| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00361/И |
| Дугаар | 156/ШШ2019/00411 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 156/ШШ2019/00411
| 2019 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2019/00411 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00361/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................газар оршин суух, Б.Т /РД:.........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. оршин суух, Д.У /РД:.................../-д холбогдох
2 234 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.Т,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь 2017 онд 3 тооны үхрийг 4 000 000 төгрөгөөо үнэлэн надаас авсан. Тухайн ондоо 2 400 000 төгрөгийг төлөөд одоог хүртэл дахиж төлбөр төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уулзахад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө, хугацаа хэтэрвэл алданги тооцно гэж тохиролцож байсан. Мөнгөө нэхэж Хэнтий аймагт ирсэн зардал 250 000 төгрөг болсон. Үндсэн төлбөр 1 600 000 төгрөг, алданги 384 000 төгрөг, замын зардал 250 000 төгрөг, нийт 2 234 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх гэрээ байгуулахад бичгээр үйлдээгүй, мөн алданги тохиролцоогүй гэв.
Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Уд холбогдуулан үндсэн төлбөр 1 600 000 төгрөг, алданги 384 000 төгрөг, замын зардал 250 000 төгрөг, нийт 2 234 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 234 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь өөрийн 3 тооны үхрийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь үхрийн үнэ 4 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. Уг 4 000 000 төгрөгийн гэрээний үүргээс 2 400 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Уд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Тын 2 234 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Д.У-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Хэдийгээр хариуцагч маргаагүй байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмын хүрээнд хянаж үзээд алданги, замын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт зааснаар анз /торгууль, алданги/-ыг талууд гэрээний харилцаанд хэрэглэх тохиолдолд заавал бичгээр уг тохиролцоог баталгаажуулах ёстой байхад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд энэ талаар бичгээр хийгдсэн гэрээ байхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 250 000 төгрөгийн замын зардлыг хэзээ, ямар байдлаар гаргасан нь баримтаар нотлогдоогүй.
Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч Д.У нь худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүргийг биелүүлээгүй байх тул түүнээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тод олгож, бичгээр гэрээ байгуулж тохиролцоогүй тул алданги 384 000 төгрөг, баримтаар нотлогдоогүй тул замын зардал 250 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож байна.
Нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч Д.У нь өөрөө биечлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх эрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш нээлтэй явж ирсэн болно.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын хүрээнд товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уас 1 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тод олгож,
нэхэмжлэлийн шаардлагын 634 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 40 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ