Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/285

 

 

Т.С, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч П.Хишигбаяр, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1402 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Хишигбаярын өмгөөлөгч П.Гансүхийн  гаргасан давж заалдах гомдлоор Т.С, М.Б нарт холбогдох эрүүгийн 2006008721464 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 19......... оны ......... дугаар сарын ...........-ны өдөр .............. хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ............ дүүргийн .. дугаар хороо, Тайж 24 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

2. ........................., 19........ оны .... дугаар сарын .......-ны өдөр ....... аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, Баян овоо гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн ......... дугаар хороо, Чулуут 9 дүгээр гудамжны 223 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............../;

 

Т.С, М.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй зочид буудлын орчим иргэн П.Хишигбаярын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б, Т.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............................. нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Б, Т.С нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч М.Б, Т.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Б, Т.С нарт сануулж, шүүгдэгч Т.С нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Т.С нараас 314.218 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Хишигбаярт олгож, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б, Т.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч П.Хишигбаярын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б, Т.С нарыг бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө П.Хишигбаярын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоож, шүүх мөн адил энэ заалтаар гэм буруутайд тооцож байгааг эс зөвшөөрч байгаа юм. Учир нь, шүүгдэгч М.Б, Т.С нар нь миний үйлчлүүлэгчийг дээрэмдэхдээ бүлэглэж, хүч хэрэглэж довтолсон ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2264 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа юм. Шүүгдэгч нар нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед оргон зайлсан, хохирол хор уршигаа бүрэн арилгаагүй зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэх хэрэгтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч П.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд байх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Амартүвшингийн гаргасан дүгнэлтэд “хохирогч П.Хишигбаярын баруун хацар цохиулсанаас болж гэмтэл авсан” гэсэн байдаг. Би 14 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тодорхой заасан байна. Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гээд тодорхой дүгнэсэн байхад яагаад хүч хэрэглэхгүйгээр гэж дүгнэж байна вэ. Хүний биед гэмтэл үүсгээд хүчээр булаагаад авсан байдаг. Тухайн үед шөнийн 23 цаг болсон байсан. Гэрийнхээ ойролцоо би ганцаараа алхаж явсан. Гэтэл гэнэт миний араас хүн гүйж ирээд маш хүчтэй баруун хацар руу цохиод миний цүнхийг булааж авсан. Намайг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед хүч хэрэглэн булааж авсан гэж би үзэж байна. Гэтэл тухайн орчинд камер байгаагүй. Прокурорын зүйлчлэл буруу байсан. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг зүйлийг тодотгож хэлэхийг хүсэж байна. Тухайн үед би С.Зоригийн хэргийг шалгаж байсан төв хорооны нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай ажил эрхэлж байсан. Тухайн газар би 4 хүний хамт байж байгаад гараад явсан. Намайг ганцаараа явж байгааг хэн тэр хоёр этгээдэд мэдээлсэн юм бэ. Миний цүнхэнд байсан эд зүйлийг хааш нь хийсэн юм бэ. Эд зүйлийн үнэлгээг дутуу хийсэн байдаг. Миний цүнхэнд эцэг өвөгдөөс уламжилж ирсэн алтан очир байсан. Тэрийг дутуу үнэлсэн байдаг. Мөн гэмт этгээдүүд Төрийн онц нууцад хамаарах ажил хийж байсан хүний цүнхийг булаагаад явахад Төрийн ордны өрөөний түлхүүр, миний ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт ажилд хамаарах эд зүйлсүүд байсан. Зарим эд зүйлс болох ажлын үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, дэлгүүрийн хөнгөлөлтийн карт гэх мэт зүйлсийг “Тэди” төвийн гадаа байх хогийн саванд аваачиж хийсэн байсан. Энэ хэрэгт холбогдолтой гэмт этгээдүүдийг би өөрөө Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө авсан байна гэдгийг байцаагчид хэлсээр байтал хэрэгт шалгагдаж байх хугацаанд тухайн этгээдүүд оргон зайлсан байдаг. Оргон зайлсан нь ямар учиртай юм бэ. Хэргийг хөнгөрүүлж шийдвэрлээд эдгээр хүмүүст тэнсэх албадлагын арга хэмжээ авсан нь ямар учир шалтгаантай болохыг ойлгохгүй байна. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг давж заалдах гомдол гаргасан байхад хэргийг 5 сарын хугацаанд дарсан. Өмгөөлөгч олон удаа очиж хэрэг хаана явж байгааг асуухаар шүүгчийн туслах Д.Хулан гэх хүн “хэрэг давж заалдах шатны шүүх рүү явчихсан” гэдэг. Давж заалдах шатны шүүхээс асуухаар хэрэг ирээгүй гэдэг. Би олон удаа асуусан. Энэ хэрэгт хамаарал бүхий этгээдүүд хэргийг нуун дарагдуулсан, хөнгөн зүйлчилсэн гэж харагддаг. Холбогдох байгууллагуудад шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Монгол Улсын шүүхийн практикт 5 сар хэргийг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Иймд давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл хөнгөдсөн гэж байна. Хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй гэдэг нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гэж зүйлчилсэн. Анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Хохирлын үнэлгээг хоёр удаа гаргасан байдаг. “Дамно” үнэлгээний компанийн зүгээс ижилсэх төрлийн зураг байхгүй учраас үнэлгээ гараагүй байх. Үүнээс илүү үнэлэх боломж нөхцөл байхгүй байсан учраас үнэлгээг үндэслэлтэй гаргасан гэж үзсэн байгаа. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б, Т.С нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй зочид буудлын орчим иргэн П.Хишигбаярын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б, Т.С нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Т.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэргээс үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2264 дугаартай “...П.Хишигбаярын биед баруун хацрын шонтон, баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн алга, баруун гарын 5-р хурууны зулгаралт, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 112-113/ авагдсан байх бөгөөд энэ байдлаас үзэхэд шүүгдэгч М.Б, Т.С нар нь дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн байж болзошгүй байхад энэ байдлыг шалгаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэж, 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасныг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд албан ёсны тамга дараагүй ирүүлсэн, хохирогч талын гаргасан давж заалдах гомдлыг хэргийн оролцогчдод хуульд заасан хугацаанд танилцуулж, хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1-д “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.” гэж, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчиж, процессийн ноцтой алдаа гаргасныг тэмдэглэж, цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Иймд хохирогч П.Хишигбаярын өмгөөлөгч П.Гансүхын гаргасан давж заалдах гомдлын “...шүүгдэгч М.Б, Т.С нар нь миний үйлчлүүлэгчийг дээрэмдэхдээ бүлэглэж, хүч хэрэглэж довтолсон ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. ...” гэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б, Т.С нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1402 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б, Т.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол М.Б, Т.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ

                  ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ