| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0948/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1090 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22310021670299 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн О, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын ашиглалтын инженер ажилтай гэх, ам бүл 2, хүүгийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.О нь Оросын Холбооны Улсын иргэн О.В.Б-ын орчуулагчаар ажиллаж байхдаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хохирогчийн гар утсыг авч Капитрон банкны аппликейшн руу нэвтрэн орж Капитрон банкны *** дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** дугаартай данс руу шилжүүлэн авсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчийн Капитрон банкны *** дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** дугаартай данс руу шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал),
- Хохирогч О.В.Б-ын “...Би барилгын зөвлөхөөр зөвлөгөө өгөхөөр ирсэн. Сургалтын визээр байсан учир ажил хийх боломжгүй байсан. Мөн тэнд өдөрт 2-3 цаг очиж өөрийн инженерийн мэргэжлийнхээ дагуу тухайн компанийн ажилчдад нь өөрийн мэргэжлийн талаар туршлагаа хуваалцаж мэргэжлийн дагуу сургалт зөвлөгөө маягаар орж байх үеэр О гэх эмэгтэй тэр компанид ажилладаг, мөн Орос улсад бакалавраар сурсан гэж анх танилцсан. Миний ажилчдад өгдөг заавар зөвлөгөөг О надад орчуулж өгч тусалдаг байсан. Мөн тухайн компанид би 7-10 хоног сургалт зөвлөгөө зохион байгуулаад дууссан. Тэгээд тухайн компаниас 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр надад 313,000 төгрөгийн цалин өгнө гэж амласан. Удалгүй компаниас миний цалинг яаж надад өгөх вэ гэхэд би өөрийн монгол дансны дугаараа мэдэхгүй байсан учир О надад тусалъя гээд “би таны мөнгийг өөрийн данс руу шилжүүлээд 1 дэх өдөр буцаагаад таны данс руу шилжүүлээд 1 дэх өдөр буцаагаад таны данс руу шилжүүлье” гэсэн. Тэгээд тухайн байгууллага нь О-ийн данс руу шилжүүлсэн. Хэдэн өдрийн дараа дахин тэр эмэгтэй мөнгийг чинь өгье гээд миний утсыг авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа О “энэ болохгүй байна” гээд миний гар утсыг эргүүлэн өгсөн. 2023.04.25-ны өдөр дахин сургалт зөвлөгөөн дээр очоод О миний гар утсыг дахин аваад үзээд бас болохгүй байна гээд буцааж өгсөн. Би гэртээ ирэн утсаа харахад миний данснаас 04 сарын 24, 25-ны өдрүүдэд нийт 1,500,000 төгрөг гарсан байсан. Энэ талаар би О-д хэлэхэд надад “уучлаарай, би эргүүлэн удахгүй өгнө” гэх мэтээр надад худал хэлж алга болсон учир би цагдаагийн байгууллагад хандсан. О миний үгийг орчуулж надад тусалдаг байсан. Зүс таньдаг хүн. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би гэртээ ирээд дансаа харахад миний данснаас 1,500,000 төгрөг дутсан байсан. Би өөрийн 1,700,000 төгрөгийн үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57, 64-65 дахь тал),
- Капитрон банкны харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 130 дахь тал),
- О.В.Б-ын Капитрон банкны *** дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 131 дэх тал),
- Б.О-ийн Голомт банкны *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 141 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хохирогчийн гар утсыг авч Капитрон банкны аппликейшн руу нэвтрэн орж Капитрон банкны *** дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** дугаартай данс руу шилжүүлэн авсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчийн Капитрон банкны *** дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг өөрийн Голомт банкны *** дугаартай данс руу шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан тул шүүгдэгч Б.О-ийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Б.О нь хохирогчийн зөвшөөрлөөр түүний Капитрон банкны интернэт банкны аппикейшн руу нэвтэрсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй, давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна...” гэв.
Шүүгдэгч: “...Бага насны хүүхэдтэй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88, 94 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 90, 95 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал), татварын ерөнхий газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дахь тал), Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 100-102 дахь тал), НШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 10-01/189 тоот албан бичиг (хавтаст хэргийн 104-105 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 125-126 дахь тал), Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 135-140 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол /хохирол төлөгдсөн/, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 1 удаагийн ял шийтгэлтэй/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч Б.О урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 1 удаа ял шийтгэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч Б.О нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг ялыг бүрэн эдэлсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн эдлүүлэх албаны 10-01/189 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-д нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 280 (хоёр зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 280 (хоёр зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР