Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/263

 

 

Л.Эид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Л.Эийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1018 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Эид холбогдох эрүүгийн 2009010590826 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 19............ оны ....... дүгээр сарын ............-ны өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, ............... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........... дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч ажилтай, ам бүл ....... эхнэр, ..........хүүхдийн хамт .............дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Суврага 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............;

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Л.Э албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан” гэх СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж байх үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Өөрийгөө 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирэхдээ нүдээ хөхөрчихсөн ирсэн, автомашин засаж байхдаа пүрш үсэрч гэмтэл авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Эийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гаргасан 2020/ШЦТ/1018 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгөхийг хүсэж байна. Миний зүгээс энэ шийдвэрт гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгч Л.Эийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах хуулийг зөрчсөн. Үүнд: 1. Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Ариунгэрэл нь Л.Эээс гаргасан бүртгэлийн ө-5777 дугаартай гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон дор дурдсан хүнээс гэрчээр мэдүүлэг авав хэмээн мэдүүлэг авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн, мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана” гэх заалттай. Гэтэл гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “хэн гэдэг прокурорын шийдвэрээр ирүүлсэн” гэдэг тодорхойгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авахдаа тухайн зүйлийн 2, 3, 5, 6, 7 дахь заалтуудыг танилцуулсан. Гэтэл 9.6 дугаар зүйл нь 8 заалттай, үүнээс 9.6 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 4-т заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” 8-д заасан “шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэх заалтуудыг тайлбарлаж өгөөгүй байна. Үүнээс үзэхэд гэрч гэдэг этгээд худал мэдүүлэг өгөхгүй байх хууль зүйн ойлголтыг өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн объектив талын шинж нь гэрч, хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгсөн байхыг шаарддаг. Гэвч мөрдөгч нь гэрчид хуульд заасан эрх, үүргийг нь бүрэн гүйцэд танилцуулаагүй процесс хуулийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулин 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн хуулийн 9.6 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тус тус заасан. Үүний ч дагуу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/837 дугаартай шийтгэх тогтоолоор “...Г.Гансүх нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургуулийн баруун талд дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн эрүүгийн цагдаа Л.Эийн “бичиг баримт хураалгах” тухай шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт хохирогчоор тооцогдож, хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцдаа Л.Эийг гэрчээр тогтоож мэдүүлэг авах бус харин хохирогчоор мэдүүлэг авах ёстой байсан. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд Л.Эийг хэрэг бүртгэлтийн 190903248 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт “...би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 09 цагаас 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх өдрийн урд өдөр өөрийн хувьдаа унадаг автомашиндаа засвар хийж байсан бөгөөд янзалж байсан пүрш нь буюу 13-ны өдөр үүрэг гүйцэтгэх гээд ирэхдээ Хэв журмын эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, хошууч Т.Нямсайхан надаас нүдээ яагаад хөхөрүүлчихсэн юм гэж асуухад нь машиндаа засвар хийж байгаад ийм болгосон талаараа хэлсэн. Тэгээд хошууч Т.Нямсайхан нь үүрэг гүйцэтгэхэд ямар нэг асуудал байгаа эсэхийг надаас асуугаад ажилд үргэлжлүүлэн гарсан. Тэгээд 13-наас 14-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад нэг согтуу залуу намайг хөөе ахлагчаа гэх мэтээр доромжлоод байхаар нь очиж барих гэж байгаад хальт цохиулчихсан юм. Энэ хүнд нүд рүүгээ цохиулсан удаа байхгүй. Тэр залуу өөдөөс хэгжүүрхээд байсан. Бас маш их согтолттой байсан, ...би өөрөө гэмтээчихсэн учраас очиж үзүүлээгүй” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Харин тухайн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл нь мөрдөгч, прокурор нь хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь хэргийг тал бүрээс нь шалгаагүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэргийн оролцогч нар шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Үүндээ “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоодог. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр прокурорын 2009000001360 дугаартай тогтоолоор яллагдагч Т.Нямсайханд холбогдох хэргийг тусгаарласан. Тусгаарлах болсон гол үндэслэл нь “...яллагдагч Т.Нямсайхан нь худал мэдүүлэг өгсөн Л.Эийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйлдэлд А.Алтангэрэлийн оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна” гэжээ. Үүнээс үзэхэд Л.Эийг ямар зорилгоор, яагаад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоогоогүйгээс гадна гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, ятгасан этгээдэд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь давхар объекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл худал мэдүүлэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж, зөрчдөг. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулдаг. Гэтэл уг хэрэгт Л.Э нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд биш харин гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн этгээд болох хохирогч юм. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэвч Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх заалттай. Харин гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан. Гэтэл Л.Эийн худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь бодитой хор уршиг учруулаагүй бөгөөд “цагдаагийн алба хаагч бусдад зодуулсан” гэх хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл мөн хуулийн 39.9 дүгээр зүлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Т.Нямсайханы үйлдэлтэй хамт шалгуулахаар хэргийг прокурорт буцааж  өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Нямсайханы үйлдэлийг тусгаарласан нь Л.Эийн үйлдэл, Т.Нямсайханы үйлдэл нь тус тусдаа сэдэл, санаа зорилготой үйлдэгдэж байгаа гэмт хэрэг учраас заавал тусгаарлах нь зүйтэй байсан. Т.Нямсайханы үйлдэлд прокуророос шүүхэд шилжүүлэх саналтай байгаа. Энэ хэргийг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Хохирогчоор тогтоогдсон Л.Эийн цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг нь шийдвэрлэгдсэн. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Л.Эийн өгсөн мэдүүлэг болон бусад хавтаст хэргийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Шүүгдэгч Л.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Л.Э нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Л.Э албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан” гэх СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж байх үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Өөрийгөө 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирэхдээ нүдээ хөхөрчихсөн ирсэн, автомашин засаж байхдаа пүрш үсэрч гэмтэл авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч И.Мөнхсонорын “...Цагдаагийн алба хаагч Л.Эийг дуудлагын дагуу очиход нь зөрчил гаргагч этгээд нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж гэмтэл учруулсан байна. ...Л.Этэй уулзаж мэдүүлэг авахад “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 31 дүгээр байрны хойд талд сааданд хүмүүс архи уугаад, амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу очоод зөрчлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавиад, түүнийг явах гэж байхад нь араас нь барьж авсан чинь эргэж хараад гараараа нүд орчим цохичихсон” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. Тухайн үед Л.Эийн зүүн талын нүд орчим хөхөрч хавдсан, нүд нь юм харж чадахааргүй тагларчихсан байсан. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба өөрөө ч намайг сая цохиод миний нүдийг ийм болгосон гэж ярьж байсан. Би мэдүүлэг авч дуусахад Л.Э эмнэлэг явлаа гээд явсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Л.Эийг цохисон гэх хүнтэй би огт уулзаагүй, тэр хүнийг эрүүлжүүлсэн байх гэж бодсон. ...” /1хх 47/,

гэрч Д.Нямдоржийн “...Дуудлагаар очсоноос хойш шаардлага эсэргүүцээд дийлдэхгүй байна гэж мэдээлэл өгсөн тул Тамир-114 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарыг нэмэгдлээр явуулсан. ...Цагдаагийн ахлах дэслэгч Л.Э нь миний шаардлагыг эсэргүүцэж миний нүүр рүү цохисон гэж хэлсэн. Түүний нүд хавдсан байсан, аль нүд нь хавдсан байсныг санахгүй байна. Ийм учраас тухайн өдрийн хариуцлагатай эргүүл цагдаагийн хошууч Т.Нямсайханд мэдэгдсэн тул Т.Нямсайхан өөр алба хаагчийг Л.Эийн оронд үүрэг гүйцэтгүүлсэн. ...” /1хх 49/,

гэрч Т.Санжаажамцын “...Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Тамир-113 авто эргүүлийн чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Л.Эийн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. ...Бид хоёр очоод болсон асуудлыг тодруулаад бичиг баримтыг нь шаардахад согтуу байсан залуу өөдөөс үг сөрөөд “бичиг баримт байхгүй, яахаараа шалгуулах ёстой юм” гэх зэргээр харьцаж байсан. Тэр үед тухайн талбайг засаж байсан гэх хэдэн залуучууд ирээд “наад залуучууд чинь наана чинь архи уугаад явахгүй, бид нар руу агсраад байна” гэж хэлсэн. Согтуу байсан 3 залууг хэлтэс рүү авч явахаар болоод нөгөө хүмүүсээс хамт явах хэн байна гээд тодруулж байхад нөгөө согтуу залуу чинь над руу “чи муу дэд ахлагч болоогүй шүү, чи бол цаашаа шүү” гэж хэлсэн. Л.Э ах хажуугаас “та яагаад албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байна” гэж шаардлага тавьсан. “Чи муу ахлах ахлагч, офицер болж чадахгүй арчаагүй” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Арай гайгүй байсан 2 найз нь “чи цагдаатай ингэж харьцаж болохгүй” гэж хэлээд нэг найз нь нөгөө согтуу найзыгаа дагуулаад цаашаа гүйсэн чинь Л.Э ах араас нь дагаж гүйгээд би үлдсэн хүмүүст нь цагдаа яваад очоорой гэж хэлсэн. Л.Э ахын араас гүйгээд очсон чинь нөгөө согтуу байсан залуу Л.Э ахтай ноцолдож, эсэргүүцэж байсан. ...” /1хх 56-57/,

гэрч Б.Ариунгэрэлийн “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө надад тус тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Нямдоржийн цохолтоор тухайн гомдлыг хүлээн авч Л.Эийг цохисон Гансүх гэх хүн нь эрүүлжүүлэхээс гарч ирсэн байсныг хүлээн ав, гэрчийн мэдүүлэг аваад явуулсан. Үүнээс хойш Гансүхийг удаа дараа утсаар дуудсан боловч “одоо очлоо” гэж хэлээд ирдэггүй байсан. Тэгээд Л.Э ахтай уулзаад дахин мэдүүлэг авахад хэрэг болохоос өмнө өөрийн машинаа засаж байгаад нүдээ цохиулсан гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн юм уу гэхээр үзүүлээгүй гэсэн. Таны нүдийг ийм байсан гэдгийг мэдсэн хүн байгаа юм уу гэхэд манай ахлах Нямсайхан өглөө үүрэг өгч ажилд гаргахдаа харсан гэсэн учраас би тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Т.Нямсайхан хошуучаас гэрчийн мэдүүлэг авч, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өглөө алба хаагч нарыг үүрэгжүүлэхэд Л.Эийн нүд гэмтэлтэй байсан эсэхийг тодруулахад Т.Нямсайхан хошууч “Л.Э машинаа янзалж байгаад нүдээ гэмтээсэн” гэж өглөө үүрэг өгч гаргахад хэлсэн талаар мэдүүлсэн. Л.Э ахаас асуухаар шүүх эмнэлэгт үзүүлээгүй, гомдолгүй гээд бичиг хийж өгсөн. ...” /1хх 59-60/,

гэрч Б.Заяахүүгийн “...Нэг харсан чинь тэр хэл амаар доромжлоод байсан залуу тухайн цагдаагийн алба хаагчтай зууралдаад, ноцолдоод, эсэргүүцээд байсан. Тэр залуутай ноцолдоод салсан чинь цагдаагийн алба хаагчийн нэг нүд нь улайгаад хөхрөөд хавдчихсан байсан. Аль нүд нь хавдсан байсныг одоо санахгүй байна. ...Анх ирэхэд цагдаагийн алба хаагчийн нүд нь зүгээр байж байгаад тэр согтуураад байсан залуутай зууралдаад салахад л нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. ...” /1хх 60-63/,

шүүгдэгч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Гансүх гэх залуу улам над руу дайраад “чам шиг юм офицер болж чаддаггүй юм, чи офицер хийж чадах уу, ахлах ахлагчаа чи зүгээр бай” гэх зэрэг үгсийг хэлж над руу дайрч, давшилж байсан. Би “та яагаад цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлоод байгаа юм, ямар асуудал болсныг тодруулж байхад” гэхэд над руу дайрч, давшилж хэл амаар доромжилж байхад найз нар нь түүнийг дагуулаад цаашаа явсан. Гансүх нь найзуудынхаа гарнаас мултраад над руу гүйж ирээд намайг барьж аваад зууралдсан. Би зүүн гарыг нь ард нь өчиг хийж баривчлах санаатай ард нь эргүүлэх гэсэн чинь гарыг нь алдаад тонгойсон чинь миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Би цааш нь түлхээд холдуулсан чинь ахиад над руу дайраад зууралдаж байхад манай хамт явсан цагдаа Санжаажамц хүрч ирээд Гансүхийг надаас салгаад гарыг нь ард өчөөд үйлдлийг таслан зогсоосон. Тухайн үед миний зүүн нүд хавдаж овойгоод, уруулын зүүн хэсэгт шалбарсан байсан. Санжаажамц Гансүхийн гарыг ард нь өчөөд машин дээр дарчихсан байж байхад Тамир-114 эргүүлийн чиглэлд гарч байсан дэслэгч Түвшинтөр ирээд гавлаад машиндаа суулгаад хэлтэс рүү авч явсан. Миний нүд хавдаад тагларчихсан, хамраас цус гараад байсан ба би эмнэлэгт хандалгүй шууд ажил дээрээ очиж болсон асуудлыг хэлээд 103-т дуудлага өгсөн байсан болохоор эмч ирж үзээд яаралтай Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл гэсэн. ...Өглөө би ажлаасаа буучихаад Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлнэ гээд гэртээ байж байхад тухайн үед манай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Нямсайхан 96020530 дугаарын утсаараа миний 99530004 дугаарын утас руу залгаад “Ажил дээр хүрээд ир, уулзах шаардлагатай байна” гэсэн. Би ажил дээрээ ирээд хэлтсийн гадаа миний 21-20 УБҮ улсын дугаартай “Стима” маркийн машин дотор Нямсайхан хошууч орж ирээд уулзсан. Нямсайхан хошууч машинд орж ирээд “Урд нь цуг ажиллаж байсан хүн маань гуйгаад байна, өргөдлөө авчих, ах нь хэлээд эмчилгээний зардал мөнгө төгрөгийг нь гаргуулаад өгье, ахлах нь сая хэлээд 1 сая төгрөг авчихлаа, эхний ээлжинд энийг хэрэглэж бай” гэж хэлээд машин дотор бэлнээр 1 сая төгрөгийг тоолж өгсөн. Нямсайхан хошууч чи мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед үүрэг гүйцэтгэж байхдаа нүдээ хүнд цохиулаагүй, өмнөх өдөр нь өөрийн машинаа янзалж байгаад пүрш үсрээд нүдээ цохиулчихсан, тухайн өдөр үүрэг гүйцэтгэхээр ирэхэд Нямсайхан хошууч энэ асуудлыг харсан” гэж хэл гэсэн. Би та цаад хүмүүстэй миний нүдийг эмчлүүлээд гарсан зардлыг нь төлөх юм бол хамаа алга, би тэр хүмүүст гомдол санал гээд байх юм байхгүй, хүсэлтээ бичээд өгсөн ч хамаа алга гэдгээ хэлсэн. Би мөрдөгч Ариунгэрэл дээр орж мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлгээсээ өөрөөр Т.Нямсайхан хошуучийн хэлсэн шиг 24 цагаар үүрэг гүйцэтгэхээс өмнөх өдөр машин засаж байгаад пүрш үсрээд нүдээ цохиулчихсан, өглөө ажил дээр ирсэн чинь Нямсайхан хошууч, намайг харсан гэж мэдүүлэг өгсөн. ...Хамгийн анхны өдөр яг хэрэг болсны дараа ажил дээрээ очоод Мөнхсонор мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг үнэн зөв, түүнээс хойш ахлах байцаагч Нямсайхан нь надтай уулзаад гуйгаад ах нь эмчилгээний зардал мөнгийг чинь хэлээд гаргуулаад өгнө, өргөдөл өгөхөө больчих, мэдүүлгээ дээрх байдлаар үүрэг гүйцэтгэхээс өмнө пүрш үсрээд миний нүдийг гэмтээсэн гээд хэлчих гэсний дагуу дунд нь худлаа мэдүүлэг өгсөн. Би өөрөө дур мэдэж худлаа мэдүүлэг өгөөгүй, нэгдүгээрт манай ахлах гуйгаад байсан болохоор түүний дагуу мэдүүлсэн. Хоёрдугаарт Нямсайхан хошууч ОХУ-ын нэг цэргийн сургуульд сурдаг, төгсөх гэж байгаа сонсогч байгаа юм гэж хэлсэн учраас бусдыг бодоод л мэдүүлгээ өөрчилсөн. Харин хамгийн сүүлд мөрдөгч Энх-Амгалан дээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн юм. ...” /1хх 45-46/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Эийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Эийн “албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан” гэх СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж байх үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Өөрийгөө 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирэхдээ нүдээ хөхөрчихсөн ирсэн, автомашин засаж байхдаа пүрш үсэрч гэмтэл авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нар нь “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл Т.Нямсайханы үйлдэлтэй хамт шалгуулахаар хэргийг прокурорт буцааж  өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Л.Э нь тухайн болсон хэргийн талаар тодорхой мэдүүлсэн /1хх 45-46/ байх бөгөөд түүний мэдүүлэг нь бусад гэрч И.Мөнхсонор /1хх 47/, Д.Нямдорж /1хх 49/, Т.Санжаажамц /1хх 56-57/, Б.Ариунгэрэл /1хх 59-60/, Б.Заяахүү /1хх 60, 63/ нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Л.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1018 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ

                ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ