| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 106/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1034 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй /томилолтоор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
иргэний хариуцагч О.Э ХХК-ийн захирал Д.П,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000000411 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн У, Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** тоотод амьдардаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах байр суурьтайгаар,
Шүүгдэгч Б.У нь гэм буруу дээр маргахгүй, хохирлыг төлөх боломжгүй гэх байр суурьтайгаар тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О.Э ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.У нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд Ю.П.Э.П ХХК-иас 10 ширхэг падаанаар 375,909,090.91 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 37,590,909.09 төгрөгөөр, А ХХК-иас 1 ширхэг падаанаар 145,454,545 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 14,545,454 төгрөгөөр тус тус бууруулж нийт 52,136,363.09 төгрөгийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Баянгол дүүргийн татварын хэлтсийн танилцуулга (1-р хавтаст хэргийн 3-29 дэх тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын “...шалгалтын үр дүнгээр О.Э ХХК нь төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичиж байсан. ...О.Э ХХК нь 2022 онд ямар нэгэн байдлаар харилцах дансаар гүйлгээ хийгээгүй, хоорондын гэрээ хэлцэл байхгүй, шаардлагатай санхүүгийн анхан шатны баримт бичиггүйгээр "А" ХХК, "Ю.П.Э.П" ХХК-аас хэд хэдэн удаагийн НӨАТ-ын хий бичилттэй баримтаар нийт 521,363,636.35 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авсан гэж НӨАТ-ын татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа тусгасан байсан. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн баримт материал байхгүй, бараа материал нийлүүлэх болон ажил үйлчилгээ гүйцэтгэх ямар нэгэн гэрээгүй, төлбөр төлсөн нь харилцах дансны гүйлгээнд тусгагдаагүй байна. Иймд тухайн О.Э ХХК нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Иргэний хариуцагч Д.П-ийн “...2010 онд О.Э ХХК-ийг тээвэр зууч, худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тэгээд 2019 оноос хойш барилгын гадна засвар пасад угсралт, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж одоог хүртэл барилгын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай О.Э ХХК нь анх инженер, нягтлан, ХАБ гэх мэт 4-5 ажилтантай. 2019 оноос хойш өөрийн танил дүү Ц-г компанийн инженерээр ажиллуулж эхэлсэн. Тэгээд 2020 оноос манай компани нэлээн том том төслүүдийн ажилд оролцож эхэлсэн бөгөөд 2021 онд НӨАТ төлөгч болсон учраас нягтлан хэрэгтэй болсон. Гэтэл тэр үед Ц манай найз эмэгтэй санхүүгийн мэдлэгтэй гэхээр нь тухайн эмэгтэй болох У-ыг компанийн нягтлангаар ажиллуулж эхэлсэн. Тухайн үед би ходоодны хорт шарх өвчнөөр оношлогдож эмчилгээ эхэлсэн байсан. 2021 оны сүүлээр өвчин хүндэрч хавдар үүссэн учраас гадагшаа, дотогшоо эмнэлгээр нэлээн явж эмчилгээ хийлгэх болсон. Энэ хугацаанд О.Э ХХК-ийн ажлыг Ц, түүний эхнэр У нар бүрэн хариуцан ажиллаж байсан. Тэгээд би өвчин хүндэрсний улмаас 2023 оны 04 дүгээр сард монголд хагалгаанд орсон. Түүний дараагаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс над руу холбогдон компанийнхаа өр төлбөрийг төлөх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Мөн нийгмийн даатгал болон бусад газруудаас над руу холбогдож өр, төлбөрөө төлөх талаар мэдэгдсэн. Би У, Ц нартай холбогдоод өр төлбөрт орсон гэж яриад байгаа талаар хэлж, ямар өр төлбөр болох талаар асуухад У, Ц нар удахгүй төлөөд барагдуулна, ямар ч асуудал байхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд удалгүй У, Ц нар нь утсаа авахаа больж холбоо тасарсан. Манай компани өөрсдөө дотоод аудит хийлгэж үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын 79 сая төгрөгийн өр төлбөртэй байсан. Уг өр, төлбөрүүдийг У, Ц нар төлж барагдуулах ёстой байгаа. Би өөрөө 2024 оны 05 дугаар сард компанидаа аудит оруулж өр төлбөрөө гаргуулсан байгаа. Манай компани Хаан банкны *** тоот дансыг ашигладаг бөгөөд уг дансны харилцах гүйлгээг 2021 оноос хойш Ц, У нар хариуцаж байсан. Тухайн үед манай компани том том төслүүд дээр ажиллаж эхэлж байсан учраас У-т компанийн дансыг хариуцуулсан. Тухайн үед би У-т итгээд компанийнхаа Ю.П.Э.П ХХК, А ХХК-тай холбоотой татварын өр болох 52,136,363 төгрөгийг У-аас нэхэмжилж төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43-45 дахь тал),
- Гэрч Ш.Х-ийн “...Би одоо Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байна. Тухайн үед буюу 2023 онд Баянгол дүүргийн татварын хэлтэст ажиллаж байхад танай Эрүүгийн цагдаагийн албаны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 81/2168 дугаартай албан бичиг болон хэсэгчилсэн шалгалт хийх 2623301169 дугаартай томилолтоор Б.А болон миний бие О.Э ХХК-ийн 9011250142-ны 2021 оны 04 сарын 14-өөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны НӨАТ-ын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн. Тус шалгалтын үр дүнгээр О.Э ХХК нь төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичиж байсан. Тухайн байгууллага нь татварын мэдээллийн санд (Маягт ТБ-01), Баянгол дүүргийн татварын албанд 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн. Тухайн О.Э ХХК нь 2022 онд ямар нэгэн байдлаар харилцах дансаар гүйлгээ хийгээгүй, хоорондын гэрээ хэлцэл байхгүй, шаардлагатай санхүүгийн анхан шатны баримт бичиггүйгээр А ХХК, Ю.П.Э.П ХХК-иас хэд хэдэн удаагийн НӨАТ-ын хий бичилттэй баримтаар 521,363,636.35 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авсан гэж НӨАТ-ын татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа тусгасан байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 66 дахь тал),
- Гэрч М.М-ийн “...Г.Б групп, О.Э ХХК, Б.Ж ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь манай А гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримтыг бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1.5 хувиар тооцож бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ одоо сайн санахгүй байна. А ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд А ХХК нь тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал),
- Гэрч Д.Б-ийн “...Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний бараа материал худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж нийт үнийн дүнгийн 1-1.5 хувийг авдаг байсан учир цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн гэж бодож байна. Надад Х.А, Б, Б гэх хүмүүс бусад аж ахуйн нэгжүүдийн нэр дээр Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивээд өгөөч гэж гуйдаг байсан учир би шивж өгдөг байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Улсад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Б гэх фейсбүүк хаягтай хүн миний Д.Б гэх цахим хаяг руу *** регистрийн дугаартай аж ахуйн нэгжид 2 тэрбум гаруй төгрөгийн НӨАТ-ын баримтыг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуваагаад шивээд өгөөч гэж 2022 оны 10 дугаар сард гуйхаар нь би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивсэн бөгөөд нийт үнийн дүнгийн 1.5 хувийг өөрийн Хаан банкны *** дансаар сар сард нь авдаг байсан. Мөн Б, Х.А нар нь их олон аж ахуйн нэгжийн регистрийн дугаар явуулж Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан. Би одоо яг хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн НӨАТ-ын баримт шивсэн гэдгийг мэдэхгүй байна. Татварын ерөнхий газраас Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжийн татварын тайланг аваад харах боломжтой. Би Б гэх эмэгтэйн явуулсан аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын баримтыг шивэхдээ нийт үнийн дүнгийн 1 хувиар тооцож харин Х.А-оос ирсэн аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын баримт шивэхдээ 1.5 хувиар тооцож мөнгийг нь тус тус өөрийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан авдаг байсан. Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжийг 2022 оны 09 дүгээр сард Хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор Ядамсүрэн гэх хүнээс үнэгүй авсан бөгөөд нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийж Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжийн татварын санд нэвтэрдэг нэр болон нууц үгийг нь авсан. Ингээд би 2022 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн хүнсний дэлгүүрийг худалдан авах гэж байтал зарагдсан байсан. Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад НӨАТ-ын баримт шивэх боломжтой юм байна гэж бодоод цахим орчинд идэвхтэй байдаг группүүд дээр НӨАТ-ын баримт зарна гэсэн утга бүхий зарыг 2022 оны 10 дугаар сараас эхэлж байршуулсан бөгөөд өөрийн гэр болох Дархан-Уул аймгийн *** тоотод байхдаа НӨАТ-ын баримтыг шивж эхэлсэн. Би Х.А, Б гэх хүмүүсийг сайн танихгүй нэг ч удаа уулзаж байгаагүй. Зөвхөн утсаар харилцдаг байсан. Х.А, Б нар нь цахим орчинд зар байршуулан иргэн аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивүүлэх захиалга авч над руу илгээдэг байсан байх гэж боддог байсан. Ю.П.Э.П ХХК-иас худалдаж авсан НӨАТ-ын баримтыг 1-1.5 хувиар бодож Х.А, Б нар нь миний данс руу шилжүүлж өөрсдөө илүү өндөр хувиар тооцож авдаг байх гэж бодож байна. Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгж нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй тул бусад аж ахуйн нэгжид ямар нэгэн бараа материал зарж борлуулж байгаагүй. Зөвхөн зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. ...2022 оны 10 билүү 11 дүгээр сард ширийн нуруунд гэртээ байж байгаад фейсбүүкээр “нөат авна” гэсэн зарын дагуу А гэх хаягтай хүнтэй холбогдоход “НӨАТ авах гэсэн юм. Өөрт чинь байгаа юу” гэж асуухад нь би “байгаа зарна” гэж хэлээд өмнө харилцаж байсан Б гэсэн хаягтай хүнтэйгээ холбогдож, нэг ёсондоо тэр хоёрын дунд би зуучлах маягтай ажил хийсэн юм. Энэ 2 ч бас яг нэг нэгнийгээ мэдэхгүй байсан ч надаар дамжуулж ажил явж байгааг мэдэж байсан. Тэгээд А надаас тамгатай гэрээ нэхээд байхаар нь би Б /М/ гэх хүн рүү “нөгөө хүн гэрээ нэхээд байна” гэж хэлтэл надад цагаан цаасны гол хэсэгт А гэсэн нэртэй компанийн тэмдэг дараад над руу сканердаж миний *************@gmail.com гэсэн хаяг руу явуулсан. Тэрийг нь би шууд А руу явуулсан. Тухайн үеийн чат, мэйлүүд одоо байхгүй. Устсан байгаа. А ХХК нь М-ийн компани. Үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. А ХХК, иргэн Х.А-той байгуулсан гэрээний талаар би огт мэдэхгүй. Би ийм гэрээ байгуулаагүй. Тухайн гэрээн дээрх гарын үсэг ч минийх биш...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-75, 78-79 дэх тал),
- Гэрч Г.Б-ийн “...Би Б гэх хүнтэй 2022 оны 04 дүгээр сарын эхээр цахим орчинд НӨАТ шивнэ гэсэн зарын дагуу холбогдож анх танилцаж байсан. Тухайн үед би маск болон ковидын түргэвчилсэн тест зарж борлуулдаг байсан бөгөөд аж ахуйн нэгжүүд надаас худалдан авахдаа НӨАТ-ын баримт өгөх боломжтой юу гэж асуудаг байсан учир анх Б-тай холбогдож байсан. Би Б гэх хүнийг урьд харж байгаагүй бөгөөд 2022 оны 05 дугаар сар болон 11 дүгээр саруудад 2 удаа гадуур явж байгаад таарч байсан /цаг хугацааг сайн санахгүй байна/. Тус аж ахуйн нэгжийн захирал болох Б гэх эмэгтэй нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр манай аж ахуйн нэгжид НӨАТ-ын илүүдэл байгаа, манай аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Сар болгон татварын байгууллагад тайлан мэдээгээ илгээдэг асуудалгүй аж ахуйн нэгж гэж хэлсэн учир би итгэсэн. Энэ л миний буруу. Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс яг хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн бараа материал шивүүлсэн гэдгийг санахгүй байна. Би Б гэх хүнтэй утсаар яриад аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг илгээдэг байсан. Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивдэггүй болохоор яг хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн НӨАТ-ын баримт шивсэн талаар мэдэхгүй байна. Зөвхөн Б гэх эмэгтэй рүү аж ахуйн нэгжийн мэдээллийг явуулдаг байсан. Би Ю.П.Э.П гэх аж ахуйн нэгжийн захирал Б гэх эмэгтэйн үгэнд итгэж мэдээлэл дамжуулсандаа үнэхээр их харамсаж байна. Б нь хэлэхдээ тус аж ахуйн нэгж нь ямар ч асуудалгүй гэж хэлж байсан. Би ямар нэгэн шан харамж авч байгаагүй. Зөвхөн Б гэх эмэгтэйд мэдээлэл дамжуулан өгч байсан бөгөөд Б руу явуулсан аж ахуйн нэгжүүдээс бага хэмжээний шан харамж авч байсан (ерөнхийд нь бичүүлмээр байна гэв). Би Б-д НӨАТ-ын баримт шивэх аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг явуулж нийт үнийн дүнгийн 1-2 хувийг НӨАТ-ын баримт шивүүлж буй аж ахуйн нэгжүүдээс авч өгдөг байсан. Би Хаан банканд ***, Худалдаа хөгжлийн банканд ***, Төрийн банк,Хас банк болон Хаан банкны сүүлд нээсэн дансаа цээжээрээ хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-83 дахь тал),
- Гэрч Х.А-ын “...А гэх аж ахуйн нэгжээс Б нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний *** дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг Б руу явуулахад Б нь А гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Зарын дагуу холбогдсон иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч Б гэх эмэгтэйн Хаан банкны ***, *** гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан. Би НӨАТ-ын хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 92-93 дахь тал),
- Гэрч Н.Я-ийн “...Би Ю.П.Э.П ХХК-ийг мэднэ. 2017 оноос 2019 онд сэлбэгийн худалдааны чиглэлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад 2019 онд үйл ажиллагаагаа зогсоогоод 2022 онд тухайн компанийг татан буулгахаар төлөвлөж байгаад 4,000,000 орчим төгрөгийн татварын өртэй байсан учир төлж чадахгүй байсан. Тэгээд 2022 оны хавар, зуны үед байх интернэтээс компани авна, зарна гэсэн зар олж харсан. Тэр зарыг хараад Ю.П.Э.П ХХК-ийг өртэй нь зарж болох юм байна гэж бодоод интернэтэд “компани зарна” гэсэн зар оруулсан. Зарын дагуу хэд хэдэн хүн холбогдсоны дундаас Б гэдэг хүн авахаар их сонирхож байсан. 2022.09.15-ны өдөр бид уулзаж нотариат орж гэрээ хийж Д овогтой Б-д шилжүүлсэн. Тухайн компанийн ашигладаг холбогдох хаяг, тоон гарын үсэг, кодуудыг өөрийн мэйл хаягаар тухайн хүнд явуулсан. Би Ю.П.Э.П ХХК-ийг шилжүүлэхдээ тухайн эмэгтэйгээс мөнгө аваагүй, татварын өртэй болохоор нь мөнгө аваагүй шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.04.19-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 185-216 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 221-250 дахь тал),
- Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 онд би нөхөртэйгөө танилцан, 2020 онд хүүхэд төрүүлэн, 2021 оны 05 сард нөхөртэйгөө хамт хотод амьдрахаар ирсэн. Тэр үед манай нөхөр Ц нь ахтайгаа хамтарч ажил хийхээр болсон байсан. Эхлээд хувиараа ажиллаж байгаад захиалагч компаниуд нь заавал НӨАТ төлөгч заавал байх ёстой, компанитай гэрээ хийнэ гэсний дагуу Д.П буюу О.Э ХХК-ийг НӨАТ төлөгч болгоод гэрээ хийж ажиллаж эхэлсэн. Энэ хоёр хүн хоорондоо тохироод ажиллаж байх явцдаа 2021-2023 он хүртэл гэрээт 17 төрлийн ажил хийсэн. Энэ ажлууд нь бүгд НӨАТ-тай ажлууд байсан учир НӨАТ-нд таарсан баримт, буцаагаад худалдан авалтууд эсвэл ажил гүйцэтгүүллээ гэхэд туслан гүйцэтгэгч компаниасаа баримтаа шивүүлж чадахгүй асуудлууд маш их гарсан. Өөрөөр хэлбэл, хувь хүнээр гүйцэтгүүлдэг тохиолдол их байдаг. Энэ асуудлыг хөнгөвчлөх үүднээс би зар дээрээс харж байгаад Б гэх эмэгтэйтэй холбогдон 500 орчим сая төгрөгийн асуудал байгааг хэлэн эхэндээ 100 гаран сая төгрөгөөр, дараа нь 300 гаран сая төгрөгийн баримт шивүүлсэн. Энэ асуудлыг би Д.П, П.Ц хоёрт хэлж байсан. Мэдэж байгаа. Сүүлд татвараас холбогдон О.Э ХХК татвараас зайлсхийсэн байна. Нөгөө компаниуд нь хуурамч компани байна гэсэн. Ингээд би татварын байцаагч н.Алтанзултай очиж уулзан үнэнээ хэлсэн. Тухайн үед би А ХХК-ийн буцаалтыг хийх гэсэн чинь А нь шалгагдаж байгаа болохоор буцаалт хийгээгүй юм. ...Миний хувьд нөхөртөө туслах үүднээс ажилласан болохоос О.Э ХХК-д ямар нэгэн гэрээ байгуулаад, нийгмийн даатгал төлөөд, цалин хөлс авч байсан удаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
Түүнчлэн татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээдэг ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.
Шүүгдэгч Б.У-ыг О.Э ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Ю.П.Э.П ХХК-иас 10 ширхэг падаанаар 375,909,090.91 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 37,590,909.09 төгрөгөөр, А ХХК-иас 1 ширхэг падаанаар 145,454,545 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 14,545,454 төгрөгөөр тус тус бууруулж нийт 52,136,363.09 төгрөгийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “татвар төлөгч ...хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.У, иргэний хариуцагч О.Э ХХК-ийн захирал Д.П нар “хоорондын хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй” гэж мэдүүлэх хэдий ч Д.П-ийн нягтлангаар ажиллах саналыг Б.У хүлээн авсны үндсэн дээр 2021 оны 5 дугаар сараас эхлэн О.Э ХХК-д ажиллаж, харьяа татвар, нийгмийн даатгалын газарт О.Э ХХК-ийг бүртгүүлэн, үндсэн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ажлыг хийсэн. Мөн өөрийн идэвхтэй үйлдлээр санхүүгийн тайлан мэдээг гаргах, улмаар татвараас зайлсхийх зорилгоор хий бичилт хийх зэргээр ажиллаж байсан нь тэдний хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан гэж гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, мөн зүйл, хэсгийн 7.1.1 -т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” хамаарна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, мөн зүйл, хэсгийн 8.1.1 дэх заалтад “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд...албан татварыг ногдуулна” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх зүйлд “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” их хэмжээний хохиролд, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50.0 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.
Иймд шүүгдэгч Б.У-ыг “татвар төлөгч ...хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэний улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирлыг би нөхөн төлөх боломжгүй. Энийг компани хариуцах ёстой...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...52,136,363.63 төгрөгийн хохирлыг О.Э ХХК-иас гаргуулж улсыг хохиролгүй болгох саналтай байна...” гэж, иргэний хариуцагч О.Э ХХК-ийн захирал Д.П “...О.Э ХХК нь миний өмчлөлийн компани юм. А ХХК, Ю.П.Э.П ХХК-иас 500 гаран сая төгрөгийн бараа үйлчилгээ авсан мэт хуурамч баримт үйлдсэн талаар би мэдээгүй. Жилийн тайлан мэдээг Б.У л гаргадаг. Түүнээс би гарын үсэг зурж байгаагүй. Тоон гарын үсгийн талаар Б.У л мэднэ. Би 100 хувь итгэсний үндсэн дээр зөвшөөрлөө өгсөн...” гэж тус тус мэдүүлдэг.
Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар мэдүүлэгт дүгнэлт хийхэд Д.П нь О.Э ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд мөн бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “...Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна....” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т “...Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж тус тус заасны дагуу О.Э ХХК-ийн санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах этгээдийн нэг нь гүйцэтгэх удирдлага буюу Д.П байна.
Гэвч тэрээр О.Э ХХК-ийн тоон гарын үсгийг ашиглах эрхийг Б.У, П.Ц нарт шилжүүлсэн гэж мэдүүлдэг.
Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “..."тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч хүн, хуулийн этгээдийг; ...хэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “...Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувийн түлхүүрийг бусдад шилжүүлсэн, хувийн түлхүүрийн нууцыг задруулснаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.У нь О.Э ХХК-ийн улсад төлөх татвараас зайлсхийсэн, тайлант жилийн ажлаа тайлагнаж, ашиг орлогыг үнэн зөвөөр мэдүүлж, улсад төлөх татварыг шударгаар төлөх нь О.Э ХХК-ийн үүрэг тул тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч О.Э ХХК-аас гаргуулах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нийт 52,136,363.09 төгрөгийн улсад төлөх татвар буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч О.Э ХХК-иас гаргуулж Татварын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Нөхрөө алдаад маш хүнд байна. Хүнээс уг нь хөрөнгө үлддэг. Надад өр үлдэж байна. Миний өрнүүд нэг нэгээр л нэмэгдээд байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Иргэний хариуцагч О.Э ХХК-ийн захирал Д.П: “...хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол /хохирол төлөгдөөгүй/, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /2 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч Б.У анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч Б.У-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч О.Э ХХК-аас /рд: ***/ 52,136,363.09 (тавин хоёр сая нэг зуун гучин зургаан мянга гурван зуун жаран гурван төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулж Татварын ерөнхий газарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР