул 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 50 дугаар хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон дөнжин үнээний үнийг үндэслэл болгож зөрүү 750.000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Г-т хариуцагч Н.Б гэрээний үүрэг болох 5 шүдлэн үхрийн үнэ 2.250.000 төгрөгийг буюу хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн байх тул нэхэмжлэгч түүнээс үхрийн үнийн зөрүүг шаардах эрхгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Н.Ж-с 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Б-с 2.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Н.Ж-с 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, хариуцагч Н.Ж-д холбогдох 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Н.Б-с 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.750 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Н.Ж-с 22.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах бөгөөд ийнхүү шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА