Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2020/00665

 

 

 

                                            

 

 

 

 

 

 

                                  129/ШШ2020/00665

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                      

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-34 тоотод оршин суух Боржигин овгийн *******ы *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1994 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Урт булаг гэх газар оршин суух Алаг морьт овгийн Бямбасангийн Мөнхтулгад /РД:АД94071914/ холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Мөнхтулга нь өнгөрсөн хугацаанд хоёр охиноо тэжээн тэтгэх талаар ямар ч санаачлага гаргаагүй, хоёр хүүхдэдээ нэг ч төгрөг өгөөгүй, эцэг хүн үр хүүхдээ тэжээн тэтгэж асран хамгаалах үүрэгтэй. Гэтэл оршин суугаа хаягаа байнга өөрчлөөд уг үүргээсээ санаатайгаар зайлсхийгээд байгааг анхаарч үзнэ үү. Тиймээс хоёр хүүхдийнхээ эцгээр Б.Мөнхтулгыг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг сар бүр тогтоолгомоор байна. Иймд 2017 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин *******, 2018 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн охин нарын эцгээр Б.Мөнхтулгыг тогтоож, эцгээр нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг сар бүр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оноос анх танилцсан нь үнэн. Сууя гээд таваг тавьснаас хойш охин Мөнхзаяа гарахад дахиад таваг тавьсан ирээд 5 хоноод ээжийнх нь бие муу гээд аав нь авчирч өг гэхэд аваачиж өгсөн. Тэр цагаас хойш ирээгүй. Хоёр хүүхдээ өөрийнхөө нэр дээр болгоод авчихсан. Би өөрийнхөө нэр дээр болгоё гээд уйлаад хүртэл хэлсэн. Аав, ээж хоёр нь орон гэр толгойлж чадахгүй дүлий гээд доромжилсон. Би 4 жил харсан гомдолтой байна. Би хүүхэд дээрээ яваад очихоор дургүй байдаг. Надтай сууя гэсэн бодол байдаггүй авъя гэсэн бодолтой байдаг. Би төрөхөд нь шөлний хонь, мал, мөнгө төгрөг өгдөг байсан. Манай ээж хөөж туугаагүй. Д.******* бид хоёр найзлан үерхэж байсан нь үнэн. Д.*******г хэл амаар доромжилсон үл тоосон асуудал гаргаагүй. Харин түүний эх нь намайг хоёр чих дүлий болохоор дүлий гөтөл минь чи манайд ирэх хэрэггүй манай охин Д.*******тай битгий уулз зайл гээд Д.*******тай уулзуулдаггүй. Миний хоёр хүүхэд гээд байгаа Мөнхжин, Мөнхзаяа нарыг Д.*******гийн эцэг *******аар овоглосон. Чи эцэг нь биш гээд эх Сайнтуяа нь гэрээсээ хөөдөг ингэж хэлдэг. Би ерөөсөө архи дарс уудаггүй. Д.*******тай хамтын амьдралтай байя гэхээр бид хоёрыг уулзуулдаггүй, эцэг, эх нар нь манай гэрт ирүүлдэггүй. Намайг аав, ээжтэйгээ танилцуулъя гэхэд Д.*******г манайх руу болон надтай эх нь хамт явуулдаггүй байсан. Хуульд зааснаар Д.******* бид хоёр амьдрахгүйгээс хойш хэн нэгнийгээ бодоод ажил хөдөлмөргүй, орлогогүй, эцэг эхээрээ тэжээн тэтгүүлж хамтран амьдарцгааж байгаа болохоор хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү. Харин Д.******* бид хоёр ярилцаад хоёр хүүхдээ нэг нэгээр нь авах хүсэлттэй байна. Том охин Мөнхжин нь намайг танихгүй, бага охин Мөнхзаяа нь 1 нас хүрээгүй байгаа. Хэрэв би бага охин Мөнхзаяагаа авбал манай аав, ээж хоёр өсгөн бойжуулж чадна. Д.******* ч хамгийн том охин Мөнхжингөө авбал өөрт нь болон амьдралд нь хоёр хүүхэд өсгөн бойжуулж байхаар тустай байх гэж бодож байна. Иймд хоёр охиныхоо нэгийг авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж хариу тайлбар бичив гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******гийн *******, нарын эцэг Б.Мөнхтулга болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******гийн *******, нарыг эцэг Б.Мөнхтулга болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

2017 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн *******, 2018 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн нарын эцэг Б.Мөнхтулга болохыг тогтоолгох нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Б.Мөнхтулга маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхтулга хүүхдийн асрамжийн талаар “хүүхдийнхээ нэгийг өөрийн асрамжинд авна” гэж маргаж байсан боловч шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч 2 хүүхдэд тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийг хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан татгалзлаа өөрчилж *******, нарыг эх Д.*******гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу 2017 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн *******, 2018 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнхтулгаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнхтулгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох,  мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлэгийн хэмжээнд хамаарах улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Боржигин овгийн *******гийн Мөнхжин /РД:АЭ17213140/, Боржигин овгийн *******гийн Мөнхзаяа /РД:АЭ18262589/ нарын эцэг Алаг морьт овгийн Бямбасангийн Мөнхтулга болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу *******, нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнхтулгаар тэжээн тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнхтулгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох,  мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА