2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410040140189 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Н-ийн Э, Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, М.Х.Т ХХК-д авто инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь хохирогч С.А-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, шувуун фабрикийн урд байрлах “М.Х.Т” нэртэй карьер дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас С.А-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “...карьер дээр намайг зодчихлоо...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогч С.А-ын “...Би 2024.09.29-ний өдөр ...өөрийн *** улсын дугаартай Хово машинаа бариад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, шувуун фабрикийн урд байрлах “М.Х.Т” нэртэй карьер дээрээс хайрга ачихаар ирээд хайрганы падан авахаар падан бичдэг вагон руу орсон чинь С-ийн нөхөр болох Ц /Н.Э/ над руу өчигдөр падан авахгүй дураараа хайрга ачаад даварчихсан муу баас вэ, бага давраад байгаарай гэж хэлсэн. Би “өчигдөр падан бичдэг хүнтэй ярихад маргааш өглөө ирээд падаанаа нөхөөд авчих гэж хэлсэн шүү дээ, би мэддэг хүнтэй нь ярьсан байсан, эхнэр чинь мэддэг хүн биз дээ” гэж хэлсэн чинь Ц босож ирээд чи ямар том дуутай юм бэ гээд над руу дайрсан.  Эхнэр нь болох С бид хоёрын голоор ороод нөхөр болох Ц-г хаасан чинь миний баруун хөмсөг хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохихоор нь би вагоноос гарсан. Ц миний араас гарч ирээд намайг бариад бид хоёр зууралдаж байхад миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь салаад холдоход Ц-г эхнэр нь аваад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун хөмсөгний хэсэг 1 см орчим сэтрээд цус гарсан. Би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод 3 оёдол тавиулсан. Мөн уруулын зүүн дээд хэсэгт гадна талдаа зулгарсан байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа гэмтлийн эмнэлэг дээр явж байхад утсаар залгаад чи муу явдаг газраа яваад заргалдаарай, чамайг харна. Миний гар хаана хүрдгийг хараарай. Чамайг хачин болгоно гэх зэргээр утасны цаанаас дарамтлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Гэрч Б.С-ийн “...Н.Э бид хоёр хамтран амьдрагч бөгөөд хамт амьдраад 1 жил болж байгаа. Тухайн өдөр Н.Э бид хоёр М.Х.Т ХХК-ийн ажил дээр ирсэн. Нэлээн хүйтэн байсан болохоор ажлын байрандаа гал түлээд, ажлын хувцсаа өмсөх гэж байхад манай компаниас тээвэр хийдэг иргэн С.А гаднаас орж ирээд хайрганы ачилт хийе, зөвшөөрлийн падаанаа авъя гэж хэлэхэд Н.Э Ат ачилт хийх болоогүй байна, ковш асаагаагүй байна, өчигдөр ачилт хийхгүй үеэр чи ирээд ачилт хийсэн байсан шүү гэж хэлсэн.  А Э-д хандаж ачилтыг чи мэддэг юм уу, диспетчер чинь мэддэг юм уу гэж хэлсэн чинь Э чи дандаа дураараа загнах юм, ачилт хийх болоогүй байхад түрүүлж ирчхээд дураараа загнах юм, бид нар хувцсаа өмсөнө, техникээ асаана, болоогүй байна, хүлээх талбай дээр очоод хүлээж бай гэж хэлээд маргалдаад өрөөнөөс гарсан. Би араас нь яараад гарсан чинь хоорондоо барьцалдаад заамдалцаад зогсож байсан. Би голоор нь ороод салгасан чинь А хөмсгөө гараараа арчаад цус гарсан байсан чинь өө п****, чи намайг цохичихлоо гэсэн чинь Н.Э чи ч гэсэн намайг цохисон биз дээ. Адилхан цохилцчихоод гэж хэлэхээр нь би өрөө рүү ороод нойлын цаас авч А-т өгөөд 2 тийш салсан. Би яг цохисон үеийг нь хараагүй. Э өрөөнд орж ирээд п**** чинь хүзүү боосон байна гэж хэлэхээр нь А-ын хөмсөгнөөс цус гарсан байна гэж хэлсэн. Би тэр хоёрыг маргалдаад гарахаар нь араас нь хурдан гарсан. Ямар нэгэн юманд цохих, Э А-ын хөмсөг рүү юмаар цохих хугацаа ч болоогүй. Тийм болохоор хоорондоо барьцалдаж байгаад Э, А-ын хөмсөг рүү гараараа цохисон байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13076 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.С.А-ын биед баруун хөмсөгт шархтай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 13076 дугаартай дүгнэлтээр хохирогч биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч С.А-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Н.Э хохирогч С.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зууралдан нүүрэн хэсэгт цохисны улмаас баруун хөмсөгт шархтай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Н.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба баримтаар хохирол нэхэмжлээгүй ба тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шинжилгээний тухай хуулиар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Иймд хохирогч С.А-ын сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль,  Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.

Харин хохирогч С.А нь өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч  Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой гэж үзэж торгуулийн ял оноох нь тохиромжтой гэж үзэж байна. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 42-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлөх төлбөргүй, хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР