Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0092/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Б.Э ,

шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 25180000027 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Ц овогт З-ийн Н , (РД:ДЕ********), 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймаг төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтай,  Д ХХК-д, цувих цехэд операторчин ажилтай, ам бүл-*, эх, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын * дугаар баг, Б * дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Н  нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулсан үедээ Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.08 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч З.Н  нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэврээр “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02:00 цагийн орчим  Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг (1.08 %) согтуурсан үедээ жолоодсон нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчин, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Яллах дүгнэлтэд тусгасан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ди ди баарны орчимд **-** УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 03 цаг 28 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

Гэрч Ю.Б-ийн өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагаас 21-ний шөнийн 03 цагийн хооронд "Согтуу" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд батлагдсан хувиарын дагуу Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж ажилласан. Энэ хугацаанд шөнийн 01 цаг 40 минутанд Дархан сумын 16 дугаар багт байрлах эмэгтэйчүүдийн ордны орчимд замын хөдөлгөөнд оролцоод явж байсан **-** УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг согтуурал шалгагч тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэсэн дохио өгсөн ба согтуурал хэмжигч Драйгер AL7510 багажаар амьсгал дахь спиртийн хэмжээг шалгахад 1.08% согтолттой гарсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч З-ийн Н нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авахуулсан гэж хэлж байсан. Ингээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл үйлдээд тээврийн хэрэгслийг Х ХХК-ийн ачигч машинаар зөөвөрлөж тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хүргэсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

З.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Манай байгууллагын шинэ жил нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багт байрлах Ди ди бааранд болсон юм. Ингээд би тухайн үед шинэ жил болж байгаа юм чинь гэж бодоод жоохон архи болон 500 граммын Касс гэх нэртэй пиво уусан бөгөөд манай шинэ жил нь 2024 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд дууссан болохоор нь би өөрийнхөө  **-** УБА улсын дугаартай ногоон өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Ди ди баарны урд талаас нь жолоодоод Дархан сумын 13 дугаар багт байрлах Алфа хотхон руу жолоодоод замын хөдөлгөөнд оролцож байхад намайг цагдаа зогсоож шалгасан бөгөөд би тухайн үед уг цагдаагийн алба хаагчид өөрийгөө 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулсан гэдгээ хэлсэн юм. Ингээд уг цагдаагийн алба хаагч нь намайг төв Цагдаагийн газар авч ирээд драгер багажаар миний согтолтын зэргийг хэмжих үед 1.08 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 20-24 дэх тал),

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 37-40 дэх тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.08 хувийн үзүүлэлт илэрч З.Н  нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

            Согтуурал шалгах багажийн баталгааны хуудас болон багажийн гэрэл зураг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч З.Н  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч З.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Н  нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд эрүүжүүлэн хориглосон үйлдэл хийгдсэн цаг хугацааг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч З.Н-ийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэрэг төгссөнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг:

 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

   Улсын яллагч: Шүүгдэгч З.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius 20” маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /1,08 хувь/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирол учраагүй учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч З.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хасах, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 25 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28-35 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал болон цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж дүгнэлээ.

Хэрэв шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 20 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч З.Н-д хорихоос өөр төрлийн ял шийтгээсэн учир түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт З-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 20 (хорь) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Шүүгдэгч З.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН