| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00406/И |
| Дугаар | 156/ШШ2020/00438 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2020/00438
156/ШШ2020/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, ........ гэх газарт оршин суух, Б овогт Г М /РД:......./-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.М, прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1953 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т Г бага охин болон төрсөн. Миний аав Т Г нь залуудаа лам байсан бөгөөд 1938 оны улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлийн 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Ингээд хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Т.Гимпилийн үр хүүхдүүд бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгосон орон сууц аваагүй тул 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Г нь 1938 оны улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлийн 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Түүний хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай магадлалаар цагаатгагдсан байгаа. Иймд Т.Г хүүхэд болох Г.М төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.М нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.М нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Т.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай магадлалаар хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Т.Г нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Г.М нь Т.Г хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 05/000387 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Г.М эцэг нь Т.Г, эх нь О.Б гэх ХААТР-1 маягт,
- БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 019 дугаар тогтоол,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05/1898 тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 599 дугаартай шийдвэр,
- БНМАУ Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай магадлалын хуулбар,
- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 453 дугаартай шийдвэр,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг,
- БНМАУ-ын дээд шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд авагджээ.
Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Т.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Г.М 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ......... регистрийн дугаартай, Б овогт Г М олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА