| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00254/И |
| Дугаар | 156/ШШ2019/00391 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00391
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 156/ШШ2019/00391 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00254/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ......... сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Ч. Х /РД:.....................,
Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Ч. У /РД:................./ нарт холбогдох,
7 911 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А,
хариуцагч Ч.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Х, Ч.У нар нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ......... сумын Сум хөгжүүлэх сангаас 5 360 000 төгрөгийн төслийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй авсан. Зээлийг зээлийн гэрээний дагуу хавсралтанд зааснаар сар бүр төлж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5 360 000 төгрөгийн зээл, 506 700 төгрөгийн хүү төлж дуусгах байсныг графикт хугацаанд төлөхгүй хугацаа хэтрүүлээд байна. Гэрээний хугацаа дууссан. Иймд хариуцагч нараас 5 360 000 төгрөгийн зээл, 506 700 төгрөгийн хүү, 2 036 800 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 7 911 500 төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УГ зээлээр оёдлын машинууд хүлээж авсан. Тухайн оёдлын машинууд нь иж бүрдлийн хувьд дутуу ирсэн бөгөөд нөхөж өгнө гэсэн боловч өгөөгүй. Гэхдээ одоо үндсэн зээл, хүү, нотариатын төлбөрийг тодорхой хугацаанд төлөхийг зөвшөөрч байна
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... сумын Засаг дарга нь хариуцагч Ч.Х, Ч.У нарт холбогдуулан үндсэн зээл 5 360 000 төгрөг, хүү 506 700 төгрөг, торгуулийн хүү 2 036 800 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 7 911 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь торгуулийн хүү гэж нэхэмжилсэн 2 036 800 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү болохыг тодруулсан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжилж буй үндсэн зээл 5 360 000 төгрөг, хүү 506 700 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр Ч.Х, Ч.У нар нь нэхэмжлэгчээс 5 360 000 төгрөгийгийн үнэ бүхий хөрөнгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай хүлээн авчээ. Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний хугацаа дуусгавар болсон.
Иймд хариуцагч маргаагүй, мөн баримтаар нотлогдсон тул үндсэн зээл 5 360 000 төгрөг, хүү 506 700 төгрөг, нийт 5 866 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүү нь хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд хоног тутамд ногдох хүүгийн 0.1 хувьтай тэнцэнэ гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 2 036 800 төгрөг нэхэмжилж байгаа болохоо нэхэмжлэгч тал тайлбарласан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг зөвхөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс байгуулж буй гэрээнд тооцдог бөгөөд нэхэмжлэгч нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэв.
Мөн нотариатын зардалд 8 000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдсонгүй.
Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас үндсэн зээл 5 360 000 төгрөг, хүү 506 700 төгрөг, нийт 5 866 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүү 2 036 800 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Ч.У нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Х, Ч.У нараас 5 866 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... сумын Засаг даргад олгож,
нэхэмжлэлийн шаардлагын 2 044 800 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагч нараас 108 817 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ