| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2016/07981/И |
| Дугаар | 181/ШШ2017/00380 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2017/00380
| 2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2017/00380 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хо сэтгүүл ХМХ-д холбогдох,
5,648,115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2015 оны 4 сарын 09-ний өдөр******* харилцан тохиролцсоны дагуу нэг ширхэг нь 3,270 төгрөгөөр нийт 981,000 төгрөгийн үнэ бүхийн 300 ширхэг сэтгүүл хэвлэж өгсөн билээ. Энэхүү ажлын төлбөрт 700,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 225,410 төгрөгийг төлөөгүй. Ингээд 2015 оны 9 сарын 25-ны өдөр дахин хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, нэг бүрийн үнэ нь 2,950 төгрөг, нийт 3,540,000 төгрөгийн үнэ бүхийн Үйлчлэх урлаг сэтгүүлийн 9-р сарын дугаар болох 1,200 ширхэг сэтгүүлийг зээлээр хэвлүүлсэн. Төлбөр төлөх графикийн дагуу 2015 оны 10 сарын 15-ны өдөр 708,000 төгрөг, 2015 оны 11 сарын 25-ны өдөр 1,062,000 төгрөг, 2015 оны 12 сарын 20-ны өдөр 708,000 төгрөг, 2016 оны 01 сарын 20-ны өдөр 1,062,000 төгрөгийг тус тус манай байгууллагад төлж гэрээний үүргээ биелүүлэхээр тохирсон юм. Гэтэл тус компани нь байгууллагад нэг ч төгрөгийн төлбөр барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөөр өдийг хүрлээ. Төлбөрийг барагдуулахыг шаардах бүрд тийм ийм ажил хийх гэж байгаа, удахгүй мөнгөтэй болно, тэгээд төлбөрийг барагдуулна гэсэн тайлбарыг өгсөөр 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус компани нь сайн дураараа төлбөрөө барагдуулахыг манай байгууллагын зүгээс хангалттай удаан хүлээсэн тул одоо хуулийн байгууллагад хандаж төлбөрөө гаргуулахаас өөр аргагүй болоод байна. Иймд гэрээний төлбөр 3,765,410 төгрөг, алданги 1,882,705 төгрөг, нийт 5,648,115 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-иар сэтгүүл хэвлүүлсэн нь үнэн. Төлбөрийг төлөөгүй байгаа нь үнэн. Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хэвлэлийн чанар шаардлага хангаагүй байсан учир зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед ******* ХХК-иас хэвлүүлсэн сэтгүүлээ бид хүлээн авсан даруйд Төрийн ордонд танилцуулга хийж байсан учир шууд авч яваад тараасан. Тараах үед хэвлэлийн нүүрийн өнгө будаг нь бүдэг, мөн зарим хуудас давхар хэвлэгдсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь анх хариуцагч Үйлчлэх урлаг сэтгүүл ХМХ-д холбогдуулан, хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 3,765,410 төгрөг, алданги 1,882,705 төгрөг, нийт 5,648,115 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үйлчлэх урлаг сэтгүүл ХМХ-ийн оноосон нэр нь 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс ******* болон өөрчлөгдсөн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бичилтээр нотлогдож байна.
Талууд 2015 оны 9 сарын 25-ны өдөр 15/621 тоот Хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч Үйлчлэх урлаг сэтгүүл ХМХ-ийн /хуучин нэрээр/ хүссэн загвар, тоо хэмжээ, үнэ зэрэг бусад хэрэгцээ шаардлага, захиалгын журмын дагуу захиалсан бүтээгдэхүүний захиалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч захиалсан бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөр тооцоог цаг тухайд нь хийж гүйцэтгэхээр /гэрээний 1.2/ тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ******* нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч ******* нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан гэж тайлбарладаг ба хэвлүүлсэн сэтгүүл нь чанарын шаардлага хангахгүй байсан учир гүйцэтгэсэн ажлын хөлсийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хэрэгт 2015 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээний дагуу хэвлүүлсэн гэх сэтгүүл нь чанарын шаардлага хангаагүй байсан талаар баримт авагдаагүй байх ба хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын талаах гүйцэтгэгчид хандсан болох нь нотлогдохгүй байна.
Хэрэгт авагдсан Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-д харилцагчийн үлдэгдлийг 3,765,410 төгрөг гэж тэмдэглэсэн байдаг ба хариуцагч энэ дүнгийн талаар маргадаггүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д гэрээний хавсралтад заасан хугацаанд төлбөр тооцоог хийж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д заасантай нийцэж байна.
Хэрэгт 2015 оны 4 сарын 09-ний өдрийн гэрээ авагдаагүй, улмаар алданги тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх тул 2015 оны 4 сарын 09-ний өдрийн гэрээний дагуу хэвлүүлсэн гэх сэтгүүлийн үлдэгдэл төлбөр болох 225,410 төгрөгөөс алданги тооцсон нь үндэслэлгүй байна.
2015 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээний дагуу алданги тооцоход 3,540,000 төгрөгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 3,540,000 төгрөгийн 50%-иар тооцож алдангийг гаргуулах нь зүйтэй.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч *******-ээс (225,410 + ((3,540,000)*(50%)) = 5,535,410 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 112,705 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-ээс 5,535,410 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 112,705 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 103,516 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР