Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж

Нарийн бичгийн дарга М.Э        

Улсын яллагч Э.Н

Шүүгдэгч Н.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н-ын Ц-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...дугаар сарын ......-ны өдөр Г аймгийн А  суманд төрсөн, . настай, э.эгтэй, яс үндэс халх, ....... боловсролтой,  ....... мэргэжилтэй, . ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, Улаанбаатар хот, Б дүүрэг, ...-р хороо, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Н-ын Ц  /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц  нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Х-ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ........ дугаарын дансны олон улсын виза картыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн зогсоолоос олж, бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж хохирогчид 355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна 14 цагаас 16 цагийн орчим байх БНХАУ-ын Эрээн хотоос нөхөр N -ийн хамт Замын-Үүд суманд орж ирээд тус сумын Я  нэртэй караокены хажууд байрлах жимсний дэлгүүрт 2 ширхэг чемоданаа үлдээгээд Х хоолны газар орж хоол идчихээд гараад чемоданаа үлдээсэн дэлгүүрийн хажуугаас манай нөхөр N  нэг шар өнгийн карт олоод надад өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө ачаа үлдээсэн жимсний дэлгүүр ороод би 2 ундаа аваад ачаа харуулсан хөлс гэж нийт 11,000 төгрөгийг нөгөө олсон картаараа уншуултал уншчихсан. Тэгэхээр нь би тухайн дэлгүүрээс 50,000 төгрөгөөр 6 удаа, 24,000 төгрөгөөр 1 удаа, 17,000 төгрөгөөр 1 удаа, 3,000 төгрөгөөр 1 удаа нийт 10 удаагийн гүйлгээгээр 355,000 төгрөгийн хатаасан жимс, усан үзэм, мандарин, зэргийг том хайрцгаар нь аваад явсан. Тухайн үед 50,000 төгрөгөөс дээш уншихгүй байсан тул 50,000, 50,000-аар уншуулсан. Тухайн карт нь халаасанд явж байгаад хаягдчихсан байсан. Манай хамтран амьдрагч N   ачаагаа аваад вагон руугаа явчихсан байсан. Би өөрөө тухайн картыг уншуулаад араас нь очсон. Би олсон карт ашигласан талаар хэлээгүй. Би өөрийн учруулсан хохирол 350,000 төгрөгийг барагдуулсан. Шалтгаан гээд байх зүйл байхгүй. Зүгээр л уншуулаад үзсэн болж байхаар нь уншуулчихсан. Би гэмт хэрэг гэж мэдсэнгүй. Одоо өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 63-64/   

Шүүгдэгч Н.Ц  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгосон, дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.   

Хохирогч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Замын-Үүд суманд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ямар ажлаар ирсэн гэхээр "Т " банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн харилцагч нартай уулзахаар ирсэн юм. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагаас 16 цагийн үед би Замын-Үүд сумын 1 дүгээр баг төв талбайн зүүн урд талын "Я " караокены зүүн талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Марк Х загварын машинтай ирээд зогсоол дээр автомашинаа байрлуулаад Төрийн банк орж хугацаа хэтэрсэн зээлтэй харилцагчтай уулзахаар орсон боловч нөгөө хүн нь ажлаасаа шилжээд хот шилжчихсэн байсан учир уулзаж чадаагүй гарсан. Тухайн банкнаас гараад би талбай дээр байрлах Мобиком, Өртөө, Дохиолол холбооны ангиудаар орж харилцагч нартай уулзаад тухайн өдрийн 17 цаг 25 минутын үед "М " ресторанд орж оройн хоолоо идсэн. Хоолоо идэж дуусаад тооцоо хийх гээд өөрийн Худалдаа хөгжлийн банкны ..... дугаарын дансны интернэт банк руу ортол уг данснаас 10 удаагийн гүйлгээгээр 355,000 төгрөг миний зөвшөөрөлгүй гарсан байхаар нь кармандаа банкны картаа хайсан чинь байхгүй байхаар нь хаясан байна гэдгээ мэдсэн. Ингээд би Худалдаа хөгжлийн банкны лавлах руу би картаа алдаад миний картнаас үл таних хүн худалдан авалт хийчихлээ гэж залгасан чинь цагдаад ер нь хандсан дээр гэж хэлэхээр нь би картаа интернэт банкаараа орж хүчингүй болгосон. Би яг хаана гээгдүүлж, хулгайд алдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан төв талбай дээр машинаас буухад карманд байсан, талбай хавиар гээгдүүлж, хулгайд алдсан байж магадгүй гэж бодож байна. Надад тухайн өдөр 602,124 төгрөг байснаас 355,000 төгрөг үл таних хүн миний картаар худалдан авалт хийсэн байсан. Миний алдагдсан олон улсын виза карт нь 30,000 төгрөгийн үнэтэй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, тухайн орчимд дэлгүүр дотор хяналтын камер байхгүй байсан. Надад өөр алдагдсан зүйл байхгүй. Миний хохирлын мөнгө болох 355,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би өөрийн хохирлыг барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 08-11/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр О , С  гэх хүмүүсийн хамт жимс зарж байсан. Би хэр их хүн үйлчлүүлсэн яг хэчнээн хүн үйлчлүүлснийг мэдэхгүй байна. Би тооцоогоо бэлнээр болон пос машин уншуулж тооцоогоо авдаг. Тухайн өдөр үйлчлүүлсэн хүмүүс мөн байна. Манайхаар үйлчлүүлсэн, сайн санаж байна яагаад гэвэл тэр хүүхэн манайхаас олон жинс аваад тооцоогоо шар өнгийн картаар олон удаа зуруулаад тооцоо хийсэн болохоор санаж байна. Тэр хүүхэн эхлээд нэг залуутай орж ирээд ундаа авч уугаад 3,600 төгрөг уншуулсан. Дараа нь тэр хүүхэн 174,000 төгрөгийн хатаасан жимс аваад тооцоогоо хийх гэсэн чинь банкны карт нь код нэхээд байсан. Тэгээд би кодыг нь асуухад манай аавын карт байгаа юм урт кодтой болохоор мартчихаж гээд утсаараа залгаад ээжээ аавын картын код нь хэд билээ ааваас асуучхаач гээд утсаар яриад байх шиг байсан. Тэгээд та асуучих гээд хэлээд утсаа хармаалаад эгчээ та 50,000 төгрөгнөөс доош уншуулаад авчаач гэхээр нь за за гээд би 3 удаа 50,000 төгрөгөөр, 1 удаа 24,000 төгрөгөөр уншуулсан. Тэгээд авч явсан нээх удаагүй нөгөө хүүхэн дахиад орж ирээд хайрцагтай жимс авъя гээд 2 хайрцаг банана, 2 хайрцаг усан үзэм, 2 хайрцаг мандарин аваад нийт тооцоо нь 167,000 төгрөг болоод 3 удаа 50,000 төгрөгөөр, 1 удаа 17,000 төгрөгөөр уншуулаад гарахдаа дахиад 3,000 төгрөгөөр ундаа аваад гараад явсан. Тэр эмэгтэй шар өнгийн картаа анх өөрийнхөө кармаанаас гаргаж надад өгч тооцоогоо хийсэн. Тухайн үед тэр эмэгтэй, эрэгтэйгээс өөр хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Замын-үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр хамт жимс зардаг А , С  гэх хүмүүсийн хамт жимс зарж байсан. Тухайн өдөр төв талбай дээр хөдөлгөөн их байсан. Би хэр их хүн үйлчлүүлсэн яг хэчнээн хүн үйлчлүүлснийг мэдэхгүй байна. Би бэлнээр болон пос машин уншуулж тооцоогоо авдаг. Тухайн өдөр нэг хамгийн сонин нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд надаас эхлээд ундаа авч шар өнгийн картаар 3,600 төгрөг уншуулаад ундаагаа авсан. Тэр үед шууд чипээр нь уншуулсан болохоор код нэхээгүй. Дараа нь хатаасан жимс авсан нийт тооцоо нь 174,000 төгрөг болсон уг тооцоог манай найз Ариунбаяр хийсэн. Тэгээд нөгөө шар картаараа тооцоо хийсэн. Шууд 174,000 төгрөг уншуулсан чинь код нэхсэн. Тэгээд кодоо хийгээрэй гэхэд манай аавын карт байгаа юм аа нууц код мартсан байна олон оронтой байдаг болохоор гэж хэлээд утсаар яриад зогсоод байсан. Тэгээд би тухайн үед хажууд нь утсаа оролдоод сууж байхад нөгөө хүүхэн нь 50,000 төгрөгөөр хэд хэдэн уншуулаад авчхаач гэж хэлж байсан. Тэгээд манай найз хуваагаад тооцоогоо авсан. Нөгөө хүүхэн дахиж орж ирээд 6 хайрцагтай жимс аваад тооцоогоо мөн адил 167,000 төгрөгийг нөгөө шар өнгийн картаараа уншуулаад явсан. Тухайн өдөр үйлчлүүлсэн хүмүүс мөн байна. Би сайн санаж байна. Эмэгтэй нь өвдгөө шүргэсэн хар өнгийн куртиктэй байсан, цагаан өнгийн гуталтай, малгайтай байсан гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Замын-үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр А , О  нарт жимс савлаж хүний ачаа бараа хараад байж байсан юм. Гэртээ ажилгүй хэвтэж байхаар гэж бодоод тэнд очиж байдаг юм. Тухайн өдөр үйлчлүүлсэн хүмүүс мөн байна. Би сайн санаж байна. Эхлээд тэр хоёр эрэгтэй, эмэгтэй ачаагаа харуулсан. Тэр хоёрын ачаа нь улаан цүнх, хар өнгийн 2 дугуйтай цүнх байсан. Тэгээд надад өгөөд хоол идээд ирье гээд гараад явсан. Нэлээн байж байгаад нөгөө хоёр орж ирээд эхлээд ундаа аваад ачаа харуулсны мөнгө нийт 11,000 төгрөг авсан. Тухайн мөнгөө шар өнгийн карт өгөөд Саранбаяраар уншуулсан. Тэр эмэгтэй нэлээн олон хатаасан жимс авчаад нийт тооцоо нь 174,000 төгрөг болсон гэж Сарантуяа бодоод хэлж байсан. Тэр хүүхэн тооцоогоо нөгөө шар картаараа хийсэн. Эхлээд Сарантуяа нийт 174,000 төгрөгийг уншуулсан чинь код нэхэхээр нь кодыг нь асуухад өө яана аа наадах чинь манай аавын карт байгаа юм аа урт кодтой болохоор санахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би гараад гадаа ачаа бараагаа янзалсан. Нээх удалгүй нөгөө хоёр гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэн дахиад хүрч ирээд 6 хайрцагтай жимс аваад явсан. гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч Н  /N / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хамтран амьдрагч Н-ын Ц-ийн хамт БНХАУ-ын Эрээн хотоос 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчим санагдаж байна, Замын-Үүд суманд орж ирсэн. Тэгээд шууд тус сумын 1 дүгээр баг төмөр замын тээшний талбай дээр Ц-ийн хамт буугаад төв талбайн урд талд байрлах гаднаа том дэлгэцтэй хоолны газарт орж хоол идээд гарч ирсэн. Цагийг нь санахгүй байна хоол идэж гарч ирээд вокзал орчмын жимсний дэлгүүрийн зүүн талаас шар өнгийн карт газар байхаар нь авчихсан. Би тухайн картыг олоод шууд хамтран амьдрагч Н.Ц-т өгсөн. Улаанбаатар хот руу явах вагон хөдлөх болоогүй байсан учир Н.Ц-ийн хамт вокзал орчимд байж байхад Н.Ц дэлгүүр ороод хатаасан жимс аваад байсан. Удалгүй вагон ирээд Улаанбаатар хот руу явсан. Би тухайн үед Н.Ц-ийг өөрийнхөө мөнгөөр юм аваад байна гэж бодсон. Би хатаасан жимс авсан дэлгүүрт нэг удаа л орсон. Миний олсон картаар тухайн үед хатаасан жимс авч уншуулсныг би мэдээгүй. Сүүлд цагдаагаас залгахад би учрыг нь ойлгосон. Би тухайн картыг олоод огт өөрөө ашиглаагүй. Н.Ц  тухайн үед миний олсон картаар хэдэн төгрөг уншуулсныг би мэдэхгүй байна. Би Н овогтой Ц  /...../-тэй БНХАУ-д гэрлэлтээ 2023 оны 12 сард батлуулсан. Монгол Улсад бүртгэлгүй. Одоо БНХАУ-ын Өвөр Монголд ихэнхдээ амьдардаг. Бид хоёр хүүхэдгүй. Миний олсон карт шар өнгийн карт байсан. Одоо хаана байгааг нь Н.Ц мэдэх байх. Хатаасан жимснүүдийг найз нартаа тарааж өгсөн гэжээ. /хх-ийн 28-29/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01-02/

Хохирогч С.Х-ы цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /хх-ийн 04/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49-50/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-52/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-60/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-70/

Хохиролд 355,000 төгрөг төлсөн Төрийн банкны хуулга /хх-ийн 72/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Шүүгдэгч Н.Ц  нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Х-ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ...... дугаарын дансны олон улсын виза картыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн зогсоолоос олж, бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж хохирогчид 355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Х-ны мэдүүлэг /хх-ийн 08-11/, гэрч Ц.А-ын мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Ц.С-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Н  /N /-ийн мэдүүлэг /хх-ийн 28-29/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49-50/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-52/, хохиролд 355,000 төгрөг төлсөн Төрийн банкны хуулга /хх-ийн 72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Н.Ц-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч С.Х-д учирсан эд хөрөнгийн хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.Ц нь хохирол 355,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны хуулга /хх-ийн 72/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлыг төлж барагдуулсан байдал, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Н-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц  нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.Б