| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2003004610401 |
| Дугаар | 2021/ДШМ/262 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/262
Д.Хт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
хохирогч Б.Пүрэвдулам, түүний өмгөөлөгч О.Одхүү
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Хт холбогдох эрүүгийн 2003004610401 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
......................., 19.......... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр .......аймгийн Лүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Аврора” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, 15-29а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................;
Д.Х нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлэнгэ” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн 33-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед зогсох боломжтой хурдыг сонгож яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 43 настай Б.Пүрэвдуламыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Хыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хыг 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас нийт 2.983.163 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Пүрэвдуламд олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас нийт 2.983.163 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Пүрэвдуламд олгосугай” гэж шийдвэрлэсэн. Шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу...” гэж зааснаас харахад тус хэрэгт хамааралгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтыг энэ удаад хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Учир нь, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мөрдөгчийн 171 тоот магадлагаа /хх-39/-гаар явган зорчигч Б.Пүрэвдулам нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн. Мөн хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг дээр маргадаггүй. Эндээс харахад тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийн энэ заалтыг хэрэглэх ёстой байтал хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнчлэн тухайн зохицуулалт шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш байх тул гэсэн үндэслэлээр хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь шудрага бус, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч Д.Хын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “Гэмт хэрэг үйлдэсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нь хохирогчид нэн шаардлагатай хагалгааны төлбөр болох 1.008.150 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хохирогчийн өөрийн замын хөдөлгөөний журам зөрчсөн явдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримталж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр юм. Шүүгдэгч Д.Хын хувийн байдлын хувьд гэрээсээ ажил хөдөлмөр эрхэлдэг ганц хүн байгаа юм. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Ээжийнх нь биеийн байдал муу учраас аав нь сахидаг. Анхан шатны шүүхээс түүнд албадан хөдөлмөр эрхлэх ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдлыг илт дордуулсан. Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөөд явж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан албадан хөдөлмөр эрхлэх ялыг торгох ялаар сольж, нэгээс хоёр жилийн хугацаагаар торгуулийн ялыг хувааж төлүүлэх байдлаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Пүрэвдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндээрээ хохирсон учраас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй болж группэд орсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хт оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Би гомдолтой байна.” гэв.
Хохирогч Б.Пүрэвдуламын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч ял хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд тал нь 720 цагийн хугацаатай байдаг. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хыг 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Д.Хт ял хүндэдсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял болгож өгнө үү гэх боловч хохирогчид 2.983.163 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул торгуулийн ял болгох боломжгүй. Шүүгдэгч Д.Х хохирогч Б.Пүрэвдуламд шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө 500.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэх боловч ямар үндэслэлээр, яагаад энэ хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээ тодорхой тайлбарлаж хэлээгүй. Энэ хууль тээврийн хэрэгслийн эзэмшигч, зам тээврийн осолд холбогдсон этгээд зам тээврийн осол үйлдэж, хүний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирвал эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож эдгээр хуулийг баримтлан шийдвэрлэдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч яагаад энэ хуулийг хамааралгүй гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэж гомдолдоо дурдсан. Энэ нь хохирогч буруутай бол хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж байгаа болохоос заавал хэрэглэнэ гэсэн зохицуулалт биш. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шийдвэрийн агуулгаа дэлгэрэнгүй тайлбарлаж дүгнэсэн. Мөн хохирлын хэмжээ нь дээр маргадаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хаас нийт 2.983.163 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Пүрэвдуламд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дүгнэсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан гэмт хэрэг гарсны дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь онцлог шинжтэй байдаг. Гэмт хэрэг үйлдсэн жолооч хохиргчид тусламж үзүүлсэн нь энэ хэргийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Д.Х нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлэнгэ” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн 33-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед зогсох боломжтой хурдыг сонгож яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 43 настай Б.Пүрэвдуламыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Пүрэвдуламын “...Тухайн үед би эсрэг талын дэлгүүр орох гээд зам хөндлөн гарч явтал доороос ирж явсан машин шууд ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унаад ухаан санаа орж гараад байсан, тэр машин өвдөг рүү ирж мөргөснийг би мэдэж байна. Зүүн өвдөгний холбоос тасарсан, ГССҮТ-д хагалгаанд орох гэж байгаа, мөн толгой эргэж дотор муухайраад байгаа. ...эмчилгээний зардалд 2.706.163 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 13-16/,
гэрч И.Хишигдэлгэрийн “...Тухайн үед би засварын газрынхаа гадаа машинтайгаа ирж зогсоод машинаасаа буугаад харахад ертөнцийн зүгээр хойд талын гудамжинд “Тоёота Приус-30” маркийн саарал өнгийн машин зогсож байсан. Тэгээд би гражийн үүдэнд юу хийж байгаа юм бол гэж бодож байтал тухайн машинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд шууд зам хөндлөн гарсан. Тэр үед тухайн эмэгтэйг “Тоёота Приус” маркийн цагаан өнгийн машин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд мөргөсөн, явган зорчигч баруун тал руугаа зам дээр унасан. ...” /хх 19/,
гэрч Б.Батзоригийн “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тухайн осол дээр мөрдөгч М.Сүхбаатар, шинжээч Хонгорзул нарын хамт очиж үзлэг хийсэн. Тухайн үед бороотой, асфальтан зам нойтон байсан тул ослын газарт “Тоёота Приус-20” маркийн 33-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас зорчих хэсэг дээр бэхжүүлж авах тоормосны мөр үүсээгүй байсан. Хэргийн газрын үзлэгийн үед А цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 2.7 м, А цэгээс В цэг хүртэл 3.7 м хэмжээтэй байсан, бүдүүвч зурганд хэмжээсүүд нь тодорхой зөрүүгүй байна. ...” /хх 23-25/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9416 дугаартай “...Б.Пүрэвдуламын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний үений жийргэвч мөгөөрс, булчин, шөрмөс, холбооснуудын урагдал, тасрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зүүн чихэнд шарх, зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 23-25/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 171 дугаартай “...“Тоёота Приус-20” маркийн 33-93 УНП улсын дугаартай автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Пүрэвдулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /хх 39/ гэх магадлагаа,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Хыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Хын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Пүрэвдуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлан “...тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийн энэ заалтыг хэрэглэх ёстой... Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөөд явж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан албадан хөдөлмөр эрхлэх ялыг торгох ялаар сольж, нэгээс хоёр жилийн хугацаагаар торгуулийн ялыг хувааж төлүүлэх байдлаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Б.Пүрэвдулам нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан байдал тогтоогдох боловч шүүгдэгч Д.Х нь үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас уг гэмт хэрэг гарчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Хохирогч Б.Пүрэвдулам нь шүүгдэгч Д.Хаас хохиролд 500.000 төгрөг авсан талаараа давж заалдах шатны шүүх хуралд мэдүүлсэн тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Х нь хохирогч Б.Пүрэвдуламд хохирлын 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ