Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0089/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Б.Д,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Н.Т түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000033 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын Т , (РД:ТЕ******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа машин засварын газар ажиллуулдаг, ам бүл 2, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, ** дүгээр баг, ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дүгээр баг ** байрны ** тоотод согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Э-ийн нүүр гуя, бугалга хэсэгт нь “...гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх...” зэргээр санаатайгаар халдаж, биед нь баруун ухархайн доод хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алимд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн гуя, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дүгээр баг ** байрны ** тоотод согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Э-ийн нүүр гуя, бугалга хэсэгт нь “...гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх...” зэргээр санаатайгаар халдаж, биед нь баруун ухархайн доод хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алимд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн гуя, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Дархан-Уул аймаг ** дүгээр баг, ** байрны ** тоотод 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үл таних эрэгтэй хүнд зодуулсан гэж гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 45 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Б.Э-ийн “...Б  овогтой Э миний бие 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ дэлгүүр орох гэж гараад буцаад орох замд 1 давхарын Ө*** гэдэг хүн ороод ир гэхээр нь ортол 6 залуу архи ууцан сууж байсан. Тэдний нэг нь жижиг өрөөнд чирч ороод чамайг ална гээд хүнд хэрцгийгээр зодож миний биед халдсан. Намайг зодож байхад олон залуучуудын нэг нь боль гээгүй. Би зугтаад гэртээ орсон. Маш их гомдолтой байна” гэх өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Дархан сумын **  багт байрлах ** байр нь бор шаргал өнгийн 5 давхар ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 3 орцтой байх ба 3 гэсэн дугаартай орц руу орж ** давхарт ** тоот руу ороход 3 хэсгээс бүрдсэн байх ба хэрэг учрал  болсон гэх жижиг өрөөнд үзлэг хийхээр тогтов. Жижиг өрөөн нь байрны урд хэсэгт байрлаж байв. Уг өрөөн доторхи үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Уг өрөөний хана дагуу жижиг LCD зурагт, дээд талд нь гэр бүлийн зураг, цонхны баруун талд жиижг 2 шургуулгатай модон шүүгээ хана дагуу матрасс дээр нь хөнжил, гудас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн том өрөөнд хийхээр тогтов. Гал тогоо том өрөө хамт байсныг тэмдэглэлд тусгав. Том өрөөний зүүн талд гал  тогооны тавилга байх ба гал тогооны ширээ 2 талд нь бор өнгийн модон сандал үргэлжлүүлэн өрөөний баруун хэсэгт матраас, матрассан дээр ажлын хувцасны хамт улаан хүрэн өнгийн цамц байх ба дээд хэсэгт хананд гэр бүлийн зураг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байх тул үзлэгийг 21 цаг 50 минутад дуусгав” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Дархан сумын ** дүгээр баг, ** байрны ** тоотод байсан 5 эрэгтэй хүний гэрэл зургийг байрлуулж, 1-5 хүртэл дугаараар тэмдэглэж таньж олуулах ажиллагаа явуулав. Хохирогч Б.Э 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын ** дүгээр баг ** байрны ** тоотод намайг зодсон хүний гэрэл зураг * гэсэн дугаартай байна, намайг зодож миний биед гэмтэл учруулсан хохирол учруулсан хүн дундаж махтай, ширүүн төрхтэй, бор царайтай хүн байсан” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” (хавтаст хэргийн 17-22 дахь тал),

 

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Б-ийн Э-гийг хохирогчоор тогтоох” мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Хохирогч Б.Э-гийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд би дэлгүүр орох гээд гэрээсээ гарсан юм. Би дэлгүүр орчихоод буцаад гэрлүүгээ орж байхад манай орцны 1 давхрын Ө  ахын хаалга нь онгорхой өөрөө зогсож байсан тэгээд намайг ороод ирээч гэхээр нь би яваад ортол 4-5 хүн сууж байсан. Тэгсэн тэнд байсан нэг ах намайг дагуулаад нөгөө жижиг өрөө рүү орсон, оронгуутаа үсдэж унагаагаад дээрээс шууд гараараа зодоод эхэлсэн би болиочээ гээд зөндөө орилсон нэг ч хүн орж ирж болиулаагүй. Тэгээд намайг босож чадахгүй хэвтэж байхад гарахдаа нүүр лүү шууд өшиглөчихөөд гараад явсан. Намайг орхиод гарчихаар нь би гялс босоод гараад гэрлүүгээ орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

Гэрч Б.А гийн өгсөн “... Би тухайн өдөр гэртээ байсан өдөр 13 цагийн орчимд манай эхнэр Б.Э дэлгүүр орчихоод ирнэ гээд гэрээс гарсан юм. Тэгээд ойролцоогоор 30-40 минут орчмын дараа манай эхнэр зодуулчихсан нүүр ам цус нөж болчихсон орч ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад 1 давхарын айлд ороод зодуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

Шүүгдэгч Н.Т ын өгсөн “... Би тухайн өдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Б гэх найзындаа байж байгаад өдөр буюу 12 цагийн орчим хуучин хороололд гэртээ очиход манай дүү Ө-тай хамт Д , Т , О  гурав цуг архи уугаад сууж би ороод ууж байсан архинаас нь нэг татчихаад хэвтээд өгсөн. Намайг хэвтэж байхад нэг согтуу хүүхэн гаднаас орж ирсэн би бол танихгүй манай дүү Ө ыг таньдаг юм шиг байсан. Орж ирээд нөгөө хэдтэй архи уугаад байх шиг байсан. Би хэвтэж байгаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь бүгд гараад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

Гэрч Н.Ө ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байсан бөгөөд хэдэн цагийг нь сайн мэдэхгүй байна. Т , Д , О  гурав манайд орж ирээд бид нар архи уугаад сууж байхад манай ах Т  гаднаас орж ирээд хэвтсэн. Гаднаас орж ирэхдээ архи уучихсан байсан. Бид хэд сууж байхад манай орцны 4 давхарын хүүхэн гаднаас  согтуу орж ирсэн тэр үед нь Т,  Д , О  гурав гараад явчихсан юм. Тэгээд ах тэр хүүхэн бид гурав үлдээд манай ах унтаж байсан. Би Б.Э  гэх хүүхэнтэй үлдсэн та шил архиа гаргаж ирээд ууж байгаад ойр зуурын юм ярьж байгаад маргалдаад тэр хүүхэн бас нилээн согтуу надруу архины шил шидэхээр нь уурандаа босож ирээд нүүрэнд нь хоёр удаа алгадаад авсан юм. Тэгээд жижиг өрөөнд оруурсан байсан, удалгүй гараад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай “...Б.Э-ийн биед баруун ухархайн доод ханаы хугарал, хамрын таславч муруйлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, баруун зүүн хацар, зүүн гуя, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна, учирсэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

 

Саран элит эмнэлгийн “Дүрс оношилгооны шилжилгээний хариу (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

Яаралтай тусламжийн 202412162352 дугаартай хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал),

Дархан-Уул аймаг “Саран-Элит” клиникийн эмнэлэг дүрс оношилгооны тасаг, рентген оношилгоо (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Т : “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу, би хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв

 

Хохирогч Б.Э : “...зодуулсандаа гомдолтой байна. Н.Т  гэдэг  хүнийг танихгүй, сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэв”

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Т  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд учирсан 3,960,000 төгрөгийн хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 92,005 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул  бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн ойлгож ухаарсан. Шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн байр суурьтай санал нэг байна гэв.

 

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 73-79 дэх тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Т-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

4. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТ-АМГАЛАН