| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-ид холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл ....., ...... хамт ........ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Октябрийн районы шүүхийн ......... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ял биелүүлэхийг хойшлуулж байсан,
1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Найрамдалын районы шүүхийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
2002 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3,123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, ........ дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялуудыг хөнгөнийг нь хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,
2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дэр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жил 5сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 14 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,
2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, нутаг дэвсгэрт байх Монгол зоог цайны газраас 2025 оны 03 сарын 17-ны өдөр орой 22 цаг орчимд хохирогч У.Ж-ийн эзэмшлийн Ай Фонь 13 про макс загварийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол зоог цайны газраас 2025 оны 03 сарын 17-ны өдөр орой 22 цаг орчимд хохирогч У.Ж-ийн эзэмшлийн Ай Фонь 13 про макс загварийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ө.Ж-ийн мэдүүлэг /хх-ийн 4-6/, гэрч Ц.Б-ий мэдүүлэг /хх-ийн 8/, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 15-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/, Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 27-28/, шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогч Ө.Ж Ай фонь 13 про макс (IPhone 13 promax) маркийн гар утсыг буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Б 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасандорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц