Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0519/Э/219/2024/0044

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч Ч.М ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н , түүний өмгөөлөгч Э.О

иргэний нэхэмжлэгч Б.А ,

шүүгдэгч Б.А  , түүний өмгөөлөгч Ө.Э  (цахимаар),

шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч Л.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000650235 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Б-ын А  (РД:МБ*******), 19*** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Уул уурхай машин механизм электрон тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг, Ш ХК-ийн ахлах механик ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол Улсын иргэн, Б  овогт С-ийн С, (РД:ТЯ*******), 19** оны * дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинч, оператор мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Ш ХК-д экскаваторын машинч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт  Дархан-Уул аймаг, ** дугаар багт байрлах ** хотхон **-** тоотод  оршин суух бүртгэлтэй, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** багт үйл ажиллагаа явуулдаг Ш ХК-ийн хашаан дотор НІТАСНІ-1900 маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Б-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч С.С нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн **  багт үйл ажиллагаа явуулдаг Ш ХХК-ны хашаан дотор НІТАСНІ-1900 маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  улмаас Н.Б -ийн амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.А  нь Дархан-Уул аймгийн  ** багт үйл ажиллагаа явуулдаг "Ш" ХК-ний нүүрсний уурхайд засварын ахлах механикаар ажиллаж байхдаа "НIТАСНI-1900 маркийн экскаваторын шанага нээгдэхгүй эвдэрсэн" гэх дуудлагыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим хүлээн авч Т.У , Н.Б , Б.Га  нарыг удирдан засвар хийхээр тухайн газарт очсон.

Шүүгдэгч С.С  нь НIТАСНI-1900 маркийн экскаваторын оператороор,  туслах оператор Н.Лх-ийн хамт засвар хийх газар ажлын хэсгийг хүлээж байсан.

Ахлах механик Б.А-аар ахлуулсан ажлын хэсэг ярилцаж байгаад экскаваторын шанагны пайлцийг авч гидрийг салгаж авах ажлыг эхлүүлсэн. Засварын ажлын явцад Б.А  өмсөж байсан каскаа авч экскаваторын шанага дээр тавьсан. Шанаганы пайлцийг салгаж авах гэхэд хөдлөхгүй байсан тул Б.А нь оператор С.С тай ярилцаж экскаваторыг асааж, шанагыг хөдөлгөж үзэхээр болсон. Энэ үед Б.А ын гар утас дуугарч утсаар ярьж байх хооронд оператор С.С  эргэлтийн радиусаас ажилчдыг холдуулаагүй, зөвшөөрөл, дохио өгөөгүй байхад экскаваторыг асааж шанагыг хөдөлгөхөд шанага дээр байсан Б.А ын каск унасан. Талийгаач Н.Б нь Б.А ын каскийг авахаар шанаганы завсар орж хавчуулагдаж биед нь баруун, зүүн чөмөг ясны ил хугарал, тайралт, аарцаг, ясны хоёрчилсон хугарал, баруун, зүүн хөлний булчин болон судас мэдрэлийн урагдал, зүүн төмсөгний няцрал, хуйхнаг орчмын урагдал, давсагны хананы няцрал, зүүн өгзөгний арьсны зулгаралт бүхий хүнд гэмтэл учирч гэмтлийн шок болон цус алдалтын шокын улмаас нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Дархан-Уул аймгийн **-т үйл ажиллагаа явуулж буй Ш Хк-ийн хүнд машин механизмын засварчин ажилтай Н.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд уурхай дээр ХИТАЧИ-1900 маркийн эксковаторт засвар үйлчилгээ хийж байгаад гэмтсэн гэх” гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 48 минутад хүлээн авсан тэмдэглэл. (1 дүгээр хавтаст   хэргийн 13 дахь тал),

 

2024 оын 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь *** багийн нутаг дэвсгэрт байрлах Ш ХК-ийн хашаан дотор байсан байх ба Ш ХК-ийн хаалгаар нэвтэрч ороод харуулын байрны постоос машинаар нүүрс олборлодог карьер руу машинаар шороон замаар уруудаж яваад хэрэг учрал болсон газарт ирэхэд 1.4 км явсан байх ба уг газар нь баруун жигүүрийн маршал гэх нэртэй байх ба уг газарт хөрс хуулалт хийж байсан гэх  бөгөөд тэгш гадаргуу газарт улаан өнгийн EX051 гэсэн бичигтэй экскаватор нь цаашаа газарт тулсан байдалтай, ертөнцийн зүгээр хойд талруу харсан байрлалтай зогсож байв. Уг экскаваторын ертөнцийн зүгээр баруун талд уул, зүүн талд овоолсон шорообайх бөгөөд уг хэсгийг харахад доош, урагшаа карьер түүний цаана автомашинууд шороон замаар явж байгаа харагдаж байлаа. Ертөнцийн зүгээр урд тал буюу экскаваторын хойд талд өндөр шороо байв. Тэгш гадаргуу дээр зогссон экскаваторын шанага нь газар тулсан байх бөгөөд шанага доод талд хар өнгийн даавуутай түлхүүр, багаж улаан өнгийн тасдагч багауж, лоом, алх, төмөр багажнууд байрлуулсан байх ба уг багажнуудын ертөнцийн зүгээр зүүн урд талд N.B  гэсэн бичигтэй экскаваторын шанганы тасалгааны таг гэх төмөр байх ба экскаваторын шанаганы тасалгааны таг гэх төмөр байна” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 14-21 дэх тал),

 

2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” (1 дүгээр хавтаст хэргийн 23-42 дахь тал),

 

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...Н.Б рыг хохирогчоор тогтоосон тухай” мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал),

 

Хохирогч Н.Б ын өгсөн “...Би Дархан-Уул аймгийн ****  үйл ажиллагаа явуулж байгаа Ш ХК-д хүнд машин механизмын завсарчингаар ажилладаг. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө ахлах механикч Б.А аас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зуран ажилдаа гарсан. Манай компанид Экскаватор 51 маркийн экскаватор засвар хийх явцад шанаганы пальцийг сугалж авах явцад биеийнхээ бэлхүүс хэсгээр хавчуулагдсан. Тухайн пальцыг сугалж авдагч ба уг үйл явц нь операторын харагдахгүй орчинд буюу сохор бүсэд явагддаг. Дээрх засварын үйл ажиллагааг урьд өмнө нь өнөөдрийнхтэй ижил байдлаар явуулж ирсэн. Том оврын экскаватор учраас гадна талбайд засвар үйлчилгээ явуулж байсан. Тухайн үед ахлах механик А, Б.Г, Б , 51-н туслах бид нар байсан. Би экскаваторын нэрийг сайн санахгүй байна. Засвар эд дундаа явж байсан ба байрлуулах явцад би хавчуулагдсан. Тухайн осол 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг 20 минутын орчимд болсон. Би экскаваторыг ажиллаж байх явцад цилиндрийн пальцийг сугалж авах ёстой учраас пальцийг татаж байгаад хавчуулагдсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал),

 

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.А г тогтоосон” мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ийн өгсөн “...Талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 60,000,000 төгрөгийг хадам аав Б.Н ийн хаан банкны дансанд 2024 оны 02 дугаар сард өгсөн. Буяны ажилд зарцуулаарай гэж 10,000,000 төгрөгийг манай хадам ээж С-д 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр Ш ХК-ийн захирал өгсөн. Өөр ямар нэгэн мөнгөн төлбөр төлсөн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт 70,000,000 төгрөг өгсөн. Би сэтгэл санааны хохирлоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байна. Өөрт аль ашигтай байдлаар гаргуулах хүсэлтэй байна. Би өөрийн бага насны хоёр хүүхэдтэйгээ үлдсэн мөн хоёр хүүхдээ хохирогчоор тогтоолгох хүсэлтэй байна. Би хадам аав Б.Н-ийн хамт 2024 оны 2 дугаар сард ** ХК-ийн захирал Б.М-тай уулзах үед манай хүүхдийг 16 нас хүртэл нь уурхайгаас тэтгэмж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар ямар нэгэн тэтгэмж огт өгөөгүй. Би хуулийн дагуу гаргах боломжтой хохирол төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би бага насын хоёр эрэгтэй хүүхэдтэй үлдэж байгаа. Хоёр хүүхдээ цаашид өсгөхөд би ганцаараа хөдөлмөрлөхөд багагүй бэрхшээл тулгарах байх гэж бодож байна. Тийм учраас *** ХК-ийн зүгээс надад болон миний хүүхдүүдэд бодитой тусламж дэмжлэг үзүүлэх санал гаргасан тохиолдолд ярилцаад хохирол төлбөрийн асуудлыг эвийн журмаар шийдүүлэх боломжтой гэж бодож байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал),

 

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “...*** ХК-ийн захирал Б.М-ыг иргэний хариуцагчаар татсан” мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал),

 

Гэрч Г.В-ийн өгсөн “...Би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтэл согогийн их эмчээр 2023 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 26 минутад хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар орж ирэх үед биеийн байдал хүнд байсан. Асуумжаар 11 цагийн орчимд **** уурхайд экскаваторын шанаганд хавчуулагдсан гэх сумын эмч сувилагч нарын баг хүргэн ирсэн. Анхан шатны үзлэг хийж үзэхэд хүний биеийн байдал маш хүнд судамны цохилт 1 минтад 135 удаа, хүчил төрөгчийн хангамж 92%-тай тодорхойлогдсон, артерийн даралт тодорхойлогдохгүй байсан. Гэмтлийн эмчийн тусгайлсан үзлэг хийж үзэхэд аарцаг бүсэлхий, нуруу 2 хөлөөр тэмтэрч үзэхэд маш их эмзэглэлтэй, баруун хөл түнх хэсгээр хэлбэр бүтэцээ алдсан, эмгэг хөдөлгөөнтэй, тухайн хэсэг газар их хэмжээний хаван хавдартай, баруун болон зүүн гуяны дотор хэсэгт зүсэгдсэн язарсан ил шархтай. Шарханд анхдагч цэгцлэлт хийсэн боловч оёдлын завсар цус урсан гарч байв. 2 хөл бүхэлдээ хаван хавдар ихтэй өнгө цайрсан хүчтэй мэдрэгдсэн, баруун хөлийг тэмтэрэн үзэхэд судасны лугшилт мэдрэгдэхгүй. Ингээд анхан шатны үзлэг хийж дуусаад шаардлагатай оногшилгоо, шинжилгээг хийж эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багтай холбогдож өвчтөний талаар танилцуулж Дархан нэгдсэн эмнэлэгт мэс заслын асуудал шийдвэрлүүлэхээр эмч нарын хамтарсан багийг дуудуулж тухайн эмч нарыг ирэхээр хамтарч мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Мөн өвчтөний гадна бэлэг эрхтэн нь бүрэн бүтэн байдлаа алдсан язарсан ил шархтай байсан болно” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

Гэрч Б.Н-ийн өгсөн “...Манай хүү 1994 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод миний ууган хүү болон мэндэлсэн. Шарын гол сумын 2 дугаар сургуулийг 2002 оноос 2012 оныг хүртэл суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2013-2016 оны хооронд Улаанбаатар хотод Монгол Солонгосын хамтарсан коллежид суралцаж автын инженер мэргэжил эзэмшсэн. 2018 онд А-тай гэр бүл бололцож хоёр хүүтэй болсон. *** ХК-нд 2018 онд автын засварчинаар томилогдож ажиллаж байсан. Манай хүү архи дарс хэрэглэж байгаагүй. Хүнтэй ерөөсөө маргаж байгаагүй, хүнтэй их эвтэй сайхан харилцдаг байсан. Манай хүү засварын хэсэгт ажилладаг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал),

 

Гэрч Г.М-ын өгсөн “...Би *** ХК-д хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын хэлтсийн даргаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах дотоод журамд зааснаар шинэ ажилтны сургалтыг хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын хэлтэс, жилдээ нэг удаа нийт ажилчдын сургалтыг хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын хэлтэс хариуцаж явуулахаар **** ХК-ийн дотоод нийтлэг журамд заасан байдаг. Ээлжит давтан зааварчилгааг сар бүрийн эхний 7 хоногт, ээлжит бус давтан зааварчилгааг шинэ тоног төхөөрөмж ашиглалтад орох, заавар зааварчилгаанд өөрчлөлт орох, осол гарсан тохиолдолд тухай бүрд өгөгдөнө. Харин өдөр тутмын зааварчилгааг тухайн хэсэг нэгжийн дарга, инженер, мастер механикууд өгөхөөр **** ХК-ийн дотоод нийтлэг журам дээр журамласан байдаг” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал),

 

Гэрч Х.Б өгсөн “...Би өглөөний 07 цагт *** ХК-ны захиргааны 2 давхарт байрлах хурлын зааланд өглөөний удирдлагуудын наряданд сууж байхад шөнийн 01 буюу уулын дарга экскаватор 51-ийн шанага онгойхгүй байх тул засварлуулах шаардлагатай байна гэж хэлсний дагуу бичиж тэмдэглэн авсан. Тэгээд би засварын хэсгийн нарядын өрөөнд орж хүнд машин механизм хариуцсан ахлах механик Б.Ат экскаватор 51-ийн шанага онгойхгүй, экскаватор 47-ын гидро гоожсон, экскаватор 56-ын яндан гагнах талаар наряд өгч гарын үсэг зуруулан 08 цаг 20 минутын үед ажилд гаргасан. 11 цагийн үед засварын блок дотор шалгалт хийгээд явж байтал засварын дарга Очир миний гар утас руу залгаад доор 51 дээр осол гарсан байна гэж хэлэхээр нь би шууд үйлдвэрийн эмнэлэг хүү гүйж очоод нацелик аваад мастер нэгийн машинтай экскаватор 51 рүү очих үед шанаганы хажууд Н.Б-ыг хэвтүүлсэн байсан. Намайг харахад цус гарсан зүйл харагдаагүй. Тэгээд удалгүй сумын эмнэлгийн эмч нар ирээд Б-ыг аваад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал),

 

Гэрч Б.О-ын өгсөн “...Би Дархан-Уул аймгийн ***** суманд үйл ажиллагаа явуулдаг "*-*****" ХК-нд 2021 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би тус уурхайд ээлжийн мастер буюу техникийн засвар хариуцаж ажилладаг. Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр оройн 2 дугаар ээлжээр гарч ажиллах үед шөнийн 01 цагийн үед ЕХ-51 экскаваторын шанага гацаж нээгдэхгүй байна гэх дуудлагыг оператер С-ээс өгсний дагуу шөнийн 03 цагийн үед очиж шалгахад техник ажиллахгүй зогссон байсан. Тойрох үзлэг хийж үзэхэд нүдэнд ил харагдах тос масло болон эвдэрсэн эд анги харагдахгүй байхаар нь уг машины кабинд орж машинчаар нь шороо хутгуулж шалгахад шанага онгойхгүй байсан. Тэгэхээр нь шанагыг тал шороотой байх үед онгойлгож үзэхэд онгойж байсан. Шанага дэлгээтэй байх үедээ автоматаар өөрөө хаагдах буюу цилиндр нь ажиллахгүй, ерөнхийдөө шанага эвдрэлтэй байсан болохоор машиныг зогсоогоод маргааш засвар үйлчилгээг холбогдох хүмүүсээр хийлгэнэ гэж оператор С-д хэлсэн. Би тухайн өдөр гарч байсан шөнийн 01 буюу уулын даргаар гарч байсан Пүрэвжавд станцаар мэдэгдэж машиныг зогсоолгосон. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөөний наряд дээр ЕХ-51 экскаваторын шанага эвдэрсэн талаар засварын хэсгийн механикуудад бичгээр болон амаар танилцуулсан. Би тухайн шанаганд ямар нэгэн засвар үйлчилгээг хийгээгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал),

 

Гэрч Р.С-ийн өгсөн “...Би Дархан-Уул аймгийн -*** суманд үйл ажиллагаа явуулдаг *****" ХК-нд 2001 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 25 ны оройны 20 цагаас уурхай дээр ээлж аваад өөрийн хариуцан ажилладаг ЕХ-51 эксватард үзлэг хийгээд ажилдаа гарсан. Тэгээд ажиллаж байтал шөнийн 00 цагийн үед миний барьж байсан ЕХ-51 экскаваторын шанага онгойхдоо гацаад байхаар нь би шөнийн 05-д буюу засварчинд мэдэгдсэн. Шөнийн 05 буюу засварчин 03 цагийн үед ирээд экскаваторыг шалгаж үзээд надад одоохондоо мэдэх зүйл алга маргааш дарга нарт танилцуулж байгаад болъё гэж хэлээд та машинаа асаалгүй зогс гэж хэлсэн. Тэгээд би машинаа зогсоогоод өглөөний 08 цагийн үед дараагийн ээлжийн машинч С.С**т шанага гацаад байна цилиндр эвдэрсэн юм шиг байна болгоомжтой байгаарай гэж хэлээд би ажлаасаа буугаад явсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал),

 

Гэрч Н.Лийн өгсөн “...Өглөө 7 цаг 40 минутанд ажил дээрээ очсон. Ээлжийн мастер Б-аас наряд авч 8 цагийн үед ЕХ-51 экскаватор дээр оперотер С.С-ын хамт очиход шанага эвдрэлтэй зогссон байсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад засварын хэсгийн ахлах механик Б.А ирж экскаваторд үзлэг хийж байгаад явсан. Ахлах механик Б.А 11 цагийн үед засварчин Т.У, Н.Б, Б.Г нарын хамт ирж шанаганы засварын үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид нар хамт ажиллаж байсан. Шанаганы пальцийг авах гэхэд сугарахгүй байсан. Тэгээд удалгүй С.С  машинд орж суугаад асаах үйлдэл хийсэн Б.А , Н.Б , Т.У бид нар шанагаас 1 метр гаран зайнд зогсож байсан. Ахлах механик Б.А машинч С.С т ямар нэгэн дохио өгөөгүй байхад машин асаж шанага газраас өргөгдөхөд шанага дотор нэг зүйл унах чимээ гарсан. Тэгээд шанагыг дэлгэхэд газарт хамгаалах малгай буюу каск газарт унах үед засварчин Н.Б  каскийг авах гэж байтал шанага хаагдаж бүсэлхий хэсгээр нь хавчихаар нь би машинч С.С т хандан гараараа даллаж дэлгэх бөгөөд хөдөлгөөн зогсоох үйлдэл хийх талаар дохиог өгсөн. Тэгээд Н.Б  хавчуулагдаж шанага дэлгэгдэхгүй ойролцоогоор 5 минут болсон. Машинч С.С экскаваторыг унтрааж асаасаны дараа шанага дэлгэгдэж Н.Б т газарт унах үед би түүнийг аюулгүй цэгт гаргаж анхны тусламж үзүүлсэн. Удалгүй уурхайн эмч болон сумын эмч нар ирсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал),

 

Гэрч Т.У йн өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 7 цагт босоод, цай ундаа уучихаад 7 цаг 20 минутад ажил руугаа ажилчдын автобусаар яваад, уурхай руу 07 цаг 30 минутад ажлын байрандаа очсон. 07 цаг 40 минутад уурхайн авто засварын хэсгийн нарядын өрөөнд суугаад, Экскаватор 47-ийн гидрын шаланк солих, экскаватор 51-ийн шанаганы цилиндрийн пайлкыг солих наряд аваад, нарядын бүртгэлд гарын үсэг зурсан. 09 цаг ажилдаа гараад засварын машинаар экскаватор 51 рүү ахлах механик Б.А ын хамтаар очих уг экскаватор ажиллаж байхаар нь оношилгоо хийхээр уг экскаваторыг зогсоогоод оношилгоо хийчхээд 10 цаг 30 минутад завсарын хэсэгт ирээд, экскаватор 51-ийг завсар үйлчилгээ хийх багаж бэлдчихээд ахлах механик Б.А , засварчин Н.Б , Б.Г  бид 4 завсар үйлчилгээ хийх экскаватор 51 байсан газарт очиход уг экскаватор нь ажлаа зогсож байсан юм. Ахлах механикч Б.А зааварчилгаагаар уг экскаваторын шанаганы пайлцийн тагийг тайлж авахаар боолтууд тайлаад, тагийг нь сугалж авах гэхэд дийлдэхгүй байхад ахлах механик Б.А экскаваторын операторчин С.С нар ярилцаж байхад экскаваторыг хөдөлгөж үзэхээр болоод С.С  экскаваторыг асаагаад, шанагыг газраас бага зэргээр дээш нь өргөх явцад шанаган дотор байсан каск малгай газарт унахад Н.Б  уг каск малгайг авахаар экскаваторын шанаганы дэлгэсэн хэсэгт очиж авах явцад экскаваторын шанага буцаж хумигдахад явцад тэрээр шанаганд хавчуулагдсан. Тэгээд бид нар шанаганд хавчуулагдсан Н.Б ыг гаргаж авахаар 5 минутад оролдож байгаад экскаваторын операторчин шанагаа дээш өргөөд дэлгэхэд шанаган онгойж, Н.Б  газар унахаар нь бид нар түүнийг өргөж, экскаваторын шанаганаас холдуулж газарт тавьсны дараа Б. танцаар эмч дуудсан. Удалгүй эмч хүрч ирж, үзээд ****  сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал),

 

Гэрч Б.Г ийн өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 06 цаг өнгөрч байхад босоод, цай ундаа уучхаад 7 цаг 20 минутад ажилчдын автобусанд суугаад уурхайд очсон. 08 цагт аваад экскаватор 48 болон өөр нэг экскаваторт засвар хийх наряд аваад, ажилдаа гарсан. Би экскаватор 48-ийн шаланкыг боож, дуусаад 10 цаг өнгөрч байхад засврын хэсэгт ирэхэд ахлах механикч Б.А надад хэлэхдээ экскаваторын шанага янзалчхаад ирье гээд Б.А , Т.Ур , Н.Б  бид 4 машинаар карьер дотор байсан экскаватор 51-ийн байсан газарт очиход экскаватор ажиллаж байгаад шанагаа эргүүлж хараад, газарт тавиад зогссон. Бид нар 19, 17 түлхүүрээр экскаваторын шанаганы түгжээний тагийн боолтыг тайлж, тагийг аваад, түгжээний тулкийг авах гээд оролдоод дийлээгүй байсан юм. Тэгсэн ахлах механик Б.А намайг том чулуу аваад ир гээд байхаар нь чулуу авчхаар экскаваторын араар тойрч яваад, бие засаад, том чулуу өнхрүүлээд явж байхад хүмүүс орилоод байхаар нь өнхрүүлж байсан чулуугаа орхичхоод ахлах механик Б.А ын хажууд ирээд харахад экскаваторын шанаганд хүн хавчуулагдчихсан 2 хөл нь харагдаж байсан юм. Тэгээд бид нар Н.Б ыг шанаганаас гаргах гээд оролдож байхад Б.А  шанагаа онгойлгооч гээд орхиход экскаваторын жолооч нь шанагаа бага зэргийн дээш нь өргөхөд шанага нь онгойход Н.Б  газарт унахаар нь бид нар түүнийг өргөж шанаган доороос холдуулсан. Тэгээд удалгүй түргэний машин хүрч ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал),

 

Гэрч П.Ж ын өгсөн “...Би сайн мэднэ. Уг машин нь гидрийн насостай түүгээрээ шингэнийг хуваарилагчаар дамжуулж цилиндр лүү шахна. Цилиндр нь речакийг хөдөлөгсний үндсэн дээр буцах давших хөдөлгөөн хийнэ. Ингэж ажил гүйцэтгэдэг машин юм. Уг машины шанага нь шанаганы таг, шанага гэх 2 хэсгээс бүтдэг. Шанаганы таг гэдэг нь шанаганы ар талтай нугасан холбоогоор холбогдоно. Үйлчилгээ буюу тос тосолгоо дутуу хийгдсэнээс болж пальц нь гацах магадлалтай. Шанаганы тагийг онгойлгох гидр цилиндр лүү речакийг хөдөлгөснөөр цилинд рүү шингэн шахагдаж таг хаагдана. Речакийг нөгөө тийш татахад таг нээгдэнэ. Машиныг унтрааж шанагыг зөв байрлуулж үзлэг үйлчилгээг явуулна. Хамгийн эхэнд пальцийг сугалж аваад дараагаар цилиндрийг авах ажил хийгдэнэ. Шаардлагатай гэж үзвэл завсар хариуцсан механик оперотерт камонд өгч хөдөлгөж эвдрэлийг арилгах талаар ажиллана” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал),

 

Шүүгдэгч Б.А ын өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед *** ХК-ний механик засварын хэсэг дээр очоод өглөөний наряданд сууж байхад ахлах инженер Х.Б 2024 оны 01 дүгээр сарын 25-ны орой экскаватор 51 шанага онгойхгүй байна гэх гэмтлээр зогссон байна очиж засварла гэж надад бичгээр наряд өгсөн. Би өөрийн хариуцан ажилладаг Н.Б , Т.У , Б.Г нарт экскаватор 51-ийн шанаганы цилиндрт оношилгоо хийх талаар 08 цагийн үед наряд өгч гарын үсэг зуруулсан. Тэгээд би 09 цагийн үед засварчин Т.У ыг дагуулан экскаватор 51 рүү очиж шанаганы цилиндрт очиж оношилгоо хийхэд шанага онгойлгогч хоёр цилиндрийн нэг нь ажиллахгүй эвдрэлтэй байсан тул хэсгийн дарга О-д утсаар мэдэгдэж цилиндрийг тайлж авахаар болсон. Би 10 цаг 30 минутын үед засварчин Т.У , Н.Б , Б.Г йн нарын хамт экскаватор 51 дээр очиж засварын ажлыг эхлүүлсэн. Экскаватор 51-ийн шанага онгойлгогчийн цилиндрийн пальцний даруулга боолтуудыг тайлж байхад миний өмсөж байсан каск унаад байхаар нь би каск малгайгаа шанаганы баруун талын захын шүдэн дээр тавьсан. Пальцийг сугалах үйлдэл хийх үед пальц хөдөлгөөнгүй байсан тул би машинч С.С тай ярилцаж экскаватор 51-ийг асааж шанагыг бага зэрэг хөдөлгөж пальцийг сугалж авъя гэж ярилцаж байхад миний гар утас дугарсан. Би утсаа аваад ярих үед С.С экскаватор 51-ийг асаагаад шанагыг миний дохиогүйгээр өргөсөн. Би утсаар ярьж байсан болохоор яагаад өргөчихвөө гэж гайхаад эргэж хараад шанага руу ойртох үед миний цагаан өнгийн каск шанага руу унаж байхыг хараад өө каск гэж уулга алдах үед засварчин Н.Б   шанаганы доогуур орсон тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Би боль гэж хэлж амжаагүй Н.Б  шанаганд хавчуулагдсан. Тэгээд би С.С  руу хандаж шанага нээх дохио өгөхөд шанага нээгдэхгүй байсан. Тэгээд бид нар шанагийг лоомоор хөшиж онгойлгох гэж оролдсон боловч чадахгүй байсан. С.С  машинаа унтрааж асаагаад шанагыг нээж Н.Б ыг гаргаж авсан. Тэгээд эмч нар ирээд Н.Б ыг аваад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал),

 

            Гэрч С.С ын өгсөн “... Би Дархан-Уул аймгийн  *****  суманд үйл ажиллагаа явуулдаг  *****” ХК-нд 2005 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би тус компанид 2006 оноос хойш экскаваторын машинчаар ажиллаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутанд нарядаа авч гарын үсэг зуран 08 цагийн үед уурхайн үндсэн мөргөцөгт байрлах экскаватор 51 дээр очих үед шанага онгойхгүй гэх эвдрэлээр зогссон байсан. Тэгээд байж байтал 09 цагийн үед засварын хэсгийн ахлах механик Б.А  ирэх үед би очиж уулзан цилиндр гацсан талаар хэлж экскаваторын кабенд орж шанагаа хөдөлгө гэж хэлээд ямар гэмтэл байгаа талаар үзлэг хийгээд гараад явсан. Тэгээд 10 цагийн үед Б.А өөрөөсөө гадна 3 засварчины хамт экскаватор дээр ирэхэд би шанагыг газарт байрлуулаад экскаваторыг унтрааж засвар хийхэд бэлтгэж тавиад засварын багийнхантай хамт би өөрийн туслах Л  бид хоёр шанаганы тагийг тайлалцсан. Засварчин Н.Б  шанаган дээр гарч цилиндрийн даруулганы боолтыг тайлан бууж ирээд лоомоор цилиндрийн пальцыг хөшиж үзээд энэ гарахааргүй дарагдсан байна гэж хэлсэн. Тэгтэл ахлах механик Б.А  надад хандан та экскаватораа асаагаад шанагаа хөдөлгөөдөх гэж хэлэхэд би экскаватор руу гарах үед засварчид болон манай туслах бүгд шанаганаас зайтай байсан. Би экскаватор руу гараад дуут дохио өгсөний дараагаар би шанагийг урагш хойш хөдөлгөх үед шанага дэлгэгдээд буцаад шанага өөрөө хаагдах үед Б.А  миний сохор тал буюу үл харагдах талаас гарч ирээд онгойлго гээд орилсон би сандраад шанагыг дахин дэлгэх гэж оролдох үед шанага эвдэрсэн байсан болохоор дэлгэгдээгүй тухайн үед экскаваторын левер ассан байсан болохоор экскаватор ямар ч удирдлагагүй болсон. Би экскаваторыг унтраагаад дахин асаагаад шанагийг бага зэрэг өргөн шанагыг онгойлгон хүнийг гарган авсан. Би бууж очоод яагаад шанага руу орж байгаан бэ? гэж Б.А-аас асуухад юу ч дугарахгүй байсан. Б.А-ын хажууд байсан засварчин залуу Б.А-ын каск шанага руу уначихсан юм. Тэгээд тэр шанага дэлгэгдэх үеэр Н.Б  гүйж ороод каскыг авах гэж байгаад хавчуулагдсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал),

           

            2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/01 дугаартай “... Хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахт заалтад “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж, 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” гэж, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм.” MNS4969:2000 стандартын 4. "Үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт" хэсгийн 4.5 дахь заалтад “урьдчилсан зааварчлагыг ... уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө", 4.9 дэх заалтад “ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байр хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.” гэж тус тус заасан. Харин ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгыг ажил эхлэхийн өмнө бичгээр өгөхөөр заасан ч уг зааварчилгыг хэн өгөх талаар стандартад зааж зохицуулаагүй байна.

 

Хохирогч Н.Б т ажлын байрны урьдчилсан зааварчилгааг компанийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал хариуцсан инженер, хэсгийн дарга, хүний нөөцийн ажилтан нар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, ээлжит давтан зааварчилгааг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн байна. *** ХК-ийн Гүйцэтгэх захиралын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/85 тоот тушаалын хавсралт "Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам"-ын 2.1.9 дэх заалтад “ажилтнуудын ирцийг бүртгэх, мэргэжлийн шаардлага хангагдаж байгаа эсэх, наряд авч буй ажилтнуудад ажлыг аюулгүй гүйцэтгэх заавар, зааварчилгаа хангалттай өгөгдсөн зэргийг хариуцах", 2.2.3 дахь заалтад "Наряд өгөх үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд болон ажлыг аюулгүй хийж гүйцэтгэх арга хэмжээ авсан байдлыг хариуцах” гэж анхан шатны удирдах ажилтан буюу ахлах механикийн үүргийг тодорхойлсон. Механик засварын хэсгийн ахлах механик Б.А нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус хэсгийн засварчин Н.Б  болон Т.У , Б.Г нарт нарядаар ажлын даалгавар өгөхдөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан ба үүнд механик хэсгийн ахлах инженер Х.Б  хяналт тавьж гарын үсэг зурсан байна.

Хохирогч Н.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *** ХК- ийн Механик засварын хэсгийн ахлах механик Б.А-аас ЕX51 экскаваторын шанага онгойлогчийн цилиндр оношлогоо хийх ажлын нарядыг У , Б.Г нарын хамт авч аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажилд гарсан байна. Энэ ажил нь бичгээр буюу ажлын нарядаар гүйцэтгэхээр даалгасан ажил бөгөөд Механик засварын хэсгийн засварчны ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн “Ажлын байрны 2.1 дахь үндсэн зорилтын хүрээнд хийх ажлын 2.1.1 дэх заалтад “Өдөр тутмын ажлын даалгаврыг хариуцсан засварын механикаас заавал бичгээр авч ажилд гарна. Зарим тохиолдолд ажлын явцын дундуур нэмэлт даалгаврыг амаар авч болно" гэж зохицуулсан байна. Мөн *** ХК-ийн Гүйцэтгэх захиралын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/85 тоот тушаалын хавсралт “Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам”-ын 1.4.3 дахь заалтад “анхан шатны удирдах ажилтан- наряд өгөх эрх бүхий ажилтан", 1.4.2 дахь заалтад “эрх бүхий хэлтэс хэсэг, нэгжийн дарга анхан шатны удирдах ажилтнаас ажилтан буюу ажилтнуудад /бригад/ бичгээр өгсөн ажил гүйцэтгэх даалгавар", 2.1.7 дахь хэсэгт “ажилтнуудад наряд өгөх” гэж тус тус заасан.

*** ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/85 дугаар тушаалын хавсралт "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох ашиглах журам /ХЭМАБХ-Ж22-01-15/"-ын 3.8 дахь заалтад "Ажилтанд хувийн хамгаалах хэрэгсэл олгох бүрт "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олголтын бүртгэлийн хуудас"-т тэмдэглэл хийж, гарын үсэг зуруулан олгоно" гэж заасан. Хохирогч Н.Б-ын "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олголтын бүртгэлийн хуудас"-т нүдний шил, каск, зуны комбинзон, усны гутал, зуны комбинзон, өвлийн норм, өвлийн хантааз, өвлийн гутал зэргийг олгохоор бичигдсэн ч ажилтан хүлээн авсан гарын үсэг байхгүй, шалгаж хянасан хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтны гарын үсэг зурагдаж баталгаажаагүй байна. ** ХК-аас дээрх төрлийн НІТАСНІ-1900 маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагааны зааврыг баталж мөрдүүлээгүй байна. Засвар үйлчилгээ явуулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 3.7 Засварын ажил хэсгийн 222 дахь заалт "Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан, цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө.” болон ***** ХК-ийн "Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах журам ХЭМАБХ-Ж22-01-04"-ын 1.4.2, 1.4.3, 2.1, 2.2 заалтууд "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар МЗХ-ААЗ 23-08-23"- ын 2,12,29,43, дахь заалтыг, "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох ашиглах журам /ХЭМАБХ-Ж22-01-15/"-ын 2.6.1, 2.7.2, 2.8.1, 2.8.2 заалтыг мөрдөн ажиллаж байсан.

Хохирогч Н.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** ХК-ийн "Механик засварын хэсгийн засварчны ажлын байрны тодорхойлолт"-той танилцсан. Уг ажлын байр нь *** ХК-аас баталсан "Механик засварын хэсгийн засварчны ажлын байрны тодорхойлолт"-ын "Б.Чиг үүрэг” хэсэгт зааснаар уулын машин механизмын эд анги, агрегатын төрөл бүрийн эвдрэл гэмтлийг оношилж, тухайн гэмтэлд тохирсон засвар үйлчилгээг зохион байгуулж явуулах, автомашины ажиллах хугацааг уртасгах техник үйлчилгээг стандарт нормативын дагуу хийх, компанийн удирдлагын зүгээс өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх чиг үүрэг бүхий үндсэн зорилготой болно. Осол болох үед уулын ЕX51 экскаваторын шанаганы цилиндрт гэмтлийн оношилгоо засвар хийхээр ажлын наряд авч хийж гүйцэтгэж байсан нь уг ажлын байрны зорилготой нийцэж, Механик засварын хэсгийн засварчны ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны 2.1 дэх үндсэн зорилт”-ын хүрээний 2.1.2 дахь заалтад "Засварын механикийн өгсөн даалгаврын дагуу тухайн техник тоног төхөөрөмжинд техникийн үзлэг, үйлчилгээ хийх, эвдэрсэн тохиолдолд эвдрэл гэмтлийг олж илэрүүлэх, оношлох, засварлах ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Иймээс уг ажил нь засварчны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг мөн болно. *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/85 дугаар тушаалын хавсралт "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох ашиглах журам /ХЭМАБХ-Ж22-01-15/"-ын 2.6.1 дэх заалтад “ажлын байрны аюултай ба хортой хүчин зүйлийн нөлөөллийг багасгах зорилгоор олгосон хувийн хамгаалах хэрэгслийг энэхүү журам болон тухайн хэрэгслийн ашиглалтын зааврын дагуу, ажлын байранд өмсөж хэрэглэх, хадгалах” гэж ажилтны үүргийг тодорхойлсон.

**** ХХК-ийн "Механик засварын хэсгийн ахлах механикийн ажлын байрны тодорхойлолт"-ын 4.3-д "Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болон тусгай зориулалтын хамгаалах хэрэгслийг байнга хэрэглэх, нийт ажилчдад хэрэглэхийг шаардах, хяналт тавих" гэж заасан ба ослын үед экскаваторыг асаах үед ажилтан хамгаалах хэрэгслээ тайлж орхисон байсан ба, энэ асуудал дээр ахлах механик хяналт тавьж ажиллах байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 3.7 Засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалтад “Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан, цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө.” гэж заасан. Дээрх дүрэм журам зөрчигдснөөс засварын ажлын үед ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу зөв хэрэглээгүй, ажлын талбар дээр сул орхисон, хүнд машин механизмын засварын үед машин механизмыг ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан ч ажил удирдагч буюу ахлах механикийн зүгээс аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээг хангалттай авч чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтад “ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх", 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн “Нийтлэг шаардлага"-ын 17 дахь заалтад “ажилтан бүр ажил олгогчийн баталсан жагсаалтын дагуу стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдах ба тэдгээрийг зориулалтын дагуу зөв хэрэглэнэ” гэж заасан. **** ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/85 дугаар тушаалын хавсралт “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох ашиглах журам /ХЭМАБХ-Ж22-01-15/"-ын 2.6.1 дэх заалтад “ажлын байрны аюултай ба хортой хүчин зүйлийн нөлөөллийг багасгах зорилгоор олгосон хувийн хамгаалах хэрэгслийг энэхүү журам болон тухайн хэрэгслийн ашиглалтын зааврын дагуу, ажлын байранд өмсөж хэрэглэх, хадгалах" тодорхойлсон. гэж ажилтны үүргийг *** ХХК-ийн "Механик засварын хэсгийн ахлах механикийн ажлын байрны тодорхойлолт"-ын 4.3-д "Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болон тусгай зориулалтын хамгаалах хэрэгслийг байнга хэрэглэх, нийт ажилчдад хэрэглэхийг шаардах, хяналт тавих" гэж заасан. Засварын ажилын үед тусгай хувцас хамгаалах, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу зөв хэрэглээгүй, хэрэглээнд хяналт тавиагүй нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 3.7 Засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалтад “Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан, цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө.” гэж заасан. Гэтэл тухайн ажлын үед засварын ажлын талбар дээр ажлын хувцас хамгаалах хэрэгслээ тайлж орхисон, экскаваторыг асааж ажиллуулж турших үед техникд хүрэх, ойртохгүй байх талаар ойлгуулаагүй нь ажлыг ахлан удирдаж буй ажилтны зүгээс нэмэлт аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй, осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-95 дахь тал),

 

            Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай “...Амь хохирогчийн биед баруун, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, тайралт, аарцаг ясны хоёрчилсон хугарал, баруун зүүн хөлний булчин болон судас мэдэрлийн урагдал, няцрал шулуун гэдэсний урагдал, зүүн төмсөгний няцрал, хуйхнаг орчмын урагдал, давсагны хананы няцрал, зүүн өгзөгний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1, 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, амь хохирогч нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шок болон цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогчийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй, амь хохирогчийн цусны бүлэг нь АВО системээр OI бүлэг байна, амь хохирогч нь  нас барах үедээ согтолтгүй байжээ” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-127 дахь тал),

 

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай “...Талийгаачийн цус, ходоодны агууламжнаас спиртийн агууламж илрээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Б  гэсэн хаягтай цусны бүлэг нь OI бүлэг байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/90 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн  өвчний түүх  (1 дүгээр хавтаст хэргийн 141-202 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/***** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал),

 

** ХК-ийн өмчлөлийн Хитачи И Экс1900-6 маркийн 69-12 УН улсын дугаартай экскаваторын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),

 

*** ХК-ийн нарядын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дахь тал),

 

** ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/108 дугаартай “Баримт материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн ** ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/23 дугаартай Цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, шинээр ажилд орж буй ажилтны сургалт, зааварчилгааны хяналтын хуудас, сургалтын бүртгэл, сургалтын ирц бүртгэл, зааварчилгаа өгсөн баримт, ** ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/417 дугаартай Туршилтаар ажиллуулах тухай тушаал, *** ХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/723 дугаартай үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, Н.Б***ын дипломын хуулбар, Механик засварын хэсгийн засварчны ажлын байрны тодорхойлолт, *** ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1026 дугаартай албан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Механик засварын хэсгийн хүнд машин механизм хариуцсан ахлах механикийн ажлын байрны тодорхойлолт, Б.А-ын дипломын хуулбар, *** ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1046 дугаартай албан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, механик засварын хэсгийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолт, Х.Б-ын бакалаврын дипломын хуулбар, *** ХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 240 дугаартай ажилд дотроо шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, *** ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/89 дугаартай үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, *** ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай, Уулын үйлдвэрийн хэсгийн цахилгаан экскаваторын машинчийн ажлын байрны тодорхойлолт, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, Б.А-ын гараар бичсэн тодорхойлолт, С.С-ын гараар бичсэн тодорхойлолт, Т.У-ийн гараар бичсэн тодорхойлолт, Н.Л-йн гараар бичсэн тодорхойлолт, 202401261325 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, *** ХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/723 дугаартай үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, Ажилтнуудыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах журам сургалтын шалгалтын хуудас, Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар, Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар,  (1 дүгээр хавтаст хэргийн 228-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-52, 53-93 дахь тал),

 

2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Н-ийг тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол ( 2 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал),

 

2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “...Б.А-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох” тухай мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал),

 

Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн өгсөн “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508 дугаар зүйлийн 508.4-т зааснаар 2019 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн том хүү Б.Т , 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн бага хүү Б.Т  нарыг 18 насанд хүртэл сар бүр 650,000 төгрөгийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 138,600,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2025/02 дугаартай "...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь *** ХК-ийн уурхайн талбайд НІТАСНІ-1900 маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийх явцдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын хамтарсан А/231, А/368 дугаар тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 3.7 ЗАСВАРЫН АЖИЛ 222. дахь (Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан, цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө.) заалтыг, **** ХК-ийн 2023 онд баталсан "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар" (МЗХ-ААЗ 23-01-01)-ын Ерөнхий шаардлага 18. дахь (Ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ чихэвчний хөгжим хэрэглэх, сонсгол бууруулсан чихэвч зүүх, байгууллагад тогтоосон журмаас гадуур радио холбоогоор болон гар утсаар ярих, ашиглах зэрэг анхаарал сарниулах, үйлдэл хийхийг хориглоно.) гэсэн заалтыг, мөн шаардлагын 23. дахь Ачаа буулгаж байгаа автомашин, ажиллаж байгаа хүнд механизмаас 5м-ийн доторх үйлчлэх хүрээнд хүн байлгахыг хориглоно Ажиллаж байгаа хүнд механизмын, гидро тоноглол, шат тавцан дээр гарах, зогсож явахыг хориглоно.) гэсэн заалтыг, Засварын ажилд бэлтгэх аюулгүй ажиллагаа 29. дэх (Мастерын өгсөн даалгаврын дагуу тогтоосон байр талбай (засварын газар, гарж, задгай талбай гэх мэт цаашид засварын байр гэх)-д уурхайн технологийн тээвэр хүнд даацын машин, автогрейдер, дугуйт ачигч (цаашид тоног төхөөрөмж гэх)-д засвар, үйлчилгээ, тосолгоог хийнэ. Ажлын даалгаврын бус ажил хийх гүйцэтгэхийг хориглоно.) гэсэн заалт, Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 43. дахь (Мастер буюу ажил ахлах засварчин нь засварын ажил эхлэхийн өмнө нэг машин механизм дээр засварын ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтнуудад ажлын арга технологи, дараалал, уялдааг тодотгон таниулж, тэдгээрийг хоорондоо дуут дохио хэрэглэх, амаар болон дохиогоор харилцах харилцааг тохиролцон ойлгуулна.) гэсэн заалтыг, Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 57 (Агергатын хүнд эд анги задлах, угсрах, зэрэг их хүч даралт шаардагдах ажилд гидро шахуурга, сугалагч, зэрэг зориулалтын зөөврийн болон суурин тоног төхөөрөмж ашиглана.) гэсэн заалтыг Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 58 (Механизмын хөдөлгөөнтэй (өөрөө буулгагчийн кузов, шасси, цилиндр болон дугуй, бульдозер, авто ачигчийн их бие, хүрз, шанаганы гар рамны хооронд гэх мэт) хэргүүдийн хооронд буюу хүний хөдөлгөөн хязгаарлах хавчигдах аюултай орчинд гар, сарвуу, биеийнхээ бусад хэсгийг оруулахыг хориглоно.) гэсэн заалтыг механик засварын хэсгийн ахлах механик Б.А, экскаваторын машинч С.С, амь хохирогч Н.Б  нар нь тус тус хэрэгжүүлээгүй байна. "**** ХК-ийн 2023 онд баталсан "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар" (МЗХ-ААЗ 23-01-01)-ын Ерөнхий шаардлагын 23 (Ачаа буулгаж байгаа автомашин, ажиллаж байгаа хүнд механизмаас 5м-ийн доторх үйлчлэх хүрээнд хүн байлгахыг хориглоно. Ажиллаж байгаа хүнд механизмын, гидро тоноглол, шат тавцан дээр гарах, зогсож явахыг хориглоно.) гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй экскаваторын сохор бүсэд хүмүүс байхад экскаваторыг асааж, шанага өргөх, шанагыг нээх хаах үйлдлийг хийсэн байна" гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 92-98 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт : 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр экскаваторын 51 шанага эвдрээд ажил зогссон нөхцөл байдалтай байсан. Экскаваторын 51 дээр очоод байж байтал засварын хэсгийн ахлан механикч Б.А орж ирээд үзлэг хийгээд шанага болохгүй байна гэж дүгнэлт хийгээд гараад явсан. Тэгээд 10 цагийн үед орж ирээд цилиндрийг нь авахаар боллоо гэж хэлэхэд нь би машинаас буусан. Б.А  нь өөрөөсөө гадна нь 3 засварчны хамт экскаватор дээр ирээд би шанагыг газарт байрлуулаад унтрааж засвар хийхэд бэлтгэж тавиад засварын багийнхантай хамт би өөрийн туслах Л   бид хоёр шанагыг тагийг тайлалцсан. Б.А нь пальц гацсан байна. Экскаваторыг асаагаад хөдөлгө гэж хэлээд Б.А  нь хүмүүсээ аваад шанагийн урд зогссон. Би экскаваторыг асаагаад Б.А ыг хуруугаараа дохиход нь шанагыг дээш хөдөлгөсөн. Тэгэх явцад гэнэт орилоод явсан. Юу болсныг тухайн үед би мэдээгүй. Б.А  гүйж ирээд шанагаа онгойлго гэхэд эвдэрсэн байсан шанаг нь онгойхгүй байсан. Тэгэх явцад хүн ороод шанаганд хавчуулагдсан байсан. Экскаваторыг би хөдөлгөхдөө сигнал өгөөд мөн Б.А ын дохиогоор хөдөлгөсөн. Шанаган дээр Б.А-ын каск байсныг би анзаараагүй. Экскаваторыг хөдөлгөхөд каск нь дотогшоо унасан байсан гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С ын өмгөөлөгч Л.Ц , шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Ө.Э  нар цагаатгах байр суурьтай мэтгэлцэж оролцов. Харин шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

 “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон…” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд тооцно. 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг” гэж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл, бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирах, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс тус тус урьдчилан сэргийлж, эрсдэл гарахаас хамгаалах зорилгоор хуульд нийцүүлэн хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм, журам батлан гаргадаг.

 

Тус захиргааны хэм хэмжээний актад заасан заавар, дүрмийг баримталж, хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтан нь дээрх гэмт хэргийн субьект болох ба үүрэг хүлээсэн ажилтан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлд дурдсан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.А  нь *** ХК-д засварын ахлах механикаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтад заасан "ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх", 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А368 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн нийтлэг шаардлага 17 дахь заалт "ажилтан бүр ажил олгогчийн баталсан жагсаалтын дагуу стандартад нийцсэн ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдах ба тэдгээрийг зориулалтын дагуу зөв хэрэглэнэ", 3.7 засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалт "машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө" гэж заасныг,

"****” ХК-ийн 2023 онд баталсан "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар" (МЗХ-ААЗ 23-01-01)-ын Ерөнхий шаардлага 18 дахь заалт ...Ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ чихэвчний хөгжим хэрэглэх, сонсгол бууруулсан чихэвч зүүх, байгууллагад тогтоосон журмаас гадуур радио холбоогоор болон гар утсаар ярих, ашиглах зэрэг анхаарал сарниулах, үйлдэл хийхийг хориглоно... гэсэн,

Мөн шаардлагын 23 дахь заалт  ...Ачаа буулгаж байгаа автомашин, ажиллаж байгаа хүнд механизмаас 5м-ийн доторх үйлчлэх хүрээнд хүн байлгахыг хориглоно Ажиллаж байгаа хүнд механизмын, гидро тоноглол, шат тавцан дээр гарах, зогсож явахыг хориглоно.... гэж,

Засварын ажилд бэлтгэх аюулгүй ажиллагаа 29 дэх заалт ...Мастерын өгсөн даалгаврын дагуу тогтоосон байр талбай (засварын газар, гарж, задгай талбай гэх мэт цаашид засварын байр гэх)-д уурхайн технологийн тээвэр хүнд даацын машин, автогрейдер, дугуйт ачигч (цаашид тоног төхөөрөмж гэх)-д засвар, үйлчилгээ, тосолгоог хийнэ. Ажлын даалгаврын бус ажил хийх гүйцэтгэхийг хориглоно... гэсэн,

Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 43 дахь заалт ...Мастер буюу ажил ахлах засварчин нь засварын ажил эхлэхийн өмнө нэг машин механизм дээр засварын ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтнуудад ажлын арга технологи, дараалал, уялдааг тодотгон таниулж, тэдгээрийг хоорондоо дуут дохио хэрэглэх, амаар болон дохиогоор харилцах харилцааг тохиролцон ойлгуулна... гэсэн,

Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 57 дахь заалт ...Агергатын хүнд эд анги задлах, угсрах, зэрэг их хүч даралт шаардагдах ажилд гидро шахуурга, сугалагч, зэрэг зориулалтын зөөврийн болон суурин тоног төхөөрөмж ашиглана... гэсэн,

 Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 58 дахь заалт ...Механизмын хөдөлгөөнтэй (өөрөө буулгагчийн кузов, шасси, цилиндр болон дугуй, бульдозер, авто ачигчийн их бие, хүрз, шанаганы гар, раммны хооронд гэх мэт) хэсгүүдийн хооронд буюу хүний хөдөлгөөн хязгаарлах хавчигдах аюултай орчинд гар, сарвуу, биеийнхээ бусад хэсгийг оруулахыг хориглоно... гэсэн,

"Ажлын байрны тодорхойлолт"-ын ...Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын талаар 4.2 ХЭБЭА-н хууль, дүрэм журмууд болон байгууллагын хүрээнд мөрдвөл зохих дүрэм журмуудыг мөрдөх, удирдаж буй ажиллагсдад мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,

"****” ХК-ийн 2023 онд баталсан "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар" (МЗХ-ААЗ 23-01-01)-ын Ерөнхий шаардлагын 23  дахь заалт  ... Ачаа буулгаж байгаа автомашин, ажиллаж байгаа хүнд механизмаас 5м-ийн доторх үйлчлэх хүрээнд хүн байлгахыг хориглоно ...Ажиллаж байгаа хүнд механизмын, гидро тоноглол, шат тавцан дээр гарах, зогсож явахыг хориглоно... гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй,

 

Шүүгдэгч **** нь *** ХХК-ны НІТАСНІ-1900 маркийн экскаваторын оператороор ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын хамтарсан А/231, А/368 дугаар тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 3.7 Засварын ажил 222 дахь хэсэг "Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан, цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө” гэсэн заалтыг,

"****” ХК-ийн 2023 онд баталсан "Хүнд машин механизмын засварчны аюулгүй ажиллагааны заавар" (МЗХ-ААЗ 23-01-01)-ын Ерөнхий шаардлага 18 дахь заалт ...Ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ чихэвчний хөгжим хэрэглэх, сонсгол бууруулсан чихэвч зүүх, байгууллагад тогтоосон журмаас гадуур радио холбоогоор болон гар утсаар ярих, ашиглах зэрэг анхаарал сарниулах, үйлдэл хийхийг хориглоно... гэсэн,

Мөн шаардлагын 23 дахь заалт ...Ачаа буулгаж байгаа автомашин, ажиллаж байгаа хүнд механизмаас 5м-ийн доторх үйлчлэх хүрээнд хүн байлгахыг хориглоно, ажиллаж байгаа хүнд механизмын, гидро тоноглол, шат тавцан дээр гарах, зогсож явахыг хориглоно.... гэсэн,

Засварын ажилд бэлтгэх аюулгүй ажиллагаа 29 дэх заалт ...Мастерын өгсөн даалгаврын дагуу тогтоосон байр талбай (засварын газар, гарж, задгай талбай гэх мэт цаашид засварын байр гэх)-д уурхайн технологийн тээвэр хүнд даацын машин, автогрейдер, дугуйт ачигч (цаашид тоног төхөөрөмж гэх)-д засвар, үйлчилгээ, тосолгоог хийнэ. Ажлын даалгаврын бус ажил хийх гүйцэтгэхийг хориглоно... гэсэн,

Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 43 дахь заалт ...Мастер буюу ажил ахлах засварчин нь засварын ажил эхлэхийн өмнө нэг машин механизм дээр засварын ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтнуудад ажлын арга технологи, дараалал, уялдааг тодотгон таниулж, тэдгээрийг хоорондоо дуут дохио хэрэглэх, амаар болон дохиогоор харилцах харилцааг тохиролцон ойлгуулна... гэсэн,

Засварын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага 57 дахь заалт ...Агергатын хүнд эд анги задлах, угсрах, зэрэг их хүч даралт шаардагдах ажилд гидро шахуурга, сугалагч, зэрэг зориулалтын зөөврийн болон суурин тоног төхөөрөмж ашиглана... гэсэн заалтыг тус тус зөрчиж экскаваторын сохор бүсэд ажиллагсад байхад экскаваторыг асааж, шанага өргөх, шанагыг нээх хаах үйлдлийг хийсний улмаас Н.Б нь экскаваторын шанаганд хавчуулагдан нас барсан буюу болгоомжгүйгээр хохироосон нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.

 

Тухайлбал, **** ХК-ний нүүрсний уурхайн талбайд НIТАСНI-1900 маркийн экскаваторын засварын ажлыг хийж гүйцэтгэх ажилтны хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилсан сэргийлэх нөхцөл байдлыг өөрийн хяналтандаа байлгаж шаардлага тавих үүргийг тус компаний засварын ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан ахлах механикийн тушаалаар томилогдсон этгээд болох Б.А нь хүлээх ёстой байна. Тухайн ажил гүйцэтгэх орчин, талбайд эрсдэл ослоос сэргийлж ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй, өөрийн хэрэглэж байгаа хамгаалах малгай /каск/ зохих ёсоор хэрэглээгүй, тайлж экскаваторын шанага дээр тавьсан, техникийг асааж, хөдөлгөж үзэх гэж байгаа бол урьдчилан зааварчилгаа өгч ажилчдийг хамгаалах бүсээс гаргаж аюулгүй болгосны дараа шанага хөдөлгөх арга хэмжээ аваагүй, уг зааварчилгааг өгөх цаг хугацаанд бусадтай гар утсаар ярьж анхаарал сонор сэрэмж алдаж осол гаргах болсон эс үйлдэхүй,

 

Түүнчлэн шүүгдэгч Б.А нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааны холбогдох заалтуудад заасан үүргээ биелүүлж, засварын ажлын явцад учирч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний амь нас эрсдэхгүй байх боломжтой бүхий арга хэмжээг авах байсан боловч түүнийг хэрэгжүүлээгүй,

шүүгдэгч С.С  нь засварын ажлын явц дарааллыг тогтоож хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж аюулгүй байдлыг хангаагүй, нэмэлт зааварчилгаа дохио өгөөгүй байхад буруугаар ойлгон экскаваторыг асааж, дуут дохио өгөлгүй шанагыг өргөж, нээж хаах үйлдэл хийсэн эс үйлдэхүй нь Н.Б ын амь хохирсонтой шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруутай гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч Б.А , С.С  нарыг НІТАСНІ-1900 маркийн экскаваторын шанаганд амь хохирогч Н.Б  нь хавчуулагдаж  хүнд гэмтэл учирч гэмтлийн шок болон цус алдалтын шокын улмаас нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж, 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Иргэний нэхэмжлэгч Б.А  нь 2019 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн том хүү Б.Т , 2022 оны ** дугаар сарын **-ний төрсөн бага хүү Б.Т  нарыг 18 нас хүртэл сар бүр 650,000 төгрөгийг тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: Хүүхдүүдэд төрөөс олгох буюу тэтгэвэр болон цалингийн зөрүүнд 153,000 төгрөг гарсан. Амь хохирогчийн сарын дундаж цалин 1,850,000 төгрөг орчим байсан.

Дээрх зөрүүг хоёр хүүхдийг 18 нас хүрэх хугацааг тооцоод бодоход 28,458,000 төгрөг. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511.5-т зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 114,180,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний нэхэмжлэгч Б.А  нь сэтгэцэд учирсан хохирлыг эрэгтэй хүний дундаж наслалтыг 2023 онд 64 нас, 1 сартай гэж статистик судалгааг амь хохирогчийн өмнөх жил тогтоосон. Амь хохирогч нь нас барах үед 29 нас, 5 сартай байсан тул дээрх дундаж наснаас зөрүүг бодоход 34 нас, 6 сар гарсан.

Эрэгтэй хүний дундаж наслалт /64.1/-ээс талийгаачийн нас /29.5/-ыг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн 114,180,000 төгрөгөөр тооцож, нийт нэхэмжилж буй хохирол 142,638,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Шүүхээс 2019 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү Б.Т , 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг арван найман нас хүртэл сар бүр 153,000 төгрөгөөр тооцож, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэгтгэж нийт 49,572,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хохиролд 114,180,000 төгрөг, нийт 163,752,000 төгрөгийг иргэний хариуцагч *** ХК-аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А**д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хариуцагч *** ХК-ийн захирал Б.М нь шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлах хугацаанд  дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.А, С.С  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч *** ХК-ийн захирал Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-ид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тэтгэмж 60,000,000 төгрөг, оршуулгын зардал 10,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Б.А, С.С нар нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн ** багт үйл ажиллагаа явуулдаг ** ХХК-ны хашаан дотор НITACHI-1900 маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтад заасан “ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх”, 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А368 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн нийтлэг шаардлага 17 дахь заалт “ажилтан бүр ажил олгогчийн баталсан жагсаалтын дагуу стандартад нийцсэн ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдах ба тэдгээрийг зориулалтын дагуу зөв хэрэглэнэ”, 3.7 засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалт “машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө. Засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө” гэж заасан үүргийг тус тус  биелүүлээгүй улмаас Н.Б нь экскаваторын шанаганд хавчуулагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.А , С.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Хуульд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль болон 2019 оны А/231, А368 дугаар зэргийг зөрчсөн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.А, С.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин иргэний нэхэмжлэгч Б.А  нь 142,638,000 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх хохирлыг иргэний хариуцагч н.М  буюу ** ХК-аас гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч С.С  нь ямар нэгэн дохиогүйгээр буюу дүрэм журмыг зөрчиж экскаваторыг асааж, хөдөлгөсөн, нээх, хаах пядал дээр гишгэсний улмаас хүний амь нас хохироосонд буруутай. Шүүгдэгч нарын хувьд хоорондоо ойлголцоогүй асуудал гарч байна. Шүүгдэгч Б.А нь ажиллаж буй бүхий л хүмүүст заавар зөвлөгөө өгч, ойлгуулах ёстой албан тушаалтан гэж ойлгосон. Гэтэл Б.А нь С.С т дохио өгч ойлголцох асуудлыг ойлгуулаагүйгээр буруутай байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар амь хохирогч нь экскаватортай 1-2 метрийн зайд зогссоны улмаас амь насаа алдсан байж болзошгүй баримтууд авагдсан байна. Иргэний хариуцагчийн хувьд илэрхийлэхдээ шүүхийн зүгээс ямар хэмжээний хохирол төлбөр гарна түүнийг бүрэн хариуцна гэх тайлбарыг ирүүлсэн. Иймд иргэний нэхэмжлэлийн хохирол төлбөрийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.С ын өмгөөлөгч: Шүүх хуралдааны явцад үйлчлүүлэгч С.С ыг гэм буруутай байна гэх нотолсон тодорхой төрлийн хөдөлшгүй баримт байхгүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр С.С ыг яллагдагчаар татахаар хойшлуулсан явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэл санаа зорилго зэргийг тогтоосон байх ёстой. С.С ыг дохио өгсөнгүй гэж буруутгаж байна. Техникийн эвдрэл гэмтэлтэй холбогдуулаад осол гарсан нөхцөл байдал тогтоогддог. Дүрэм журамд зааснаар гар утсаар ярьж болохгүй гэж заасан байна. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэ хэрэг гарах болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан гэв.

 

Шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч: Шүүгдэгч Б.А  нь мөрдөн байцаалтын шатнаас авхуулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр нэмэлт арга хэмжээ буюу техникийг асааж байгаад хөдөлгөе гэх дүгнэлтэд хүрсэн. Дохиог оператор дутуу ойлгосны үндсэн дээр экскаваторыг хөдөлгөж асаасан үйлдэл хийснээр С.С  буруутай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ** ХК-ны зүгээс төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэв. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч С.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна. Эд мөрийн баримтаар 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч Б.А , С.С  нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Тусгайлан гаргах санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч: Шүүгдэгч Б.А ын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Б.А  нь бүхий л мэдүүлэг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах арга хэмжээ авах нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан үзээд дээрх байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч С.С ын өмгөөлөгч: Шүүгдэгч С.С  нь гэм буруугаа ойлгож ухамсарласан. Гэмт хэрэг гарахад хоёр шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас гадна нь олон хүчин зүйл нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг гарах болсон. Шүүгдэгч С.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.А , С.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин иргэний хариуцагчаас хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад түүний эс үйлдэхүй нөлөөлсөн хэр хэмжээ, шүүхээс мөнгөн хэмжээгээр тогтоосон хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэх учиртай.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгч Б.А ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 209-213 дахь тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.А , С.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцид “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг удирдлага болголоо.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А , С.С  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , С.С  нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

2.3. Бусад асуудлын талаар

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А овогт Б ын А , Б  овогт С-ын С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.А , С.С нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А , С.С  нарт тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , С.С нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А , С.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А, С.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТ-АМГАЛАН