Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 156/ШШ2021/00392

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 156/ШШ2021/00392

Хэнтий аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, ....... багт оршин суух, Боржигон овогт Л,Б /РД:../-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, .... тоотод оршин суух, Буурал овогт Э.Б/РД:..../-д холбогдох  гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.У , нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Э.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б 2005 онд танилцаж үерхэж байгаад 2006 оноос нэг гэрт орж хамт амьдрах болсон. 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Б.С , 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.С нар төрсөн. Бид 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд 2015 оноос нөхөр Э.Б нь өөр хүнтэй болж биднээс тусдаа амьдардаг болсон. Одоо Э.Б нь Б  гэдэг хүнтэй амьдарч байгаа. Бид нэгэнт тусдаа амьдраад удаж байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Манай хоёр хүүхэд маань төрөлхийн тагнай сэтэрхий төрсөн бөгөөд уг оношоороо байнгын эмчилгээ хийлгэдэг, хэлний бэрхшээлтэй. Хэл заслын эмчилгээнд Улаанбаатар хотын Эх нялхсын эмнэлэгт эрүү нүүрний тасагт эмчлүүлдэг, эмчийн байнгын хяналтад байдаг тул тэндээ эмчилгээ хийгддэг. Иймд Э.Б хоёр хүүхдэдээ хуулийн дагуу тэтгэлэг гаргуулахаар мөн хүүхдүүдийнхээ улиралдаа нэг явж эмчлүүлдэг зардлыг тухай бүр нь Э.Б хариуцуулж байхаар даалгуулах, 1,100,000 төгрөг гаргуулах болон гэр бүлийн гишүүдийн дундын өмч Priuse-20 маркийн машин болон малаас ногдох хэсгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилуулах нэхэмжлэлийг гаргасан. Одоо бид ярилцаад гэрлэлт цуцлуулж, хүү Б.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, охин Б.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан. Мөн хүүхдүүдийн эмчилгээний зардал гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. 50 толгой малыг 5,500,000 төгрөгт нийтэд нь үнэлж Э.Б мөнгөн дүнгээр шилжүүлж авсан. Миний хувьд бусад нэхэмжилсэн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс татгалзаж байна гэв.

Хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Л.Б  бид хоёр 2006  оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлээ батлуулж 2 хүүхдийн аав, ээж болсон. 2013 оноос гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хөндийрч 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд Л.Б ын гэрлэлтээ цулуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёрын хувьд тус тусын амьдралтай болсон. Бид хоорондоо ярилцаад гэрлэлт цуцлуулж, хүү Б.С хүүхдийн тэтгэлэг өгөхөөр, охин Б.С хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос нэхэмжлэгч татгалзсан. Мөн хүүхдүүдийн эмчилгээний зардал гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан. Эд хөрөнгийн маргааны хувьд 50 толгой малыг 5,500,000 төгрөгт нийтэд нь үнэлж би мөнгөн дүнгээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь бусад нэхэмжилсэн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс татгалзсан. Миний хувьд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ мөн татгалзсан гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Э.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1,100,000 төгрөг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Л.Б ад холбогдуулан мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Э.Б нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Б.С , 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.С нар төрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна. 

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь тус тусдаа амьдрал зохиосон, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Э.Б нь 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.С , 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.С нарыг эх Л.Б ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин, хүүхдүүдийн шүүхэд өгсөн саналыг  харгалзан үзэж охин Б.С , хүү Б.С нарыг эх Л.Б ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Э.Б хүү Б.С хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Л.Б  нь охин Б.С тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болно.

Гэрлэгчид болох Л.Б , Э.Б нарын гэрлэлтээр холбогдох нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэг нь хэвээр үлдэнэ. Мөн хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаа, охин Б.С тэтгэлэг тогтоолгоогүй нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй ба энэхүү эрхийг эх Л.Б , эцэг Э.Б нарын хэн нь ч хязгаарлах эрхгүйг анхаарах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Б  нь хүүхдүүдийн эмчилгээний зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон бусад нэхэмжилсэн 1,100,000 төгрөг болон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс татгалзаж, зохигчид нь хоорондоо ярилцаж гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргааны хувьд 50 толгой малыг 5,500,000 төгрөгт нийтэд нь үнэлж хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Л.Б ад мөнгөн дүнгээр шилжүүлж, хариуцагч Э.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б гэрлэлт цуцалсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б ад олгож, хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 186,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч Э.Б гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Буурал овогт Энхбатын Батсайхан, Боржигон овогт Л,Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.С , 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.С нарыг эх Л.Б ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.С.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /суралцаж байгаа бол хүүхдүүдийг 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Б ад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтглэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Нэхэмжлэгч Л.Б  нь хүүхдүүдийн эмчилгээний зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон бусад нэхэмжилсэн 1,100,000 төгрөг болон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс татгалзаж, зохигчид нь хоорондоо ярилцаж гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргааны хувьд 50 толгой малыг 5,500,000 төгрөгт нийтэд нь үнэлж хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Л.Б ад мөнгөн дүнгээр шилжүүлж, хариуцагч Э.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсныг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б гэрлэлт цуцалсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б ад олгож, хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 186,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч Э.Б гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Б.МАРИНА