| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Хүннү хорооллын 01-03 тоотод оршин суух Боржигон овгийн Михлайгийн *******гийн /РД:АК86021017/ нэхэмжлэлтэй Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн захирлын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Боржигон овогтой Михлайн ******* нь Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2007 оны 09 сараас гадаад хэлний багшаар ажиллаж байгаад Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.******* нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 тоот М.******* багшийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний багш М.*******г ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч М.******* нь Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.*******гаас чөлөө авсан гэх боловч ******* миний биеийг шүүхийн шийдвэрээр Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдоход тухайн нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн чөлөө зөвшөөрлийн өргөдөл гомдол шийдвэрлэсэн тэмдэглэл хүлээлгэж өгөөгүй болно. Иймд уг нэхэмжлэлийг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхээр эцсийн шийдвэрийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ. Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 09 сарын 01-ний өдөр сургуулийн захирал Э.*******гаас 1 жилийн чөлөө аваад хүүхдэдээ эмчилгээ хийлгэж нэг жил болоод 2019 оны 09 сард ажилдаа орсон. Ажилдаа орохдоо 09-10 сард нилээн хэдэн эмчилгээ байсан болохоор дахин 1 сарын чөлөө аваад 09-10 сард чөлөөтэй байж байгаад 10 сард эргээд ажилдаа ороод 10-11 сард ажилласан. 1 дүгээр улирлын амралт буюу 10 сарын 28-ны өдрөөс 11 сарын 04-ний хооронд бас эмчилгээтэй байсан учраас яг тэр амралтыг тааруулаад ахиад сунгах шаардлагатай гээд сургуулийн захирлаас нэг сарын чөлөө нэмж авъя гэхэд манай сургуулийн захирал чи ахин дахин нааш цаашаа явж байхаар эмчилгээтэй юм бол бүтэн жилийн чөлөө авчих, наана нь ирээд ажлаа хийж болно гэсэн. Би тэгье гээд дахиад бүтэн жилийн чөлөө аваад Улаанбаатар хот руу хүүхдээ эмчилгээнд авч явсан. Манай ажлынхан ч намайг явахад бүгд гаргаж өгөн, хүүхдээ эмчлүүлээрэй гээд мөнгө төгрөг өгсөн. 1 жилийн хугацаанаасаа өмнө ажилдаа орж болно гэж захирал хэлсэн болохоор би ажилдаа орохоор ******* захиралтай уулзахад 03 сарын 04-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн байна гэж хэлсэн. Чөлөөлсөн шалтгаан нь 11 сарын 01-ний өдрөөс шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан. Би 2019 оны 11 сард 1 жилийн чөлөө авахдаа ******* захиралд өргөдлөө бичиж өгсөн. ******* захирлын 1 жилийн чөлөө олголоо гэсэн зөвшөөрлөөр би 2019 оны 11 сарын 4-нөөс ажлаа хийхгүй байж байгаад 2020 оны 03 сард ажилдаа эргэж орох гэтэл намайг ажлаас чөлөөлсөн байна гээд ******* захирал эргэж аваагүй. Ажилдаа эргэж орох гэсэн 2020 оны 03 сарын 23-ны өдөр би ажлаасаа халагдсан гэдгээ мэдэж, ******* захирлаас халсан тушаалаа авсан. Би ажлаа таслаагүй, чөлөө авсан. Сургуулийн захирлын 2020 оны 3 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг англи хэлнийг багшийн ажилд буцаан томилж өгнө үү гэв. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь шүүхийн шийдвэрээр 03 сарын 06-ны өдөр Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар буцааж томилогдсон. Тухайн үед covid 19-тэй холбоотойгоор карантилж аймгаас гарах хөдөлгөөнийг хаачихсан байсан. 03 сарын 20-ны өдөр очиж ажлаа хүлээж авахад Б/04, Б/03 дугаар гэсэн хоёр тушаал тухайн үед хүлээлгэж өгсөн. 01, 02 тоот тушаал байхгүй байсан. Б/04 тушаалаар 03 сарын 04-ний өдөр М.******* багшийг ажлаас чөлөөлсөн байсан. Үүнд Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримтласан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ноцтой алдаа дутагдал гаргасан бол гэж заасан байдаг. Захирлын эрх, үүрэгт Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д хууль тогтоомжинд заасны дагуу тушаал гаргах эрхтэй, 20.1.2-т тухайн ажилтныг чөлөөлөх, өөрчлөх, авах гэсэн байдаг. Үүнийг барьж халах ёстой байтал яагаад Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийг барьсныг мэдэхгүй байна. 2019 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн байсан. М.******* багш өөрөө 2020 оны 03 сарын 23-ны өдөр ажилдаа оръё гээд ирсэн. Ирэхэд нь ажлаас чөлөөлөгдсөн байгаа тушаал гарсныг хэлж, тушаалыг өөрт нь өгсөн. Тэр өөрийг нь ажлаас чөлөөлснийг мэдээгүй байсан. Би 2019 оны 11 сарын 02-ны өдөр жилийн чөлөө аваад явахдаа өргөдлөө өгөөд цохуулаад явсан гэдэг. Энэ тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй. Архивын тухай хуулиар 2018-2019 онд өргөдөл, гомдлын бүртгэл хөтлөгдөх ёстой байдаг. Намайг ажил хүлээж авахад сургуульд ямар нэгэн өргөдөл гомдлын бүртгэл огт байгаагүй, ийм зүйл би аваагүй. М.******* багшийн чөлөө хүссэн, сургуулийн захирал чөлөө олгосон баримт байхгүй. М.******* багш нь өөрөө өргөдлөө бичиж цохуулаад чөлөө авсан уу, аваагүй юу, шалтгаангүйгээр ажлаа тасалсан уу гэсэн ямар нэгэн зүйл байхгүй учраас би түүнийг шууд буцааж авах боломжгүй байсан. Тийм учраас тухайн тушаалыг шууд хүчингүй болгох ёс зүй байхгүй гэдгээ хэлээд зохих ёсных нь байгууллагад хандаад шийдүүл гэж түүнд хэлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.******* нь Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргажээ. Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. М.*******г 2019 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл зөвшөөрөлгүй ажил тасалсан гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн б/04 дүгээр тушаалаар англи хэлний багшийн ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч М.******* 2020 оны 03 сарын 23-ны өдөр дээрх тушаалыг гардан авсан нь зохигчийн тайлбараар тогтоогддог бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгч ******* М.******* багш нь өөрөө өргөдлөө бичиж цохуулаад чөлөө авсан уу, аваагүй юу, шалтгаангүйгээр ажлаа тасалсан уу гэсэн ямар нэгэн зүйл байхгүй учраас би түүнийг шууд буцааж авах боломжгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 сарын 04-ний өдрийн Б/04 тоот тушаалд Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 7.13.1.7, 7.13.1.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.*******г англи хэлний багшийн ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн нэхэмжлэгч М.*******г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт нь ажилтныг ажлаас чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтад хамаарахгүй, сургуулийн дотоод журамд 7.13.1.7, 7.13.1.8 гэсэн заалт байхгүй нь ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль болон журамд заасан үндэслэлийг уг тушаалд заагаагүй гэж үзнэ. Мөн Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн б/04 дүгээр тушаалаар М.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч М.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тохиролцон тогтоож, гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээ болон М.*******г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул М.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үйлдэл, эс үйлдлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. М.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлснөө хариуцагчийн төлөөлөгч нотлох баримтаар нотолж чадаагүй, хууль болон журамд зааж, тусгаагүй зүйл заалтыг баримтлан М.*******г ажлаас чөлөөлсөн байх тул Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г урьд эрхэлж байсан англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******г Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай. 3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА |