Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 156/Шш2020/00918

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2020/00008

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00845/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, Ц.С-д холбогдох 5,433,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э би Ц.Сгаас 5,500,000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сард автомашин худалдан авсан. Уг автомашиныг худалдаж авахдаа төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг төлсөн. Энэ 3,000,000 төгрөгийг Ц.С  миний эхнэрийн данс руу хийчих гээд нэг данс өгсөн. Тэгээд би түүний эхнэр болох Батцэцэгийн 5935344998 тоот данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлчихээд шалгаарай гэхэд орсон гэж хоёулаа хэлсэн. Тэгээд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг “З капитал” ББСБ-д сар бүрийн 20-д гаргаад сарын 200,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Миний бие З капитал ББСБ-ын 5079156042 тоот дансанд сар бүр 200,000 төгрөгийг төлж дуусаад 2020 оны 6 дугаар сард машинаа нэр дээрээ шилжүүлж авахаар очтол З капитал ББСБ нь зээлийн үлдэгдэл 1,700,000 төгрөг байна гэж надаас нэхсэн, би төлөх ёстой 2,500,000 төгрөгөө төлсөн учир илүү мөнгө төлөх боломжгүй тул зээлийн үлдэгдэлээ Ц.Сг өөрөө төлж машин чөлөөлж өгөхийг хүссэн боловч энэ төлбөрөө төлөхгүй явсаар байгаад миний худалдаж авсан автомашиныг З капитал ББСБ-д 2020 оны 7 дугаар сард хураалгасан болно. З капитал ББСБ нь миний машиныг хурааж авна гэхэд нь би Цагдаагийн газар очиж Ц.С-ийн хажууд хураалгасан. Гэтэл тэрээр машин хураалгасан гэдгийг мэдэхгүй гэж хэлэх юм. Би машинаа буцааж авч өгөөч гэж Ц.С-д удаа дараа хүсэлт тавьсан боловч намайг 2 сар хүлээлгэж одоог хүртэл авч өгөөгүй байна. Иймд автомашины төлбөрт төлсөн 5,433,000 төгрөгийг Ц.С-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.С нь 2019 оны 6 дугаар сард “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг иргэн Д.Эд зарсан бөгөөд төлбөрийн урьдчилгаанд 3,000,000 төгрөг, үлдсэн 2,500,000 төгрөгийг “З капитал” ББСБ-д сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг төлөөд 2020 оны 6 дугаар сард зээл дуусахаар Д.Эгийн нэр дээр машинаа шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр надаас худалдаж авсан “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг З капитал ББСБ хураагаад авсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Миний бие өөрийн эзэмшлийн “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг З капитал ББСБ-д 2,000,000 төгрөгийн барьцаанд тавьж барьцаат зээл авсан. Хэрэв З капитал ББСБ нь зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг хурааж авсан бол хуулийн дагуу надад мэдэгдэх ёстой гэтэл огт мэдэгдээгүй, би Д.Эгаас л сонсож байна. Миний бие З капитал ББСБ-ыг “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг хурааж авсан гэдэгт итгэхгүй байна. “З капитал” ББСБ-аас зээлийн талаар асуухад Д.Э хэвийн төлөлттэй байгаа гэсэн. Мөн Д.Э нь З капитал ББСБ-ын дансанд хийсэн 2,433,000 төгрөгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн автомашин худалдаж авсны урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг миний эхнэрийн дансанд хийсэн гэсэн. Манай эхнэр надад Д.Эгаас мөнгө авсан тухай яриагүй, би мэдэхгүй байна. Д.Э нь надаас автомашин худалдаж авсан болохоос манай эхнэртэй худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Иймд Д.Э-ийн нэхэмжилсэн 5,433,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.С-д холбогдуулан машины үнэ 5,433,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.Сгаас 2019 оны 6 дугаар сард З капитал ББСБ-ын барьцаанд байх “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг 5,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрөөс 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч Ц.Сгийн өмнөөс “З капитал” ББСБ-д сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож, тус машины эзэмшлийг нэхэмжлэгч Д.Э-д шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.

Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Харин хариуцагч Ц.С нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...тус машиныг 5,500,000 төгрөгөөр худалдсан бөгөөд үүнээс 3,000,000 төгрөгийг би аваагүй, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Д.Э нь З капитал ББСБ-ын дансанд шилжүүлсэн, харин надад мөнгө өгөөгүй, миний дансанд мөнгө шилжиж ороогүй тул зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан Дамдингийн Энхтуяагийн ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 4/-аас үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түүний данснаас 5935344998 дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг ХААН банк дахь 5935344998 дугаарын данс нь Ө.Ганцэцэгийн харилцах данс болох нь хэрэгт авагдсан ХААН банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/905 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Хариуцагч Ц.С нь “миний эхнэрийг Ш.Б гэдэг, харин Ө.Г гэдэггүй” гэж тайлбарлах боловч хариуцагч Ц.С, Ш.Б нар нь гэр бүл болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн хариуцагч нь 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж аваагүй гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн хариуцагч Ц.С  нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...3,000,000 төгрөгийг Ц.С  миний эхнэрийн данс руу хийчих гээд нэг данс өгсөн. Тэр үед Ц.С эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд би түүний өгсөн 5935344998 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлчихээд шалгаарай гэхэд орсон байна гэж хоёулаа хэлсэн” гэх тайлбарыг үгүйсгээгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч хэрэгт хариуцагчийн татгалзалтай холбогдуулан ямар нэгэн баримт авагдаагүй байна.

Харин дээрх маргаан бүхий машины үлдэгдэл үнэ болох 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.Сгийн өмнөөс “З капитал” ББСБ-д сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон байна. Энэхүү тохиролцооны дагуу нэхэмжлэгч Д.Э нь “З капитал” ББСБ-д нийт 2,433,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар болон уг үнийн дүн дээр хариуцагч маргаагүй болно.

Улмаар “З капитал” ББСБ-д зээлийн үлдэгдэл төлбөр үлдсэн тул барьцаанд байсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг З капитал ББСБ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулсан болох нь “З капитал” ББСБ-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Э нь машины үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгөөс 2,433,000 төгрөгийн төлбөрийг З капитал ББСБ-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Д.Эгийн нэр дээрх ХААН банкны дансны хуулгуудаар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй учир хариуцагч Ц.С нь “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг “З капитал ББСБ”-иас чөлөөлж өгөх үүрэгтэй. Хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй нь тухайн эд хөрөнгө Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг нотолж байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд тохиролцсон 2,500,000 төгрөгөөс илүү гарсан төлбөрийг З капитал ББСБ-д төлөх үүрэг нэхэмжлэгч Д.Э хүлээгээгүй байна. Иймд хариуцагч Ц.Сгийн З капитал ББСБ-д төлөх зээлийн төлбөрийг түүний өмнөөс нэхэмжлэгч Д.Э төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.Сгаас 2,433,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Энэхүү эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Д.Э нь гэрээнээс татгалзсанИргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын дотор буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “З капитал ББСБ” нь “Grand mark 2” маркийн 0000 ХЭҮ улсын дугаартай автомашиныг хураан авсан өдрөөс хойш 6 сарын дотор хариуцагч Ц.С-гаас машины үнэ нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү шүүхэд хандсанаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.С-д холбогдуулан шаардлага гаргасан гэж үзэхээр байна.Тодруулбал гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, гэрээнээс татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой тул нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Ц.С-гийн зөвшөөрснөөр дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг болон түүний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 2,433,000 төгрөгийг хариуцагч Ц.Сгаас буцаан шаардах эрхтэй байна

Иймд хариуцагч Ц.С-гаас 5,433,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-гаас 5,433,000 /таван сая дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-гаас улсын тэмдэгтийн хураамж 101,778 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА