Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч П.Н- оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Н-д холбогдох эрүүгийн 201722000274 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Н-,

Шүүгдэгч П.Н- нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.М-ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч П.Н- нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.М-ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Ц.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр салсан нөхөр Б-гийнд уулзахаар очсон юм. Бид 2 салаад 3 жил орчим болж байна. Сүүлийн үед 3 хүүхэд маань аавыгаа санаад сэтгэл санааны элдэв хямралд өртөөд үнэхээр хэцүү байхаар нь чи ядаж хүүхдүүдтэйгээ уулзаж болохгүй юм уу гэж ярихаар очсон юм. Тэгээд тэдний хашааны гадаа очоод хаалгаар нь хартал Б- хашаан дотроо явж байхаар нь дуудаад чи хэдий салсан ч гэсэн хүүхдүүдтэйгээ уулзаж болдоггүй юм уу чи хөөрхий хүүхдүүдээ өрөвдөхгүй байна уу бага хүү Батчулуун чинь шөнө ч уйлаад унтахгүй хэцүү байна гэхэд надад хамаагүй одоо тэр хүүхдүүд чинь миний хүүхдүүд биш гээд уурлаад хэрэлдсэн. Тэгж байтал гэрээс хамтран амьдрагч авгай нь найз хүүхэнтэйгээ гарч ирээд чи юун хүүхэн бэ юугаа хийж яваа юм гэхээр нь би энэ Б-гийн өмнөх эхнэр нь байна. Хэдэн хүүхдүүдийнхээ талаар л ярих гэж ирлээ гэхэд чи одоо юугаа ярьдаг юм чи өөрөө нөхрийгөө тууварт яваад ирэхэд нь гэртээ хүнтэй унтаж байгаад баригдаад салсан гээ биздээ, тэгээд ч том хүүхэд чинь Б-гийн хүүхэд биш гэсэн чи суухдаа жирэмсэн ирсэн гэнэ лээ угаасаа бүтэхгүй хүүхэн байна чи гэх мэтээр намайг элдэв янзаар гүтгэж доромжилсон. Тэгснээ чи надтай хэрэлдэж муудалцаад байвал өөрт чинь л муу юм болох байхдаа би бөө удган хүн чамайг идэж уухад тэрэн шиг амархан юм алга гэх мэтээр дайрч доромжилсон. Тэгтэл хамт гарч ирсэн эмэгтэй намайг чи миний 2 найзыг сайхан амьдарч байхад гай болж ирлээ чи муу банзалдаж байгаад баригдаж салсан дээрээс нь амьдаръя гэж гуйгаад байхад нь амьдраагүй гээ биздээ. Одоо яах гээд байгаа муу хар янхан бэ точгоо үнэртүүлсэн гичий минь гээд үсдэж аваад толгой руу цохиод байсан. Тэгж байгаад миний толгой дээр байсан нүдний шилийг унагаагаад хагалчихсан. Миний үснээс зулгаагаад цохиод тавихгүй болохоор нь надтай цуг явсан манай найз хүрч ирээд наад хүн чинь нүдний хагалгаатай хүн цохиж болохгүй ш дээ гээд болиулсан. Манай найзыг цуг яваа нь хүртэл янхан байж таараа иймэрхүү юмнуудыг хөөж явуул гээд орилоод байсан. Тэгтэл Б-гийн авгай хүрч ирээд найзыгаа аваад осон. Тэрнээс хойш 2-3 хоног нойр ч хүрэхгүй зүрх салгалаад нүд уг руугаа өвчин ороод цустай нуух гараад болохгүй болохоор нь би цагдаад өргөдөл өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай

  • Ц.М-ийн биед баруун дээд зовхины салстын үрэвсэл бүхий гэмтэл учирсан байна.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р тал/

Шүүгдэгч П.Н-гийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний тэр өдөр 2-р хороонд аавын хамаатан болох Н- эгчийнд зулын тос аваачиж өгөхөөр очсон юм. Эгчийнх нь хүүхэд өнгөрөөд удаагүй байсан болохоор Н- эгч над руу залгаад зулын тос дуусчихлаа миний дүү дэлгүүрээс зулын тос аваад ирээч гэхээр нь би аваачиж өгсөн. Тэднийд би 1 цаг орчим болоод нөхөр Б-гаар нь хүргүүлэх гээд гартал гадаа нэг хүүхэн ирчихсэн Б-тай хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод яагаад энд хэрүүл хийгээд байгаа юм бэ энд манайхан ажил явдал гараад сэтгэл санаа хэцүүхэн байна гэхэд би энэ Б-гийн хуучин эхнэр нь байна. Уулзахаа та нараар заалгахуу гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Б- та 2 аль эрт салсан гээ биздээ одоо яах гэж яваа юм бэ гэхэд янхан хар авгай минь чамд хамаагүй гээд хэрэлдээд байхаар би чи ямар хаашаа хүүхэн бэ одоо яв гээд цамцнаас нь татсан чинь гараа угзарч аваад явах гэхэд намайг цохих гээд байхаар нь би түлхээд холдуулсан. Тэгсэн чинь толгойд байсан шил нь унаад өөрөө хага гишгэчихсэн. Би уул нь цохиж зодсон асуудал байхгүй чи одоо яв гэж түлхэхэд л өөрөө өөдөөс сарваганаад байхаар нь би цааш нь түлхээд хаячихсан тэгэхэд л тэр нүд нь бохир ороод үрэвсэж өвчилсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000274 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Н-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар П.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ