| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2020/00294/И |
| Дугаар | 156/ШШ2020/00450 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2020/00450
| 2020 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2020/00450 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2020/00294/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар багт байрлах Б нутаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын .. дугаар баг, ..... тоотод оршин суух, А Г (РД: ..........)-т холбогдох,
худалдаж авсан барааны үнэ 5 600 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.С, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б нутаг ХХК-ийн захирал Ж.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Г нь Б нутаг ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 2013 онд ...Р.С бид хоёр хамтран Баянхутаг суманд барилгын ажил хийж байгаа, ажил маань материалгүй зогсох болоод байна, хоёр ахдаа тусална уу, бөөн тооцоо хийнэ, мөнгө тун удахгүй гүйцэтгэлээр орно, ах нь өөрөө авсан шигээ тооцоогоо хийнэ, найдвартай, худал хэлээд байдаг хүмүүс шиг биш... гээд Р.С гэдэг танил хүнээр хэлүүлж хамт ирээд, дээврийн төмөр, хар цаас, хөөс, тор, бариул, унтраалга, цоож, гэрэл, түрдэг хөрөө ир, арматур, рек төмөр, модны цавуу, цемент, түрдэг хөрөө ир, таслагч гэх зэрэг нийт 7 600 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан юм.
Дээврийн төмрийн 2 000 000 төгрөгийг Р.С өгсөн. Нийт авсан барааны үнэ 7 600 000 төгрөгөөс дээврийн төмрийн тооцоо 2 000 000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 5 600 000 төгрөгөө удаа дараа нэхэхэд шүүхээр заргалдаад ав гээд, худал хэлээд уулзахгүй байгаа...
А.Г нь 5 600 000 төгрөгийг өөрөө төлнө гэдэг. Мөнгөнийхөө оронд ээжид маань 5х4 харьцаатай байшин барьж өгнө гээд зураг аваад байсан учраас би хоёр жил хүлээсэн юм. Би 2017, 2018, 2019 онд Ганбаатар руу очиж мөнгөө нэхэж байсан.
Иймд А.Г 5 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...
...Хариуцагч ирэхгүй учраас түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна... гэв. (хх-ийн 1 тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар багт байрлах Б нутаг ХХК нь хариуцагч А.Г худалдаж авсан барааны үнэ 5 600 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар шүүх нэхэмжлэгч Б нутаг ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч А.Г 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гардуулж, шүүгч эрх үүргийг нь танилцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулж тайлбарласан байна. (хх-ийн 16, 19 тал)
Хариуцагч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан ... нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан: Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хурлын товыг хариуцагчид утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байв. (хх-ийн 26 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч нь хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 104 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г худалдаж авсан барааны үнэ 5 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б нутаг ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч А.Г 104 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б нутаг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ