| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0949/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1089 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч, хохирогч Д.М, Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001248 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Г овогт Д-ын М, Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, хүүгийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Ш овогт Б-ы Ж, Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, С ХК-д ээлжийн механик инженер ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Ж-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.М-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
2024 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н караокены орчимд ил задгай бие засаж, Н караокед үйлчлүүлж байсан Б.Ж нь олон нийтийн газар биеэ засахаа боль гэж шаардлага тавьж хоорондоо маргаан үүсгэжээ.
Улмаар Б.Ж нь буцаж Н караоке руу ороход шүүгдэгч Д.М нь Б.Ж-ыг гар утас хулгайллаа гэх шалтгаанаар түүнийг араас караоке руу орж Б.Ж болон түүний найз нарын хамт өөрийн сууж байсан машин руугаа явсан байна.
Шүүгдэгч Д.М-ын гар утсыг машинаас олох үед тэрээр шүүгдэгч Б.Ж-ын ам тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “уруулд мэс заслын оёдол бүхий шарх, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
- “...хэрүүл маргаан зодоон болоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хохирогч Б.Ж-ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс мөн сарын 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад гараад тус хорооны 86 дугаар байрны хойд талд үл таних эрэгтэй хүн машиныхаа хаалгыг онгойлгож зогсоод бие засаад байхаар нь наана бие засаж болохгүй гэж шаардлага тавьсан чинь миний хэлж байгааг ойлгохооргүй согтсон байсан ба “миний утсыг өг” гээд намайг хөөгөөд байсан. Би зугтаад караокеноос найзуудыгаа дуудсан. Гар утас алга болчихлоо гээд намайг сэрдээд байсан болохоор би М, Л, Э нарын хамт машин дээр нь очиход урд талын суудал дээрээ ганцаараа сууж байсан. Гар утас нь өөрийнх нь машин дотор байсан ба гар утас чинь энэ байна гэж хэлсэн чинь чи тэгээд авах гээд байгаа юм уу гэж хэлээд архины шилээр миний ам руу 1 цохисон. Өөр ямар нэгэн хэрүүл, зодоон болоогүй бөгөөд намайг цохисон хүн өөрийнхөө утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хүн “хэрүүл маргаан болоод байна” гэж хэлээд дуудлага өгчихсөн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Гэрч Б.Л-ийн “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө би найз Б.Ж, М, Э нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй караокед үйлчлүүлж байсан. Тэгсэн чинь Б.Ж гарчхаад буцаж орж ирэхдээ нэлээн амьсгаадчихсан араас хүн хөөгөөд байна гэж хэлээд байж байхад нь араас нь үл таних хөгшин настай эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн үл таних эрэгтэй “Танай найз чинь миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь гарч байгаад учраа олъё. Манай найз хүний гар утас авах хүн биш гэж хэлээд караокеноос бүгдээрээ гарсан. Караокены гадаа ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу 21-р хорооллын автобусны буудлын зүгт алхсан. Саарал өнгийн Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй төстэй загвартай Сэлэнгэ аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба бид нар гар утсыг нь хайсан. Гар утас нь жолоочийн суудлын завсраар уначихсан байхад нь үл таних хүнд олж өгсөн. Б.Ж гар утсыг нь олж өгсөн бөгөөд үл таних эрэгтэй ууж байсан пивоныхоо шилээр Б.Ж-ыг цохичихсон. Б.Ж-ын завжнаас цус гарч байсан ба бид нар цагдаад дуудлаа гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй би өөрөө цагдаа дуудна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Ж-ыг цохиулсны дараа шууд цагдаа дуудсан. Өөр ямар нэг зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Б.М-ийн “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй караокед ажлын газрын Б.Ж, Л, Э, У нарын хамт байсан. У түрүүлээд явахаар болоод Б.Ж гаргаж өгсөн. Хэсэг хугацааны дараа Б.Ж подвалк нь үрчийчихсэн хүнд зодуулах гээд байсан гэсэн зүйл яриад буцаад ороод ирсэн. Удалгүй Б.Ж-ын араас буурал өнгийн үстэй хөгшин хүн ганцаараа орж ирээд Б.Ж руу заагаад миний утсыг аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Би тухайн үед бараг эрүүл шахуу байсан бөгөөд Б.Ж, Л, Э бид дөрөв тухайн хөгшин настай хүнтэй хамт караокеноос гарсан. Караокены ойролцоо байх хөгшин настай хүний машин дээр нь очоод гар утсыг нь хайж өгч байсан чинь тухайн үл таних хөгшин хүн пивоны шилээр Б.Ж-ын ам тус газарт нь цохисон. Би машин дотроос нь тухайн хөгшин хүний гар утсыг нь олж өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Өөр зодоон болсон асуудал байхгүй. Тэр хүний машин дотор хүмүүс архидсан байдалтай байсан. Б.Ж караоке руу орж ирэхийн өмнө тухайн хөгшин настай хүн хоёрын хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. Б.Ж болон тухайн хөгшин настай хүн хоёр нэлээн согтсон байсан. Б.Ж-аас сүүлд асуухад тухайн хүн шээгээд зогсож байхаар нь боль гэдэг шаардлага тавиад хоорондоо маргалдсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Гэрч Э.Э-ын “...Хэсэг хугацааны дараа Б.Ж буцаад орж ирэхдээ намайг зодох гээд байна гээд орж ирсэн. Тэгсэн чинь араас нь хөгшин эрэгтэй хүн ганцаараа орж ирээд Б.Ж руу заагаад миний утсыг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ караокены ойролцоо байх хөгшин эрэгтэй хүний машин дээр очиход машин дотор нь архины шилтэй уусан байдалтай байсан. Нөгөө хөгшин өвгөн архины шил байсан уу эсхүл пивоны шилээр Б.Ж-ын ам тус газарт цохисон. М тухайн хөгшин настай хүний гар утсыг машин дотроос нь олж өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10482 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Б.Ж-ын биед уруулд мэс заслын оёдол бүхий шарх, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 10482 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Ж-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч Б.Ж-ын биед учирсан, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой “уруулд мэс заслын оёдол бүхий шарх, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хохирогч Б.Ж-ын “...тэр ах архины шилээр миний ам руу 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.М-ын зодож цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, тэрээр “...гар утас хулгайллаа...” гэх шалтгаанаар хохирогч Б.Ж-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, ямар нэгэн саналын зөрүүтэй мэтгэлцээн гараагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 85,250 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тус тус нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдсон 85,250 төгрөгийг шүүгдэгч Д.М-оос гаргуулж хохирогч Б.Ж-д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Ж-ын сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.
Иймд хохирогч Б.Ж өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Гэм буруугүйд тооцох тухайд:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж нь “2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй караокены орчим Д.М-ыг “ил задгай бие заслаа” гэж шаардлага тавин Д.М-ын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 3-р шүдний булгарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.М-ын биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд дурдсан хохирогч Д.М-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11741 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судалж шүүгдэгч Б.Ж-ыг гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан.
2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н караокены орчимд ил задгай бие засаж байхыг Б.Ж олж харан шаардлага тавьснаас үүдэн тэдний хооронд маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан шинжлэн судалбал:
Хохирогч Д.М-ын “...үл таних 1 эрэгтэй хүрч ирээд “яагаад шээгээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би гайхаад “цаашаа зайл хэн шээсэн юм бэ” гэж хэлсэн чинь тухайн үл таних эрэгтэй үгийн зөрүүгүй миний ам орчим газарт 1 удаа хүчтэй цохиод миний үүдний 1 шүд унаж, хиймэл шүд хугарсан....” гэж мэдүүлэх (хавтаст хэргийн 56-57 дахь тал) боловч дээрх мэдүүлэгт хэрэгт авагдсан бусад бүхий л нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, нотлох баримтын эх сурвалжгүй байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн үүдэн дээд 3-р шүд булгарч унасан, буйл хонхойж эдгэсэн. ...Дүгнэлт 1. Д.М-ын биед зүүн дээд үүдэн 3-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна...” гэж дүгнэсэн. (хавтаст хэргийн 67-68 дахь тал)
Гэрч Б.Л-ийн “...Гар утас нь жолоочийн суудлын завсраар уначихсан байхад нь үл таних хүнд олж өгсөн. Б.Ж гар утсыг нь олж өгсөн бөгөөд үл таних эрэгтэй ууж байсан пивоныхоо шилээр Б.Ж-ыг цохичихсон. Б.Ж-ын завжнаас цус гарч байсан ба бид нар цагдаад дуудлаа гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй би өөрөө цагдаа дуудна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Ж-ыг цохиулсны дараа шууд цагдаа дуудсан. Өөр ямар нэг зодоон болоогүй...” гэх,
Гэрч Б.М-ийн “...Караокены ойролцоо байх хөгшин настай хүний машин дээр нь очоод гар утсыг нь хайж өгч байсан чинь тухайн үл таних хөгшин хүн пивоны шилээр Б.Ж-ын ам тус газарт нь цохисон. Би машин дотроос нь тухайн хөгшин хүний гар утсыг нь олж өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Өөр зодоон болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М нь 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө буюу маргаан үүссэнээс хойш 36 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд түүний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон боловч гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ.
Хохирогч Д.М-т учирсан “зүүн дээд үүдэн 3-р шүдний булгарал гэмтэл”-ийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй буюу хохирогчид учирсан гэмтэл хэзээ үүссэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байна. Түүнчлэн уг гэмтлийг Б.Ж учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөн хавтаст хэргийн 06 дугаар талд авагдсан 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн буюу гэмт хэрэг гарсан өдрийн илтгэх хуудасны гэрэл зурагт хохирогч Д.М-ын биед ил харагдах шарх гэмтэлгүй байгаа болох нь илэрхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хэрэгт авагдсан, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Д.М-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдохгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
3.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэв.
3.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М-ын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ж-ыг архины шилээр цохисон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч Б.Ж-ын биед хөнгөн хохирол хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /66 настай/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
3.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-ыг хохирогч Д.М-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ж-ыг цагаатгасугай.
2. Г овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-оос 85,250 (наян таван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг, хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР