| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0950/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1088 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч Д.Д,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508006110375 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-ийн Б, Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, барилгын арматурын ажил эхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Д-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод байрлах гэрт хохирогч Д.Д-г “дээл оёж дуусгасангүй” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хохирогч Д.Д-ийн “...Би 2024.12.20-ны өглөө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод байрлах гэртээ оёдог зүйлээ оёод сууж байтал манай эгч над руу залгаад нөгөө захиалсан дээл болсон уу гэхээр нь би арай болоогүй байна гэсэн чинь яахаараа болоогүй байдаг юм гээд уурлаад байсан. Удалгүй манай гэрт эгч О 7 сартай хүүхдээ тэвэрчихсэн, Д.Б нар орж ирсэн. Тэгээд чи муу яасан юмыг хугацаанд нь өгдөггүй юм, эгчийнхээ өөдөөс юу гэдэг гэнээ гээд миний цээж рүү гараараа түлхэж орон дээр унагаад нүүр лүү гараа зангидаж байгаад 7-8 удаа цохисон. Тэгэхээр нь би намайг битгий зодооч гээд орилсон чинь тэвэрч байсан хүүхэд нь уйлсан чинь хүүхэд уйлаад байна, боль гэж нөхөртөө хэлэхэд нөхөр Б намайг цохиж байгаа үйлдлээ зогсоосон. Дараа нь намайг цохих юм хайж байгаад орон дээр байсан гурилын ганжингаар 4-5 удаа зүүн талын бөөр лүү цохисон. Тэгэхээр нь би хөлөөрөө жийгээд өөрөөсөө холдуулсан. Тэгтэл намайг 2024 онд нас барсан үеэл н.У-ийн үхэлд чи буруутай, чи хүн алаа биз дээ гэх зэргээр намайг элдвээр хэлж байгаад оёулж байсан дээлээ аваад гэрээс гарсан. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цагдаад хандсан...Миний толгой өвдөж байна. Зүүн нүд хөхөрсөн. Бас бөөр хэсгээр хөндүүр оргиод байна...манай хүргэн ах эмчилгээний зардал гэж 500,000 төгрөг өгсөн. Одоо надад эмчилгээний зардал гэж нэхэмжлэх мөнгө тэр хүнээс байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 23-24 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1628 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Д.Д-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Гэрч Д.О-ын “...2024.12.20-ны өглөө өөрийн амьдардаг гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод унтаж амраад нөхрийн хамт Булган аймаг, Гурван булаг сум руу явах гээд захиалсан дээлээ өмсөж явах гээд дүү Д.Д руу захиалсан дээл юу болж байна, өмсөж хөдөө явах гээд байна гэсэн чинь би амжаагүй, хийж чадахгүй байна, дараа хийж өгье гээд утасны цаанаас уурлаад байсан. Тэгтэл нөхөр Д.Б-тэй дүүгийн гэр болох Сонгинохайрхан 33 дугаар хороо, *** байрлах гэрт нь яваад очсон. Тэгээд дээлээ одоо хөдөө өмсөж явах гээд байна гэсэн чинь хийж амжаагүй гээд уурлаад байхаар нь мөнгөө авъя гэсэн чинь мөнгө байхгүй, манай гэрээс зайл гээд уурлаад байсан. Манай нөхөр Д.Б дүү Д.Д-ийн нүүр лүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би очиж Д.Б-ийг болиулаад дээлийн бэлдэц хаана байна гээд асуусан чинь хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би нөхрөө аваад тэднийхээс гарч гэр лүүгээ харьсан. Манай нөхөр Д.Д-ийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Харин манай нөхөр намайг бол цохиогүй. Д.Д-г Д.Б цохиход зөрүүлээд хөлөөрөө гэдэс рүү өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1628 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Д.Д-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Д.Б хохирогч Д.Д-г “дээл хугацаандаа оёсонгүй” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч Д.Б хохиролд 500,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Д.Б хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж хохирогчоос уучлалт хүсэж, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлж байгаа. Хэргийн зүйлчлэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Прокурорын гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг багасгаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож өгөхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 60-67 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 75 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 76-77 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 78-81 дэх тал), Төрийн банкны харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /харилцан үл ойлголцлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР