Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2022/0054

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярт холбогдох захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр Ж.Ганболд нь Даланжаргалан сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ жин тонн хэтрүүлсэн гэх зөрчлийн Авто-23 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Ж.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгалтын хүрээнд хянахадматериалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр Ж.Ганболд нь Даланжаргалан сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ 20,65 тонн илүү тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046539 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ж.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно гэж заасан байхад нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь буруу байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6-д 1,500,000 төгрөг гэж бичсэнийг 150,000 гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Ганболд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр миний бие нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ж.Ганболдод 0046539 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсанд 150,000 төгрөг бичихийг 1,500,000 гэж буруу бичсэн байна.

Иргэн Ж.Ганболд нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 100060000982 тоот дансанд 1,500,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тушаасан байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь 2022 оны 09 сарын 22-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046539 дугаар Шийтгэлийн хуудас-аар холбогдогч Ж.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушаас автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярын гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 0046539 дугаартай Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6-д 1,500,000 төгрөг гэж бичсэнийг 150,000 төгрөг гэж өөрчлөлт оруулахаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0046539 дугаартай Шийтгэлийн хуудас-д өөрчлөлт оруулах тухай 87 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Ууганбаярын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА