| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00422/И |
| Дугаар | 156/ШШ2019/00481 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2019/00481
| 2019 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 156/ШШ2019/00481 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00422/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .........................тоот хаягт байрлах, ......... ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...............тоот хаягт оршин суух, Г.С /РД:........../
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Г.С /РД:............/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 27 674 012.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,
хариуцагч Г.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С, Г.С нар нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 646 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих Ссоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан тул нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна, мөн барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Үндсэн зээл 22 593 096.87 төгрөг, хүү 4 914 944.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145 971.53 төгрөг, нотариатын хөлс 20 000 төгрөг, нийт 27 674 012.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 27 674 012.82 төгрөгийг эгч Г.Сийн хамт төлнө, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг төлнө, мөнгөн дүнгийн тооцоолол, барьцааны гэрээ байгуулсан, бүртгүүлсэн дээр маргахгүй. Эцгээс өвлөсөн байшин учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
......... ХХК нь Г.С, Г.С нарт холбогдуулан үндсэн зээл 22 593 096.87 төгрөг, хүү 4 914 944.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145 971.53 төгрөг, нотариатын хөлс 20 000 төгрөг, нийт 27 674 012.82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.С, Г.С нар нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 646 дугаартай зээлийн гэрээ, 646/а дугаартай барьцааны гэрээ байгуулж, 40 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөг хүлээн авсан байна.
Барьцааны гэрээгээр
- улсын бүртгэлийн Г-........... дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Г-............. дугаартай 780 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Г-............ дугаартай 1082 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Ү-.................. дугаартай 32.5 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай 42 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- мөн гэр, гэрийн бусад хөрөнгө, ирээдүйн боруулалтын орлого, бусдаас авах авлага, бараа материал, банк дахь бусад харилцах, хадгаламжийн дансны орлого зэргээр үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг зохих улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 22 593 096.87 төгрөг, хүү 4 914 944.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145 971.53 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд дээр хариуцагч талаас маргаагүй болно.
Хариуцагч нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж хариуцагч талын маргаж буй байр суурийг барьцааны гэрээ хүчин төгөлдөр, зохих улсын бүртгэлд бүртгэгдсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Харин нэхэмжлэгч тал нь барьцааны зүйлийн зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа илэрхийлсэн учир энэ дагуу шийдвэрлэв.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 22 593 096.87 төгрөг, хүү 4 914 944.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145 971.53 төгрөг, нотариатын хөлс 20 000 төгрөг, нийт 27 674 012.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Сд шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, Г.С нараас 27 674 012.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд дараах ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
Үүнд:
- улсын бүртгэлийн Г-.........дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Г-............ дугаартай 780 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Г-............. дугаартай 1082 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай 32.5 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- улсын бүртгэлийн Ү-............ дугаартай 42 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 296 320 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 296 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ